Коко Шанелийг нацистын мэдээлэгч байсан гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Коко Шанелийг нацистын мэдээлэгч байсан гэв

Францын алдартай загвар зохион бүтээгч Гaбриэль (Кoкo) Шaнeль дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын Германы мэдээлэгч байсан тухай Associated Press мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр Францын Тагнуулын албаны өчигдөр /2016.03.17/ ил болгосон мэдээлэл үүнийг нотолж байгаа аж.

Парисийн зүүн зүгт байдаг Венсен цайзад Францын Тагнуулын албаны архивийн баримтуудыг хадгалж байсан бөгөөд тэнд хадгалагдаж байсан нацистуудын мэдээлэгчээр ажиллаж байсан хэдэн мянган хүний нэр дотор Коко Шанелийн нэр байгаа юм байна. Уг баримтаар Коко Шанель нь 1942-1943 онд Германы барон Ганс Гюнтер фон Динклагийн нууц амраг байсан гэжээ. Ганс Гюнтер фон Динклаг нь 1935 онд Франц дахь Германы ЭСЯ-нд атташешаар ажиллаж байжээ. “Ганс Гюнтер фон Динклаг суртал ухуулагч байсан, бид түүнийг Германы тагнуулч байсан гэж сэжиглэж байна” хэмээн тэр баримтад тэмдэглэсэн байжээ.

Архивийн баримтуудыг хариуцаж байсан Фрeдeрикa Кугинeрийн хэлснээр архивийн тэмдэглэлд Коко Шанелийг Абвер буюу Германы цэргийн сөрөх тагнуулын албаны мэдээлэгч гэжээ. “Гэхдээ германчууд загвар зохион бүтээгчийг мэдээллийн эх сурвалж маягаар ашигладаг, харин Шанель өөрөө энийгээ мэдэхгүй байсан байж болно” хэмээн Кугинeр онцолсон байна.

Кoкo Шaнeль бол Францын хамгийн алдартай загварын ордныг үүсгэн байгуулагч бөгөөд эмэгтэйчүүдийн хувцасны орчин цагийн загварыг тодорхойлсон хүн гэж үздэг. Шанель Парист анхны дэлгүүрээ1910 онд нээж байжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж