Covid-19 өвчний халдвар авсан хүн цус харвах, таталт өгөх, хөдөлгөөний эмгэгтэй болох магадлалтайг судлаачид тогтоожээ. Уг судалгааг Бостоны Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн мэдрэлийн эмгэг судлалын туслах профессор, доктор Приа Ананд удирдсан бөгөөд судалгаа “Neurology: Clinical Practice” сэтгүүлийн Лхагва гаригийн /2020.12.09/ дугаарт нийтлэгдсэн байна.
Бостоны эрүүл мэндийн төвд дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 1-ний хооронд Covid-19 оноштой хэвтэн эмчлүүлсэн 921 хүн дээр судалгаа хийхэд 74 нь мэдрэлийн ямар нэгэн эмгэгийн шинж тэмдэг илэрчээ. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүд бүгд насанд хүрсэн хүмүүс бөгөөд дундаж нас 64 байжээ. Дээрх хүмүүсийн 18 харвалт өгсөн, 15 нь таталт өгсөн, 26 нь тархины үйл ажиллагаа доголдсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин долоо нь хөдөлгөөний дутагдалд орсон байдалтай иржээ.
Мөн дээрх судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 10 нь эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа нь доголдсоны улмаас нас барсан байна. Үлдсэн 64 хүний 27 нь бүрэн эдгэрч гэртээ харьсан бол 20 орчим нь сувилалд үргэлжлүүлэн эмчлүүлж, үлдсэн хүмүүс нь сэргээн засах төвд түр болон удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.
Энэ мэтээр Сovid-19 өвчин тусаад эдгэрсэн ч маш олон өвчтөн дараа дараагийн шатны мэдрэлийн эмчилгээг системтэйгээр хийлгэх шаардлагатай болж байгаа ба тэдэнд үүссэн хүндрэл цаашид хэр удаан үргэлжлэхийг одоогоор эмч мэргэжилтнүүд бүрэн судалж амжаагүй байгаа талаар доктор Ананд анхааруулжээ. Испанийн судлаачдын өнгөрсөн наймдугаар сард үүнтэй төстэй судалгааг явуулсан юм. Тус судалгаанд хамрагдсан хүмүүсийн 57 хувь нь дор хаяж нэг төрлийн мэдрэлийн эмгэгийн шинж илэрч байжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ