“Шүүх нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзсэн”

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

“Шүүх нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзсэн”

“Шүүх нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзсэн”

Монголын шүүх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэс эхлээд улстөрчдийг баривчилж, улмаар шүүж, ял оноож “завгүй” ажиллав. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүс цувран шүүгдэж шүүхээр шийтгэгдсэнийхээ өмнө, дараа нь ч “…Монголын шүүх улс төрийн даалгавар гүйцэтгэж, улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна, улс төрийн хоригдлуудыг бий болголоо” гэцгээв. Ийм ойлголт, дүгнэлтийг нийгэмд бий болгосон. Тэгвэл зарим шүүх нь нотлох баримтанд тулгуурлаж, шүүгдэгчдийг үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн зорилго, шинж байхгүй гэсэн тайлбар хийж, үүнийхээ жишээ болгон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шийтгэх тогтоолыг бараг бүхэлд нь “Зууны мэдээ” сонинд нийтлэж байсныг манай уншигчид санаж байгаа байх. Тиймээс бид энэ удаа шүүхийн мэдээллийн жишээ болгосон Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар түүний өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцсаныг толилуулж байна.

-Зууны мэдээ сонинд шүүхээс “Ж.Эрдэнэбат нарын авлига, албан тушаалын гэмт хэрэг 15 хавтас нотлох баримтаар нотлогдсон” гэх нийтлэлд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь гаргасан гэж ойлгосон. Энэ нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гэмт хэрэг үйлдсэн юм байна гэх ойлголтыг төрүүлсэн гэж би боддог. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь бол тодорхой тодорхой хэргийн талаар шүүх ямар шийдвэр гаргасан талаар олон нийтэд мэдээлэл өгөхийг би үгүйсгэдэггүй. Харин хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг бүхэлд нь олон нийтийн хүртээл болгох нь хуулиар хориотой төдийгүй хууль бус үйлдэл. Миний үйлчлүүлэгч Ж.Эрдэнэбатын хэргийн талаар Зурны мэдээ сонины 158 дугаарт нийтлэгдсэнийг би уншсан, бүр нухацтай судлаж үзсэн. Тухайн нийтлэл нь Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсгээс зөвхөн буруутгасан дүгнэлтүүдийг нь л бичсэн байна билээ. Тиймээс үүнийг шүүхийн шийдвэрийн талаарх хийсэн энгийн мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд хэргийн бодит байдлын талаар олон нийтэд буруу ойлголт өгөх зорилгоор зориуд хийгдсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байгаа.

-Хэргийн бодит байдал гэж та юуг хэлж байна вэ? Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан ба зарим нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийн талаар ч нийтлэлд тодорхой дурдсан байдаг.

-Хэргийн бодит байдал гэдэг бол аливаа эрүүгийн хэрэгт заавал тогтоосон байх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчим болгон заасан хууль зүйн ойлголт. Мөрдөгч, прокурорын тухайд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бол шүүхийн тухайд өмгөөлөгч, улсын яллагч /прокурор/-ийн мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчлагдсан. Тэгэхлээр хэргийн бодит байдлыг тогтооход хэд хэдэн чухал зарчим байгааг та бүхэн анзаарч байгаа байх, үүнд мөрдөгч, прокурорын тухайд “яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох”, шүүхийн тухайд “өмгөөлөх, яллах талын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчим. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан Ж.Эрдэнэбат нарыг цагаатгах нотлох баримт, үндэслэлүүдийг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийлгүйгээр зөвхөн тэднийг буруутгаж байгаа үндэслэлүүдээ тусгаж, энэ үндэслэлийг нь нотлож байгаа гэж үзсэн баримтуудыг л нэрлэн заасан байдаг. Зууны мэдээ сонинд гарсан нийтлэл нь бүхэлдээ шүүхийн уг шийдвэрийн үндэслэл болгосон хэсгийг нь энд тэнд нь оруулж бичсэн тул бодит байдалд нийцээгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж үзээд байгаа юм.

-Тэгвэл Ж.Эрдэнэбатыг хэрэг үйлдээгүй, буруугүй гэж үзэх нотлох баримт та бүхэнд байгаа гэсэн үг үү?

-Бидэнд ч байгаа, хэрэгт ч хангалттай байгаа. Шүүх Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор ““Азаргын гол чонот” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан.  “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд, мөн тухайн талбай нь Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад  тус компанид олгосон гэж буруутгасан. Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож тус компанид олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутай болохыг нотолсон хэмээн 54 нотлох баримтыг шийдвэртээ нэрлэн заасан боловч эдгээр 54 баримт дотор дээр дурдсан үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ эдгээр 54 нотлох баримт нь бидний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтууд байна гэж бид үздэг. Учир нь эдгээр нотлох баримт нь тодорхой нэг болсон үйл баримтыг нотлож байгаа болохоос, түүнийг буруутгаад байгаа шүүхийн үндэслэлд дурдсан асуудлуудыг нотлох баримт болж чадахгүй юм.

-Тийм гэж үү? Тухайлбал ямар баримт байгааг хэлж болохуу?

-“Элбэг орд” ХХК-тай холбоотой асуудлын тухайд тус компанийн тусгай зөвшөөрлийг худалдан авсан үйл явдал Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа болсон, мөн тухайн талбайг 2018 сүүл, 2019 оны эхээр улсад буцаан өгсөн болох нь “Элбэг орд” ХХК-ийн захирлын мэдүүлэг, тусгай зөвшөөрөл шилжүүлсэн, буцаан өгсөн баримтуудаар, тус компанид олгосон тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 онд стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан болох нь  Засгийн газрын 2018 оны 300 тогтоол болон бусад баримтуудаар нотлогдож байгаа. Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд УУХЯамны хуулийн хэлтсийн даргын С.Мандахбатын бичгээр өгсөн зөвлөгөө чухал нөлөө үзүүлсэн байдаг. Шүүх түүний өгсөн зөвлөгөөг хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгон, цагаатгасан. С.Мандахбатыг цагаатгасан үндэслэл, нотлох баримт нь Ж.Эрдэнэбат болон бусад шүүгдэгч  нэгэн адил хармааралтай  байхад шүүх энэ асуудалд бодитоор хандаагүй.

ХАМТЫН ШИЙДВЭРИЙГ НЭГ ХҮНД НЬ ТОХООН БУРУУТГАХ НЬ ХУУЛЬ БУС

-Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд ганцаараа дур мэдээд гаргачихдаг гэж би ойлгохгүй байна. Хамтын шийдвэр биш үү. Та энэ талаар тайлбарлаж өгөөч.

-Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлж, тахимын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь Засгийн газрын хуралдаан байдаг. Ж.Эрдэнэбатыг буруутгах үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол нь эдгээр хуулиар тогтоосон танхимын зарчмын үндсэн дээр гарсан. Ж.Эрдэнэбат нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд албан үүргийн дагуу тухайн өдрийн Засгийн газрын хуралдааныг даргалж, тус хуралдаанаас гаргасан 256 дугаартай тогтоолыг албажуулж, гарын үсэг зурсан. Гэтэл шүүх танхимын зохион байгуулалтаар, хамтын зарчмаар хэлэлцэж, шийдвэрлээд гаргасан шийдвэрийг Засгийн газрын нэг гишүүн болох Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид хамаатуулан, уг тогтоолыг ганцаараа гаргасан мэтээр тайлбарлаж, шийдвэрлээд байгааг бид хууль бус гэж үзэж байгаа.

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ ӨНӨӨДӨР ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД ХАЛДАШГҮЙ БАЙДАЛТАЙ УИХ-ЫН ГИШҮҮН МӨН

-Таныхаар иргэн Ж.Эрдэнэбат статусын хувьд өнөөдөр яг хэн бэ? УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн, СЕХ-ны тогтоолоор бол Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон. УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх гэж өөр, өөр ойлголт байх шиг байна.

-УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтаар Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон сонгогчийн санал авч УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон. Сонгуулийн Ерөнхий хороо Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. УИХ гишүүн бол түүнийг сонгосон ард түмэн (сонгогчдын)-ий элч тул сонгуулийн дүн гарснаар УИХ гишүүний халдашгүй байдал үүснэ гэж би үздэг. Харин бүрэн эрхийн тухайд тангараг өргөснөөр үүсдэг бөгөөд халдашгүй байдлаас ялгаатай хууль зүйн ойлголт. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хууль санаачлах, чуулганы болон байнгын хорооны хуралдаанд оролцох, байнгын болон дэд хорооны гишүүн байх гэх мэт хуульд заасан бүрэн эрхийг хамааруулан үздэг.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон, улмаар түүний хэргийг шүүхээр шийдвэрлэж, хорих ял оногдуулсан нь Үндсэн хууль, болон бусад хуульд заасан УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг зөрчсөн зөрчилд хамаарах уу? Ийм тохиолдол Монголын парламентын болон шүүхийн практикт урьд өмнө байсан уу?

-Тухайн үед үйлчилж байсан УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний үндсэн дээр хэргийг нь хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан. Гэтэл прокурорын байгууллага, шүүхээс хуульд заасан журмыг зөрчиж, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг явуулсан. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг баталгаажуулсан Үндсэн хууль болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр хэргийг нь шүүхээр шийдвэрлэж, хорих ял оногдуулж байсан тохиолдол шүүхийн практикт урьд нь нэг удаа гарч байсан. Тэгэхдээ тэр үед бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэж байсан. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр цагдан хорьсон асуудал анхных нь энэ хэрэг дээр гарсан. Энэ зөрчлийн талаар бид УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо болон Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарсан талаарх мэдэгдлийг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн. Манай УИХ-ын дэргэд Монголын парламентын бүлгэм ажилладаг. Энэ бүлгэмээс зургадугаар сард Олон Улсын Парламентын Холбоонд Ж.Эрдэнэбатын асуудлаар гомдол гаргасан юм билээ.

-Нийтлэлд бичигдсэнээр хэргийг шийдвэрлэсэн шүүгч Ж.Эрдэнэбатын УИХ-ын халдашгүй байдлын талаар “…Ж.Эрдэнэбат нь цагдан хоригдох үедээ УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай байсан гэх ч тэр нь эрх зүйн ойлголтын хувьд УИХ-ын гишүүний эрхийг хамгаалдаггүй, харин УИХ-ын үйл ажиллагааны чадамжийг хамгаалдаг. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлыг хувь гишүүнийхээ эрх гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм…” гэж тайлбарласан байдаг. 

-Энэ бол шүүх хуулийг гуйвуулан тайлбарласан хэрэг л дээ. Хууль зүйн хувьд бол хуулийг илтэд буруугаар тайлбарласан зөрчил. Сая таны асуултад дурдсан үндэслэл бол хэргийг шийдвэрлээд гарсан шийтгэх тогтоолд заасан үндэслэл. Харин Ж.Эрдэнэбатыг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “…Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдынх нь хувьд холбогдуулан шалгаж байгаа хэрэгт УИХ-ын гишүүний халдашгүй байдал хамаарахгүй…” гэсэн агуулгатай огт өөр, хууль зүйн хувьд бүр утгагүй үндэслэл заасан байдаг. Нөгөө талаар шүүх тодорхой нотлох баримтад тулгуурлаж, тодорхой хуулийг үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Эрүүгийн эрх зүйд хуулийг төсөөтэй хэрэглэх, таамаглалд үндэслэн хэрэг шийдвэрлэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ олон улсад байдаг жишигт үндэслэж болохгүй гэсэн үг.

-Тэгэхлээр олон улсад тийм жишиг байдаг гэсэн үг үү?

Тэр нь ч бүр худлаа. Парламентын гишүүний халдашгүй байдлыг шүүхийн хийсэн дээрх үндэслэлээр тайлбарлавал үүнийг бусад улсад огт ойлгохгүй. Манай шүүх ингэж тайлбарласан юм аа гэж хэлэхэд ч их хүнд байгаа. Нөгөө бусдын өмнөөс нүүр хийх газар олдохгүй гэдэг л болоод байгаа.

“Өнөөдөр Жаргалтулгын Эрдэнэбатад шүүхээс ял оноосон үйл явц нь тухайн улс төрчийн хувьд маш олон “анхны” гэх тодотголыг үүсгэсэн. Мэдээж халдашгүй эрхтэйгээ хоригдсон  анхны УИХ-ын гишүүн болов. Мөн СЕХ-ны зөвшөөрөлгүй хоригдсон  анхны нэр дэвшигч, 461-ээс сонгогдсон анхны УИХ-ын гишүүн, хамгийн гол нь анхан шатны шүүх дээр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон анхны УИХ-ын гишүүн гэх мэт тодорхойлолт түүнд наалдана”

-Мэдээж хэргийн талаарх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх та бүхний гомдлыг хүлээн авалгүйгээр өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр баталлаа гэж бодъё. Тэгвэл Монгол Улсын шүүхийн процесс дуусч байгаатай адил та бүхний өмгөөлөл мөн дуусах уу? 

-Шүүхээс ямар шийдвэр гарахыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй. Ямар шийдвэр гаргах шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг. Шүүхийн шийдвэрийн зөв бурууг зөвхөн дээд шатны шүүх л тогтоодог хуультай. Энэ бол ганцхан манай улсад ч биш дэлхийн бүх улс оронд байдаг асуудал. Монгол Улсын хувьд шүүхийн эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх гаргана. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэр болгон зөв гарсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт, харин түүнийг хүссэн, хүсээгүй хүлээн зөвшөөрөх зарчим үйлчилдэг. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ үүргийн дагуу хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцид заасан хүрээнд холбогдох Олон улсын байгууллагад гомдол, мэдээлэл гаргах боломжтой гэж бодож байна. 

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТЫН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД УЛС ТӨРИЙН ХҮЧИН ЗҮЙЛС НӨЛӨӨЛСӨН

-Таныхаар Ж.Эрдэнэбатын гэх энэ хэрэг үнэхээр эрүүгийн гэмт хэрэг үү, эсвэл улс төрийн хэрэг үү?

-Гэмт хэргийг зөвхөн эрүүгийн хуулиар тодорхойлдог. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд улс төрийн гэж тусгайлан тодорхойлсон гэмт хэрэг байхгүй. Харин улстөрчдийг улс төрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулан шалгах, эсхүл гаргасан алдаа, зөрчлийг нь улс төрийн зорилгоор гэмт хэрэг болгон шалгах, ял шийтгэх үзэгдэл манай улсад төдийгүй бусад улс орнуудад гарч байгаа. Үүнийг олон нийт улс төрийн хэрэг үзэж тайлбарлах болсон. Өнөөгийн нийгмийн харилцаа, эрх зүйн ухамсрын хүрээнд олон нийтийн дунд бий болсон энэ ойлголтыг үгүйсгэх боломжгүй юм. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр хэрэгт яллаж, шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдал, шүүх хурлыг нь УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед, түүнчлэн УИХ-ын сонгуулийн санал хураалтаас өмнө шийдвэрлэх гэж зүтгэсэн зэрэг байдлаас үзэхэд түүний хэргийг шийдвэрлэхэд улс төрийн шинжтэй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж