БНХАУ-ын Коронавак вакцины тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Коронавак вакцины тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

БНХАУ-ын Коронавак вакцины тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

Олон улс Covid-19 цар тахлыг дарах үр дүнтэй вакцин гарган авахын тулд идэвхтэй өрсөлдөж байгаа энэ үед БНХАУ дөрвөн ч вакцин бүтээж, тэдний нэг Синовак компанийн бүтээсэн Коронавак вакциныг хэдийн экспортлоод эхэлжээ.

Бээжинд төвтэй Синовак компанийн бүтээсэн Коронавак вакцины эхний ээлж аль хэдийн Индонез улсад хүрсэн бөгөөд цаашид ирэх оны нэгдүгээр сар гэхэд 1.8 сая тун нэмж очихоор болжээ. Гэвч вакцин эцсийн шатны туршилтаа хараахан дуусгаж амжаагүй байгаа юм. Тиймээс вакцины талаар эргэлзээ асуултууд олон бий билээ.

Синовакийн вакцин бусад вакцинаас юугаараа ялгаатай вэ?

Синовак компанийн бүтээсэн Коронавак вакцин бол идэвхгүй төрлийн вакцин юм. Өөрөөр хэлбэл, вакцинд идэвхгүй болгосон вирусний ширхэгүүд агуулагддаг бөгөөд тэдгээр нь биед ормогцоо вирусийн тухай мэдээллийг дархлааны системд таниулах замаар ажилладаг аж.

Харин Moderna, Pfizer компаниудын бүтээсэн вакцинууд бол мРНХ технологи ашигладаг вакцинууд юм. Өөрөөр хэлбэл, вакцинд идэвхгүй вирус өөрөө биш, вирусийн генийн код агуулагддаг гэнэ. Тус генийн код биед ормогц хүний бие тухайн кодыг ашиглан вирусийг биш, вирусийн протейнийг үйлдвэрлэж, түүнийгээ дархлааны системд таниулан, жинхэнэ вирус орж ирэхэд эсэргүүцэх чадвар суулгадаг юм.

Харьцуулж үзвэл Синовакийн вакцин олон жилийн турш хэрэглэсээр ирсэн вакцины уламжлалт аргыг ашигласан тул үр дүн нь илүү баталгаатай хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байна. Харин мРНХ технологи бол цоо шинэ, батлагдаагүй технологи бөгөөд мРНХ технологийн амжилттай болсон жишээ одоохондоо байхгүй тул дархлаа хэр удаан тогтох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Түүнээс гадна Коронавакийн бас нэг давуу тал бол 2-8 хэмийн дулаан бүхий энгийн хөргөгчинд хадгалж болдог чанар юм. Нэгдсэн Вант улсын Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээсэн вирус ч мөн 2-8 хэмийн дулаанд хадгалж болдгоороо давуу талтай билээ. Гэхдээ Коронавакаас ялгаатай нь Оксфордын вакцинд идэвхгүй вирус биш, сармагчны энгийн ханиадны вирусийн генийг коронавирустэй төстэй болгож өөрчилсөн хувилбар агуулагддаг юм. Мөн ОХУ-ын Гамэлея хүрээлэнгийн бүтээсэн Спутник V вакцин ч гэсэн уламжлалт аргаар бүтээгдсэн бөгөөд энгийн хөргөгчинд хадгалах боломжтой гэнэ.

Харин АНУ-ын Moderna компанийн вакциныг -20 хэм, Pfizer компанийн вакциныг -70 хэмд хадгалах ёстой нь гадаад оронд тээвэрлэхэд хүндрэл учруулж байгаа билээ.

Тиймээс Синовак, Оксфорд, Гамэлея компаниудын бүтээсэн вакцинууд -70 хэмийн хөргөгч их хэмжээгээр бэлдэж, тээвэрлэх чадваргүй зарим орнуудад илүү тохиромжтой юм.

Хэр үр дүнтэй вэ?

Хятад вакцины үр дүнг одоохондоо нарийн хэлэхэд бэрх байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Синовакийн вакцины эцсийн шатны туршилт одоо ч дуусаагүй байгаа тул бүрэн тайлан гараагүй, одоохондоо зөвхөн нэг, хоёрдугаар шатны туршилтын үр дүнгийн талаар мэдээлэл л тодорхой болсон байгаа гэнэ.

Тайланг бичсэн эрдэмтдийн нэг Жү Фенцайн мэдээлснээр Коронавак вакцины эхний шатны туршилт 144 хүн хамруулж, хоёр дахь туршилт 600 хүн хамруулсан бөгөөд үр дүн нь яаралтай тусламжийн хөтөлбөр эхлүүлэхэд хангалттай байсан тул эхний ээлжинд сая орчим хүнийг вакцинжуулсан байна.

Вакцины эцсийн шатны туршилт олон оронд үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар ноцтой гаж нөлөө мэдэгдээгүй гэнэ. Мөн зарим эх сурвалжуудын урьдчилан мэдээлж байгаагаар вакцин 85-97 хувийн үр дүнтэй байгаа бөгөөд эцсийн тайланг энэ сарын 15-наас өмнө бэлэн болно хэмээн таамаглаж байгаа аж.

Жилд хэчнээн тун үйлдвэрлэж чадах вэ?

Синовак компани шинээр ашиглалтад оруулсан 20 мянган метр.кв талбайтай үйлдвэртээ жилд 300 сая тун үйлдвэрлэх хүчин чадалтайгаа зарлажээ.

Бусад бүх вакцины адил Коронавак хүнд дархлаа тогтооход хоёр тун шаардлагатай тул жилд 150 сая хүн буюу БНХАУ-ын нийт хүн амын 10 хувьтай тэнцэх хэмжэний хүн дээрх вакциныг тариулах боломжтой гэсэн үг.

Гэвч Синовак компани аль хэдийн Индонезид амласан тунгуудаа экспортолж эхэлсэн бөгөөд түүний дараа Турк, Бразил, Чили улсуудтай байгуулсан гэрээнүүд бас бий гэнэ.

Мөн одоохондоо хятад вакцины үнэ хэд байх нь тодорхойгүй байгаа ч Еивү хотын сувилагч нар 400 юань буюу 60 ам.доллараар вакцин тариулсан гэх мэдээлэл бий. Түүнээс гадна Индонезийн төрийн өмчит Био Фарм фирм тус вакциныг 13.6 ам.долларын үнэтэй байх болно хэмээн мэдээлж байгаа юм.

Харьцуулж үзвэл Оксфордын вакцин илүү хямд буюу 4 ам.доллар, Moderna вакцин нэг тун нь 33 ам.доллар, Pfizer вакцин нэг тун нь 40 ам.доллар, Гамэлеягийн вакцин нэг тун нь 10 ам.доллар байх аж.

Иймд ард түмнийг вакцинуудын талаар мэдээллийг нарийн, сайн судалж, сонголтоо зөв хийхийг мэргэжилтнүүд уриалж байгаа билээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж