News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЗАСГИЙН ГАЗАР ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ
Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэл болон халдвар гарсан аймгуудад хатуу хөл хорио тогтоогоод байсныг Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар сулруулах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, маргаашнаас эхлэн нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, 18 байгууллагаас бусад бүх үйл ажиллагааг нээх юм. Үйлчилгээний байгууллагууд 07.00.21.00 цаг хүртэл ажиллана, бүх төрлийн вино, пиво худалдах боломжтой болж байгаа юм. Мөн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг гэнэт нээхгүйгээр үе шаттай нээхээр төлөвлөж байгаа бөгөөд дараагийн ээлжинд үсчин, ТҮЦ зэрэг байгууллагуудыг нээхээр төлөвлөж буй.
Түүнээс гадна халдвар бүртгэгдсэн Сэлэнгэ, Архангай аймгуудын хөл хориог 10 хоногоор сунгаж, цаашид нөхцөл байдлыг ажигласны дараа хөл хориог сунгах эсэхийг дахин шийдвэрлэнэ гэдгийг Засгийн газраас мэдээлсэн юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад олон нийтийн цуглуулсан хурал, танхимын сургалт болон бар, караоке, цахим тоглоомын газар, спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа, урлаг соёлын үйл ажиллагаа зэрэг 18 салбарын үйл ажиллагааг түр хугацаанд хориглож байна. Бусад аж ахуй нэгжийг тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна.
СХД-ИЙН 28-р ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ТОВЛОВ
УИХ-ын 2020 оны сонгуулиар 28 дугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар өнгөрсөн аравдугаар сард бүрэн эрхээсээ татгалзаж, хотын дарга болсон. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн юм. Хуулийн дагуу УИХ тавь хоногийн дотор нөхөн сонгууль явуулах хугацааг товлон зарлах ёстой. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар 28 дугаар тойрог нөхөн сонгууль товлон зарлах тогтоолын төслийг батлав. Ингэхдээ нөхөн сонгуулийг ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар болсон юм.
22-ЫН ТОВЧООН ДЭЭР ИРГЭН АМИА АЛДАВ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутагт байгаа нийслэлийн иргэдийг татах, орон нутгаас нийслэлд гацсан иргэдийг нутаг буцаах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Архангай аймгаас нийслэлд ирж, 22-ын товчоон дээр гацсан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд эрдэнэт хүний алтан амь эрсэдсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйв. Тэрбээр өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим аймагт тэг зогсолт хийсэн. Энэ асуудлыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл олон байсан. Төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо жигдрээгүйгээс зарим алдаа гарсан. УОК онцгойлон анхаарч, хариуцлагаа сайжруулах ёстой. Хүний алтан амь нас хохирсон, ард иргэдийг бухимдуулсанд Монгол Улсын Засгийн газар албан ёсоор уучлал гуйж байна” гэсэн юм.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОВ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэн, Г.Отгонбаяр нь www.iToim.mn сайтын захирал, нийтлэлч, Засгийн газраас нэр дэвшүүлсэн М.Уянгын тухайд Sound Of Mongolia компанийн захирал, УИХ-аас Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, МУСГЗ, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлснийг чуулганаар дэмжиж батлав. Харин нэр дэвшигч МҮОНРТ-ийн дэд захиралаар Ч.Батцэнгэл зөвлөлөөс нэрээс татсан юм.
ТУСГААРЛАЛТЫН 21 ХОНОГИЙГ 14 БОЛГОВ
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ. Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
ЭКС ГИШҮҮН Д.ГАНТУЛГА СУЛЛАГДЖЭЭ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга /2020.12.11/ 409 дүгээр хорих ангиас суллагджээ. Тэрбээр тус ангиас суллагдсан найман хүний нэг нь байжээ. Түүнд өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ