"Зөвлөхүүд хамтдаа" цахим чуулган зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.12.13-нд нийтлэгдсэн

"Зөвлөхүүд хамтдаа" цахим чуулган зохион байгуулна

"Зөвлөхүүд хамтдаа" цахим чуулган зохион байгуулна

Амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг үзэж байхад тэр амжилтыг гаргасан агуу хүнээс гадна түүний амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн, зааж зааварласан, чиглүүлсэн хүмүүс байж таардаг. Тэдгээр хүмүүс нь хөндлөнгөөс харж, амжилттай сайн талыг нь улам илүү товойн гаргаж ирэх арга замуудыг зааж, сул талуудыг нь нээн илрүүлж засаж залруулан төгс болоход нь тусалдаг. АНУ нэг л өдөр баян, чинээлэг орон болчихоогүй. АНУ-ын хөгжилд арвин мэдлэг, өндөр чадвартай зөвлөхүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Монголын түүхийг аваад үзсэн ч Чингис хаан дэргэдээ олон тооны зөвлөхтэй (Тодой Черби, Шихихутуг, Елюй Чуцай гэх мэт) байж, ХIII зууны дэлхийн хаадын дотроос зөвлөхүүдийг хамгийн дээд түвшинд чадамгай ашиглаж дэлхийд нэрээ дуурсгасан эзэнт гүрнийг байгуулж чадсан. Өнгөрсөн зуунд аж үйлдвэр үсрэнгүй хөгжиж, тариан талбай, хөдөө тосгодоос олон зуун сая хүн хот руу шилжин ирж үйлдвэрт ажиллаж эхэлсэн үеэс менежментийн зөвлөх үйлчилгээ бий болсон гэж үздэг. Манай улсын хувьд социализмын бүтээн байгуулалтад бүх үйлдвэр, аж ахуйн газарт орос мэргэжилтнүүд ажиллаж байсан нь тэр үеийн зөвлөх үйлчилгээний нэг хэлбэр юм.

1990 оноос хойш хэсэг хугацаанд олон улсын байгууллагууд, донор орнуудын зөвлөх үйлчилгээ Монголд нэвтэрсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд дотоодын зөвлөх үйлчилгээ бие даан хөгжиж байна. 2011 онд Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ) байгуулагдсан нь нэгэн том алхам болжээ. Уг байгууллага үндэсний зөвлөхүүдийг мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах замаар зөвлөх үйлчилгээний салбарыг мэргэжлийн түвшинд хүргэх зорилготой. Ингэхдээ зөвлөхүүдэд үндэсний болон олон улсын түвшний мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ олгодог болсноор зөвлөх үйлчилгээ зах зээлийн орон зайд бүр албан ёсны болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эхлэлийг тавьжээ.

ММЗИ зөвлөхүүдэд зориулан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр "Зөвлөхүүд хамтдаа" (Consultants Together) форумыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээгээр зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, олон улсын туршлагаас суралцах боломжийг оролцогчиддоо олгох юм.

Бизнест ямар нэг чиглэлээр дагнан зөвлөгөө өгдөг бүх зөвлөхүүдэд энэхүү чуулга уулзалт нээлттэй.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Доржханд, ММЗИ-ийн Ерөнхийлөгч З.Батгэрэлт,  ММЗИ-ийн тэргүүн төлөөлөгч А.Алтантуяа зэрэг дотоодын төлөөлөгчдөөс гадна ОУМЗИ – ийн Зөвлөлийн ерөнхийлөгч Двайт Михаликс, Сингапурын МЗИ-ийн ерөнхийлөгч Лидиа Го, АНУ-ын МЗИ-ийн тэргүүн төлөөлөгч Константинос А.Ставропулос, ОУМЗИ – ийн Зөвлөлийн ТУЗ-ын гишүүн Жехона Ллука зэрэг хүндэт зочид илтгэл танилцуулна.

Та арга хэмжээнд бүртгүүлснээр цахим форумын хөтөлбөр болон хэрхэн оролцох зааврыг цахим хаягаараа хүлээн авах болно.

Бүртгэл 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 15.00 цагт хаагдана.

https://forms.gle/b2BCt7rXpknZLpPx6

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж