Сэргээгдэх эрчим хүчний ачаар жилд 4.2 их наядыг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчний ачаар жилд 4.2 их наядыг хэмнэнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улс түүхий нүүрс гэх мэт “бохир” түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа билээ. Тэгвэл 2030 он гэхэд олон улсын эрчим хүчний хэрэгцээний 36 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтод хүрснээр дэлхийн эдийн засагт жилд 4.2 их наяд ам.долларыг хэмнэж чадах гэнэ. 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхэд жилд 290 тэрбум ам.доллар зарцуулагдах боловч хүний эрүүл мэнд, газар тариалангийн бохирдлыг багасгаснаар 1.2-4.2 их наяд ам.долларыг жилд хэмнэх боломжтой гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) мэдээлжээ.

Нар, салхи гэх мэт сэргээгдэх эх үүсвэрээс 2014 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 18 орчим хувийг хангасан бол улс орнуудын бодлого, зорилтын дагуу 2030 он гэхэд энэ нь 21 хувьд хүрэх хандлагатай байгаа аж.

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн онд болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралд дэлхийн температурыг Цельсийн 2 С-аас нэмэгдүүлэхгүй байхаар ярилцаж тохиролцсон юм. Үүний тулд олон улс сэргээдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах амлалт өгчээ.

Үүний зэрэгцээ Европын байгаль орчны агентлагаас Европын холбооны сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд 15 хувь байснаа 2014 онд 15.2 хувь болж нэмэгдсэнийг мэдээлжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж