Хуулийг нь өөрчлөөд зогсохгүй хувьчлах хэрэгтэй биш үү?

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Хуулийг нь өөрчлөөд зогсохгүй хувьчлах хэрэгтэй биш үү?

Хуулийг нь өөрчлөөд зогсохгүй хувьчлах хэрэгтэй биш үү?

УИХ нотой, ноцтой, эрх ашигтай асуудлыг шөнө дөлөөр хэлэлцэж, баталдаг жишгээрээ  өчигдөр /2020.12.10/ 20.00 цагийн орчимд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зургаан гишүүнийг батлав.

УИХ-аар томилгоог хийхийн өмнө МҮОНРТ-ийн уран бүтээлчид Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлсэн долоон хүнээс хоёрыг нь буюу “Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд, МҮОНРТ-ийн дэд захирал Ч.Батцэнгэл нарыг УИХ-аар батлахыг эсэргүүцсэн тул Ч.Батцэнгэл нэрээ татаж,  зургаан гишүүнийг томиллоо.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнийг шинэчилснээр тус телевиз нь олон нийтийн болж, эрх барьж буй намын савраас гардаг бол сайнсан. Харамсалтай нь, 2005 онд УИХ-аар Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг баталсан цагаас эхлээд тус телевиз нь УИХ-ын сонгуульд ялсан намын үзэл суртлын зэвсэг болсоор ирсэн билээ. Эцэс сүүлдээ хууль тогтоогчид нь “Намайг МҮОНРТ-ээр гаргадаггүй” гэх үг хаях болсон.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МҮОНРТ намайг дөрвөн л удаа гаргасан” гэж өчигдөр “гомдол” тавьсан бол 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Намайг МҮОНРТ-ээр нэг ч удаа гаргаагүй” гэж хов зөөж байв. Тэр цагаас хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шиг МҮОНТ-ээр байсхийгээд гардаг сайд, хууль  тогтоогч үгүй болсон.

Хуулиараа МҮОНРТ  нь олон нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой болохоос биш УИХ-ын гишүүд, эрх барьж буй намын дуу хоолой болох үүрэг хүлээгээгүй.  Гэвч сонгуульд аль нам, фракц бүлэглэл ялна, түүний мэдэлд шилжин, дуу хоолой нь болж, Үндэсний зөвлөлийн гишүүд нэртэй ардаа “эзэдтэй” хүмүүс захирлыг томилдог.

Засгийн газар тогтворгүй, бүлэглэл фракц нь дотроо учраа олохгүй л байвал МҮОНРТ-ийн удирдлага ойр, ойрхон солигдоно.  Дээдсүүд дээгүүр зөрчилтэй ч ялсан намын дуу хоолой байх үүрэг нь хойш шидэгдэхгүй.  Тэгсэн хэрнээ жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжинэ. УИХ-аас жилд 10 гаруй тэрбум төгрөгийг баталж өгдөг.

Гажуудлыг засах нэг механизм нь хуулийг өөрчилж, улс төрөөс хараат бус болгох явдал гэж уран бүтээлчид нь байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Харин УИХ-аас өчигдөр Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Олон нийтийн радио телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулж, МҮОНРТ-ийг улс төрөөс ангид болгох эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж хэлнэ билээ.  Гэхдээ УИХ-аас нэр дэвшүүлсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хоёр гишүүн нь гологдсоноор нэг нь нэрээ татсан, мөн УИХ улс, олон нийтийн эрх ашгаас илүүтэй намын, өөрсдийн эрх ашгийг хамгаалахад чиглүүлж хуулийг баталдаг буруу аргатай тул улс төрөөс хараат байлгах асуудлыг тогтолцоогоор бүрдүүлж өгөх нь юу л бол…

Учир юу вэ гэвэл нэгд, УИХ эрх мэдлээ Засгийн газарт алдаж, үндсэндээ командаар нь хөдөлдөг болсон гэж хэлэхэд буруудахгүй. МҮОНРТ Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалагддаг. Хоёрт,  Засгийн газар МҮОНРТ-ээр хязгаарлахгүй хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслийг  эрх мэдэлдээ  байлгахыг зорьж, худал мэдээ нэрийн дор өндөр торгууль ногдуулах, сэтгүүлчийг хорих хүртэл арга хэмжээ авахаар хуулиудаа чангалах болсон.

Ирэх оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль, түүний дараагаас УИХ-ын дараагийн сонгууль ойртох тул эрх мэдэлтэй байгаа дээрээ тултал ашиглахаа л бодно. Иймээс УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг МҮОНРТ-ийг улс төрөөс хараат бус болгож, олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг болгох эрх зүйн зохицуулалттай болгож өгнө гэдэг юу л бол…

Уг нь УИХ-ын дарга намынхаа эрх ашгийг хойш тавиад хэлсэндээ хүрвэл сайн л байна. Хуулийг нь өөрчлөөд зогсохгүй тодорхой хувийг нь хувьчилбал МҮОНРТ  олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах чиг үүргээ биелүүлэх боломж нь нээгдэж болох юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж