АНУ-ын хүнс, эмийн удирдлагын газраас Covid-19 цар тахлын эсрэг “Pfizer-BioNTech” компанийн гаргасан вакциныг өчигдөр (2020.12.11) баталлаа. АНУ-д 290 мянга гаруй хүн Covid-19 өвчнөөр нас барснаар АНУ-ын хүнс, эмийн удирдлагын газрыг яаралтай тус вакциныг батлахыг Цагаан ордноос хүчтэй шахан шаардаж байв. Цагаан ордноос мэдэгдэхдээ АНУ-ын хүнс, эмийн удирдлагын газрын дарга Стивен Ханыг Covid-19-ийн вакциныг Баасан гаригийн дотор батлахгүй бол суудлаасаа огцрохыг шаардсан байна.
АНУ-д өнгөрсөн Лхагва гаригт 3000 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас барснаар цар тахал эхэлснээс хойш хамгийн олон хүн нас барсан өдөр болсон юм. Улмаар АНУ-ын хүнс, эмийн удирдлагын газраас холбогдох албаны зөвшөөрлөөр Covid-19-ийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Тус газрын удирдах зөвлөлийн 23 гишүүн вакцины халдвараас сэргийлэх үр дүн нь сөрөг нөлөөний эрсдэлээс илүү гэж үзэн батламжлах шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар “Pfizer-BioNTech” компанийн гаргасан вакциныг Их Британи, Канад, Бахрейн, Саудын Араб зэрэг орнуудад батламжлаад байгаа юм.
“Pfizer” компаниас АНУ-д вакциныг зөвшөөрвөл 6.4 сая хүн туныг нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Тус вакциныг нэг хүнд хоёр тунгаар тарих шаардлагатай тул энэ нь зөвхөн гурван сая хүн хүрэлцэх аж. Гэтэл АНУ нь 330 сая хүн амтай. Иймээс вакциныг эхний ээлжинд халдварт өвчинтэй тэмцэж буй эмч, эмнэлгийн 21 сая гаруй ажилчинд тарихаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ВВС, Washington Post
Холбоотой мэдээ