Нийслэлийн Баянгол дүүргийн хоёр, тав, зургадугаар хороонд байрлах 25 дугаар эмийн сан, аравдугаар хороололд “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гадна дулааны шугамд гэмтэл гарсныг өчигдөр /2020.12.11/ шөнө 00.00 цагт засварлаж дуусчээ.
Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч 8А магистраль шугамд өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн гэмтэл гарсан. Холбогдох мэргэжлийн байгууллагууд үүссэн нөхцөл байдалд техникийн шийдлийг боловсруулж, гэмтэл гараад буй уг 500 орчим метр шугамын хоёр талд тусгаарлагч хаалт тавьж хэрэглэгчдийг дахин халаалт доголдох эрсдэл үүсэхээс сэргийлж, ажилласан байна.
Тодруулбал, дулааны шугам задарсны улмаас тэр хавийн орон сууцны айлууд халуун ус, дулаангүй болж, ойролцоох зогсоол дээр тавьсан машин руу халуун ус цацарчээ
Сүүлийн гэмтлийг засварлаж, дүүргэлт хийх явцад одоогоор гэмтэл ажиглагдаагүй байна. Дахин гэнэтийн аваар гарахгүй бол хоёрдугаар хэлхээ буюу хэрэглэгчид руу очих шугамд өнөө шөнөдөө горим тохируулга хийж, Улсын гуравдугаар эмнэлгээс Улаанбаатар палас хүртэлх 61 байр, 21 аж ахуйн нэгж буюу 7000 орчим айл өрхийг бүрэн дулаанаар хангана.
А.СҮРЭН