Хүний эрхийн өдрийн ГУНИГТ ЯВДЛУУД

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн өдрийн ГУНИГТ ЯВДЛУУД

Хүний эрхийн өдрийн ГУНИГТ ЯВДЛУУД

Олон улсын хүний эрхийн, Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн, зулын 25 гээд  гурван том тэмдэглэлт түүхэн үйл явдал давхцсан өдрийн сюрпиризүүд нь  гишүүн асан М.Билэгтийн хэлсэнчлэн жинхэнээсээ айдас хүйдэс дагуулав.

НЭГЭН ЯВДАЛ

Өнө эртнээс монголчууд зулын 25-ны өдөр амь хөнөөх тухай ярих нь бүү хэл амьтны махаар хийсэн хоол хүнс иддэггүй уламжлалтай.  Тэрчлэн хүний амьд явах эрх бол төрөхийн заяамал эрх. Тиймээс 31 жилийн өмнө Монголд хүний эрх, эрх чөлөө, ардчилал,  улсынхаа жинхэнэ тусгаар тогтнолын төлөө  ардчилсан хувьсгал арванхоёрдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн байдаг.

Гэтэл Засгийн газрын танхимын нэг гишүүн  нь УИХ-ын чуулганы хуралдааны үеэр бага насны охиныг хүчиндсэн этгээдийг цаазаар авах, ялын дээд хэмжээг сэргээх хүсэлтэй байгаагаа Хууль зүйн сайдад уламжилсан нь хамгийн том сюрпириз нь байлаа. Түүний үг Д.Сарангэрэл гэх хувь хүний үг биш Монголын хууль тогтоох байгууллагын цаашлаад Монголын Засгийн газрын байр суурь болж сонсогдоно.  Тэр тусмаа буян хураадаг өдрөөр хүний амь хөнөөх тухай хээв нэг ярьж байгаа нь  Засгийн газрын сайд хүний эрхийн  мэдрэмжгүйгээ харуулаад зогсохгүй хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэхээс сийхгүй  болохоо таниулав.

Д.Сарангэрэл шиг цаазын ялыг сэргээх сонирхолтой улстөрч Монголд цөөнгүй бий. Нэг нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.

Тэрбээр Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш цаазын ялыг сэргээх сонирхлоо ил, далдаар зүтгүүлж ирсэн. Ерөнхийлөгчийн албин хүсэл одоо ч амь бөхтэй хэвээр, хэрэвзээ цаазын ялыг сэргээвэл эхлээд бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг цаазалдаг болно. Дараа нь өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг төрийн өмнөөс бууддаг болно. 1937 оны хэлмэгдүүлэлтээр Монгол Улс 30 мянган хүнээ цаазалсан. МАН одоо ч албан ёсоор уучлалт гуйгаагүй яваа.  Тэгэхээр үзэл бодлын хохирогчид нь Х.Баттулга, Д.Сарангэрэл  хоёр өөрсдөө ч болж мэднэ.  Гэмгүй хүмүүс амиа алдаж, гэмт хэрэгтнүүд ял завшиж болзошгүй.

Жишээлбэл, Завханы Эрдэнэ-Очир гэх хүний хэрэг байна.  Хүний амь хөнөөсөн хэргээр гурван удаа цаазын ял сонссон, сүүлд нь гэм буруугүй болох нь тогтоогдсон байдаг.

НЭГЭН ЯВДАЛ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог эсэргүүцсэн сэтгүүлчийг цар тахлын үеийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаа нар саатуулжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг. Сэтгүүлч хүний эрхийн өдрөөр эрхээ эдлэхийг хүссэн.  Харамсалтай нь, сэтгүүлчийн  баривчилгааны талаар МСНЭ нэг ч үг дуугарсангүй.  МСНЭ хэрэвзээ манай, танай гэж асуудалд хандах юм бол энэ байгууллага тарсан нь дээр.

Цар тахлаар шалтаглан иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд эрх баригчид халдаж буй нь үнэн.  Үнэндээ цар тахлын хууль тогтоомжийг хамгийн их зөрчид нь эрх баригчид, дарга нар өөрсдөө.  Иргэдээ гэрт нь хашчихаад өөрсдөө хувийнхээ лагер дээр наадмаа хийчихдэг удирдагчидтай улс шүү дээ, бид. Тиймээс сэтгүүлч хэн байхаас үл хамаараад түүнийг үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах МСНЭ-ийн үүрэг билээ. МҮОНРТ-ийн сэтгүүлчид бол ердөө хараат бус сэтгүүлзүйг л дарга нараасаа нэхээд байгаа юм шүү дээ.

НЭГЭН ЯВДАЛ

 МСНЭ-ийн ажил үүргийг өчигдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Нүрзэд хийх шив дээ. Гэхдээ түүнд МОНРТ-ийн дотоод хэрэгт оролцох шалтаг, шалтгаан байсан бололтой. Харин ашиг сонирхолгүй учраас л шоронд хоригдож буй улс төрийн 14 хоригдлын тухай, намынхаа кандидатуудын талаар огт дурдсангүй.

Уг нь, МҮОНРТ-ийн хэрүүл, уруулаас илүү өнгөрсөн 30 жил ардчиллыг автороо болгож ирсэн намын хувьд Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчид ядаж л Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн, Олон улсын хүний эрхийн өдрөөр хилс хэргээр ял шийтгэл эдлэж буй улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан бол илүү гоё акц болох байлаа. Ардчилсан нам амьд байгаагаа харуулах байв. Гэвч, өнөөдөр Монголд Ардчилсан нам гэж байхгүй, зөвхөн Х.Баттулгын бүлэглэл гэж бий болсон.  Тиймээс л жинхэнэ эрх нь зөрчигдсөн улс төр хилс хэрэгтнүүдийг дурсахыг, тэднийг өмгөөлөхийг хүсээгүй биз.

  Үндсэндээ,  31 жилийн өмнө Монголд ардчилсан хувьсгал өрнөөгүй бол бүрэн дунд боловсролтой Х.Баттулга тэрбумтан болж, тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадахгүй байлаа. Чухам үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зурагтаар монгол бичиг зааж хийцгүйрэхээс илүүтэй Монголын ардчилсан хувьсгалын төлөө хундага ядаж л мэндчилгээ илгээсэн бол  өдрөөс өдөрт унаж яваа рейтингтээ нэмэх оноо цуглуулах байв.

Ийнхүү олон улсын хүний эрхийн, Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний 31 жилийн ойгоор Ардчилсан намаас хийсэн акц нь хүртэл ашиг сонирхолтой байх гэж.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж