АНУ-ын хүнс, эмийн удирдах газар төлөвлөснөөсөө бага зэрэг хожимдож буюу энэ сарын 11-нд хуралдаж, Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн цар тахлын эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон билээ. Улмаар бэлэн болсон вакцинуудыг энэ долоо хоногт багтаан орон даяар тарааж, маргааш/2020.12.14/ гэхэд эхний ээлжийн вакцинжуулалтыг эхлүүлэхээр болжээ.
Иргэд болон вакцин бүтээгчид хүнс, эмийн удирдах газраас яаралтай вакцинд зөвшөөрөл олгохыг шаардсан бөгөөд Цагаан ордны зүгээс ч Pfizer-ийн вакцинд энэ сарын 11-нд багтаан зөвшөөрөл олгохгүй бол дарга Стивен Ханыг огцруулна гэх дарамт үзүүлсэн билээ. Түүнээс гадна өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд өдөр бүр шинээр нас барах хүмүүсийн тоо хоёрдугаар дайны үеийнхээс өндөр байж, тэр байтугай энэ сарын 9-нд ихэр цамхгийн алан хядлагаас олон буюу 3309 хүн цар тахлаар нас барсан нь вакцинд зөвшөөрөл өгөх зайлшгүй шаардлагатайг харуулсан байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй ард түмнийг вакцинжуулах “Operation Warp Speed” хөтөлбөрийн төлөөлөгч генерал Густав Перна “АНУ-ын зарим мужуудын 145 эрүүл мэндийн төвд энэ долоо хоногийн дотор вакцин түгээж, 14-ний өдөр гэхэд вакцинжуулалтыг эхлүүлэх бөгөөд 15-ны өдөр гэхэд дахин 425 төвд вакцин түгээж, 16-нд үлдсэн 66 төвд түгээж дуусна” хэмээн мэдэгджээ.
Ийнхүү эхний ээлжинд түгээж буй вакцин гурван сая хүнийг вакцинжуулахад л хүрэлцэх аж. Энэ нь 300 сая гаруй хүн амтай АНУ-ын хувьд маш бага тоо тул нэн түрүүнд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч нарт вакцин тарих шийдвэр гарсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нийт хүн амыг вакцинжуулах юм байна. цаашлаад дараа жилийн дөрөвдүгээр сар гэхэд нийт хүн амд хангалттай хүрэлцэх вакцин бэлэн болох гэнэ. Бэлэн байгаа вакцины тоо ердөө гуравхан сая байгаа нь хүнс, эмийн удирдах газар зөвшөөрөл өгөхгүй алгуурлах хугацаанд бусад улс орнууд захиалсан вакцинаа их хэмжээгээр нөөцөлж авсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байна.
Pfizer-ийн вакцин бусад цар тахлын вакцинуудтай ижил хоёр тунтай бөгөөд хоёр тунг 21 хоногийн зайтай тариулах ёстой аж. Тарилын эхний тун дархлаа тогтоож эхлэх үйлчилгээтэй бол хоёр дахь тунг тариулснаар биеийн дархлааны систем коронавирусийг бүрэн таньж, дээд зэргээр эсэргүүцэх чадвартай болох гэнэ. Ийнхүү АНУ иргэдээ вакцинжуулж эхэлсэн тав дахь улс болж байна. үүнээс өмнө Нэгдсэн Вант улс, Бахрейн, Канад, Саудын Араб улсууд хэдийн вакцинжуулалтаа эхлүүлсэн билээ.
Өмнө нь энэ сарын 3-нд “Operation Warp Speed” хөтөлбөрийн ерөнхий зөвлөх Монсеф Слауй ирэх оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая америкчуудыг вакцинжуулсан байх боломжтой хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч өдгөө байгаа нөөцөөс харахад энэ төлөвлөгөө биелэх эсэх нь эргэлзээтэй болоод байна.
Гэхдээ Pfizer бол АНУ-ын хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрөл хүссэн ганц вакцин биш билээ. Moderna компани мөн өөрсдийн бүтээсэн ижил технологитой вакциндаа зөвшөөрөл хүссэнийг энэ сарын 17-нд хуралдан шийдэх юм. мөн Moderna компанийн зүгээс АНУ-ын засгийн газарт нэмж 100 сая тун зарахаар болсноо өчигдар/2020.12.12/ зарласан байна.
Эх сурвалж: BBC.COM, BENGIZIA, BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ