Д.НАРАНГЭРЭЛ: МАНАЙ ОРОНД ЭРСДЭЛ, АЮУЛ ӨНДӨР ТҮВШИНД ХЭВЭЭР БАЙГАА
Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл /2020.12.13/ хийлээ. Өчигдөр /2020.12.12/ нийт 14987 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс, нэг хүнээс Covid-19 илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. Батлагдсан нэг тохиолдол Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан сувилагчаас илэрчээ. Энэ сувилагч эмчилгээ үйлчилгээндээ оролцоод, дараагийн ажиглалтдаа шилжсэн 7 дахь өдрөө халдвар илэрсэн.
Улаанбаатар хот,Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цаг халдвар нэмж бүртгэгдээгүй.
- Улаанбаатар-138
- Сэлэнгэ-208
- Дорноговь-31
- Дархан-Уул-45
- Орхон-25
- Говьсүмбэр-4
- Архангай-3
Монгол Улсад дотоодод болон зөөвөрлөгдөн орж ирсэн нийт батлагдсан тохиолдлын тоо 907 боллоо. Үүнээс дотоодын халдвар нь 454. Нийт 907 халдвар авсан хүний 384 хүн эдгэрсэн. 514 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 429, хүндэвтэр 79, хүнд тав, маш хүнд хүн нэг байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчлэгдэж байгаагаагаас хүнд нэг байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
378.541 иргэн тандалтын шинжилгээнд хамрагдлаа. ЗӨСҮТ-ийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж нийт 19 объектын 7,550 м/кв талбайг ариутгасан. Мөн тус төвийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 245, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж 537 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. ЭМЯ болон харьяа байгууллагуудад долоон тусгай дугаар ажиллаж, иргэдэд зөвлөмж өгч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,633 хүн хандаж, зөвлөлөө авсан. 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2,500 гаруй эрүүл мэндийн салбарын ажилтан коронавирусийн халдварын голомтод ажилласан. Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Жишээ нь, БНСУ-ын хувьд цар тахал гарснаас хойш хамгийн олон хүн өнгөрсөн Бямба гарагт бүртгэгдсэн.Хамгийн олон тохиолдол буюу 950 тохиолдлын гурван хүн сүмийн үйл ажиллагаанд оролцсон. Тэнд байсан хүмүүс амны хаалтгүй дуулсан, мөн амттан хувааж идсэн гэдэг өгүүлэмжтэй. Үүнээс үүдэж 32 хүн халдвар авсан. Нэг л хүний, нэг хэсэг хүний хариуцлагагүй байдал улс оронд гарз хохирол учруулж, цаашлаад олон хүний амь насанд эрсдэл учруулахад хүргэж байгааг БНСУ-ын жишээ харуулж байна. Манай улсын хувьд маргаашаас 34 байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх олон байгууллага анхаарлаа сулруулж болохгүй. Гурван талт буюу төр засаг, ААН-үүд, иргэд олон нийтийн хамтын ажиллагаагаар бид халдварыг хохирол багатай даван туулна. Маргааш үйл ажиллагаагаа эхлэх байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай. Манай орон аюулгүй боллоо гэж хэзээ ч бодож болохгүй. Эрсдэлтэй, аюултай түвшинд бид байгаа. Дотоодын халдварын хэд хэдэн багц тохиолдолд байгаа учраас нэг л хүн халдвар авсан байх нь бусад бүх хүнд аюултай, эрсдэлтэй гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй. Маргаашаас эхлэн онцгой анхаарах үе ирж байна. Амны хаалтаа гадаад, дотоод орчинд ч зүүх шаардлагатай. Олон хүн ажилдаа цугларч байгаа учраас албан өрөөндөө ч гэсэн амны хаалтаа зүүж өөсрдийгөө хамгаалаарай. Хүн бүхэн эрсдэлтэй орчинд байгаагаа мартаж болохгүй.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
Цахим орчинд эмнэлгийн ажилчид халдвар авсан тухай мэдээлэл их гарч байгаа учраас энэ талаар тайлбар өгье. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 8,9,10-нд ХӨСҮТ-ийн гурван ажилчин халдвартай нь батлагдсан. Эхний хүн болох шуурхай хариу арга хэмжээний багт байдаг ариутгагч нь халдвартай хүмүүсийг зөөвөрлөн, өрөө болон зөөвөрлөсөн машинд ариутгал хийдэг байсан. Ажлаа гүйцэтгэх явцдаа буюу хамгаалах хувцасаа тайлахдаа алдаа гаргаж, халдвар авсан байж болзошгүй. Түүний ойрын хавьтлын 29 хүнийг тусгаарлсан ба тэдний хоёр дахь давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн арванхоёрдугаар сарын 09-нд халдвар авсан лаборантын хувьд тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лаборотарт ирсэн шинжилгээнүүдийг дугаарлах зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Тусгаарлалтаас гараад гэртээ очоод нэг хоносны дараа халдварт өртсөн байсан. Ажлаа хийж байхдаа халдварт өртсөн байх эрсдэлтэй. Түүний ойрын хавьтлын 44 хүнийг тусгаарлан шинжилгээ авсан, эхний шинжилгээнүүд сөрөг гарсан. Мөн сүрьеэгийн тасгийн туслах сувилагч халдвар авсан. Арванхоёдугаар сарын 7-ныг хүртэл тусгаарлалтад байсан. Өмнө нь байсан сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал. Гэхдээ сэжигтэй тохиолдолд батлагдаагүй онош нь үгүйсгэгдсэн учраас тухайн туслах сувилагч 8,9 нд ажлаа хийж байсан. 9-нд шинжилгээ өгч 10-нд хариу нь эерэг гарсан. Уг ажилтан сүрьеэтэй хүмүүсээс шинжилгээ авах зэрэг бүх л үйл ажиллагаанд оролцдог байсан. Халдварын сэргийлэлтийн дэглэм алдсан. Эмнэлгийн 3 ажилтны ойрын хавьтлын 94 хүнийг ажиглалт тандалт хийж шинжилгээнд хамруулсан ба хариу бүгд сөрөг гарсан. ДЭМБ-аас мэдээлснээр халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудын 14 хувь нь халдвар авсан. Зарим улс оронд 35 хувьд хүрсэн. Манай улсын хувьд эмч, ажилтнуудын 1,9 хувь нь халдварт өртсөн. Эмнэлгийн байгууллагын ажилчдын 16 хувь нь их эмч, 39 хувь нь лаборант, сувилагчид 44 хувь нь туслах ажилчид ариутгагч үйлчлэгч халдвар авсан. Эрүүл мэндийн ажилчид эмнэлгийн орчноос мөн гэр бүлээсээ халдварт өртөх эрсдэлтэй гэж олон улсад үзэж байгаа.Эмнэлгийн орчинд халдвар авах гол шалтгаан нь коронавирусийн халдварын хариу арга хэмжээний явцад өвчлөлүүдээс шинжилгээний сорьц авах явцдаа халдвар авах эрсдэлтэй” гэлээ.
Мөн тэрбээр “Халдварын голомт үүссэн дэгдэлтүүдийг хяналтдаа авах үйл ажиллагааг явуулж байх явцад цаг хугацаа, нутаг дэвсгэрийн байршлын хувьд хоорондоо холбоогүй, алаг цоог өвчлөлүүд гардаг. Иймээс ард түмэн, олон нийт тайвширч болохгүй, сонор сэрэмжээ хэрхэвч алдаж болохгүй. ААН-үүд ажилчдаа боломжтой бол гэрээс нь, цахимаар ажиллуулж аль болох олон хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй” гэдгийг олон нийтэд захилаа.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, December 12, 2020