УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нью-Иорк хотын шүүх дээр Монгол Улсын Засгийн газрын нэхэмжлэлээр тантай холбоотой маргаан үүссэн гэсэн мэдээлэл гараад байна. Та энэ асуудалд тайлбар хийнэ үү?
-Өнгөрсөн хорин жил намайг элдвээр л гүтгэсэн. Элдэв янзын гүтгэлэгт зөндөө л өртлөө. Ирэх жилийн сонгуулийг угтаад өнөөдөр ээлжит нэг гүтгэлгийн ажил эхэлж байгаа юм болов уу. Монголын төрийн өмчит компаниуд намайг гаднын шүүхэд өгсөн мэтээр бичсэн байна лээ. Гаднын нэгэн хуулийн компани “Монголын Засгийн газар надад төлөөлөх эрх өгсөн” гээд АНУ-ын шүүхэд хандсан юм билээ. Монголын Засгийн газар өөрийн иргэнээ гаднын шүүхэд өгөх үү, өгч байсан түүх бий юу? Улсынхаа хуулийн байгууллагаараа шалгадаг биз дээ. Би энэ асуудлаар Засгийн газарт хандаж нотолгоо авсан. Энэ маргаанд дурдагдаад байгаа "Эрдэнэт", "Эрдэнэс Оюутолгой" компани, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас миний эсрэг ямар нэгэн гомдол гадаадын болон дотоодын байгууллагад гаргаж өгөөгүй гэсэн. Тэгэхээр Засгийн газар намайг гадна, дотнын шүүхэд өглөө гэдэг нь илт худал, гүжир гүтгэлэг юм.
-Шүүх дээр яг ямар асуудлаар маргаан үүсгэсэн юм бэ. Та тодорхой тайлбарлах хэрэгтэй байна шүү дээ?
-Детектив зохиол шиг зүйлээ дотоодоос явуулаад, дотоодын улс төрдөө ашиглах гэсэн гүжир гүтгэлэг л гэж харагдаж байна. Тэрэндээ гол нь Оюутолгойд татварын хөнгөлөлт өгсөн гэж намайг буруутгах гэж байгаа юм байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ олны нүдэн дээр ил тод, засаг, УИХ дээр протоколтой хэлэлцэгдэж байсан асуудал. Манай Засгийн газар хэзээ ч Оюутолгойн татварыг бууруулаагүй. Харин ч Оюутолгойн татварыг нэмэх асуудлыг УИХ-д оруулж шийдүүлсэн. Бас Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулах асуудлыг тухайн үед шийдэж байсан. Бүр итгэмээргүй нэг юм нь Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулсныг хүртэл Монголын талд ашиггүй нөгөө талд ашигтай байсан гээд намайг буруутгаад байгаа юм байна лээ. Тэгэхээр асуудлаа огт ойлгоогүй нэг гаднын хөлсний байгууллага ашиг хонжоо олох сонирхолдоо хөтлөгдөн интернэтээс хов жив ухаж байгаад детектив кино зохиогоод явуулж байна.
-Баянзүрх дүүргийн шүүх дээр уг асуудалтай холбоотой маргаан бүртгэгдсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ямар хариулт өгөх вэ?
-Улс төрийн зорилгоор Иргэний шүүхэд маргаан үүсгэсэн юм байна. Шүүхийн байгууллагад гаднаас ирсэн ор үндэсгүй мэдээллийн дагуу нийслэлийн прокурорын орлогч маргаан үүсгэжээ гэж анх сонсоод их гайхаж хүлээж авлаа. Харин одоо энэ асуудлыг хэн захиалаад, хэн удирдаад, ямар зорилготой хийж байгаа нь ч тодорхой боллоо. Лхүмбийн хэрэг, Амар сайдын хэрэг гэгч нь гаднаас ирсэн чиглэл бэлэн шийдвэртэй байсан гэсэн. Миний хувьд ийм хээрийн шүүх маягаар үйл ажиллагаа явуулах гэж байгаатай эвлэрэхгүй, тэмцэнэ. Дотоодын шүүхэд нөлөөлөх гэж гадны нэг блогчинд материал өгч бичүүлсэн юм болов уу гэж харагдаж байна.
-Сүүлийн үед гаднын хэвлэлүүдэд улстөрчдийн талаар захиалгат нийтлэл бичүүлээд түүнийгээ Монголдоо орчуулан “гаднын хэвлэлд ингэж бичжээ” гэж шуугиан тарьдаг арга барил газар аваад байгаа. Үүний нэг жишээ гэж хэлээд байна уу?
-Миний тухай гүтгэлгээ гадны нэг блог дээр гаргасан байна. Сонирхолтой нь, тухайн блогт нийтлэгдээд хэдэн минутын дараа Монголын сошиалд оруулсан байна лээ. Энэ нь анхнаасаа зохион байгуулалттай улс төрийн дайралт явж байгаагийн илрэл юм. Үнэнийг хэлэхэд, би ч энэ маргааны нарийн материалтай танилцаагүй, танилцах боломжгүй байхад гадны нэг үл таних блогчин олоод мэдсэн байгаа нь туйлын их эргэлзээ төрүүлж байгаа.
-Өөртэйгөө холбоотой шүүхийн маргаантай танилцаагүй, танилцах боломжгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Дээр дурдсан асуудлаараа үүсгэсэн иргэний маргаанаа дотооддоо болохоор “маш нууц” гэсэн зэрэглэлд оруулсан байгаа юм. Хэзээ иргэний маргаан манайд “маш нууц” ангилалд ордог байсан юм. Хэнээсээ юугаа нуугаад байгаа юм бэ? Маш нууц гэсэн атлаа миний олж үзэж чадахгүй байгаа тэр детектив зохиол, гүтгэлэг бүхий бичвэр нь яахаараа гадны нэг блогчинд очсон байдаг юм бэ? Дотоодын хэвлэлээр ч гараад байх шиг байна. Хэн ямар зорилгоор тараагаад байгаа юм бэ? Ер нь гадны хувийн, хөлсний, ашгийн төлөө байгууллагад мөнгө төлж иргэнээ мөрдөж тагнасан, гүтгэлэг зохиолгосон, хууль шүүхийн байгууллагад улс төрийн сонирхлоор нөлөөлсөн байж болзошгүй нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Би монгол хүний хувьд энэ асуудлыг Монголынхоо хуулийн байгууллагаар шалгуулна. Монголынхоо шүүхээр зөв буруугаа шүүлгэнэ. Би чинь тусгаар Монгол Улсын иргэн биз дээ.
Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу
-Та хэвлэлээр гараад буй мэдээллийг худал гүтгэлэг гэлээ. Ер нь тантай холбоотой Тавантолгойгоос эхлээд үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл өмнө нь ч гарч байсан. Эдгээр мэдээллүүдээ залруулаагүй, нээлттэй биш байдаг нь таны буруу биз дээ?
-Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Улс төрд орж ирэхээсээ өмнө улсад томоохон татвар төлөгч бизнесийг босгосон байсан. Одоо бол хэдэн арван тэрбумаар татвар төлдөг, 3000 шахам хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангаж байгаа олон нийтийн нүдэнд ил тод, шударга бизнестэй. Надад төрөөс тендер, концесс авч төрийн эсвэл ард түмний мөнгөөр бизнес хийх, төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Миний хувьд Тавантолгойн ордын лицензийг төрдөө, ард түмэндээ буцааж өгсөн. Харин ч надаас хэдэн зуун сая доллар, тэрбумаар нь авъя гэсэн гаднынхан ч байсан, үнэгүй өгчих гэсэн дотоодын улс төр бизнесийн олигархууд ч байсан. Харин би энэ ордын лицензийг эзэмших эрхээ төрдөө өгөөд дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд ард түмэндээ иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа тараах шийдвэр гаргасан. Энэ жил хувьцаа авсан иргэн бүр ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас ашиг хувь шууд хүртсэн анхны тохиолдол болсон. Өмнө нь ч ахмадууд 1.5 сая төгрөг, оюутнууд хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг, иргэн бүр сар болгон хоёр жил гаруй 21 мянган төгрөг авч байсан. Үүний хөрөнгийг Тавантолгой ордын нүүрсний борлуулалтаас ч бас босгосон. Улаанбаатарчуудын өмнө тулгарсан томоохон асуудал болох утааны асуудлыг ч Тавантолгойн нүүрсээр л шийдвэрлэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан эмзэг үед ч Тавантолгой л улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа. Жил гаруйхны өмнө тэрбум долларын босго давсан орлоготой Монголын цорын ганц компани боллоо гээд л Эрдэнэс Тавантолгойг өргөмжилцгөөгөөд байсан. Ийм ордын лицензийг эзэмших эрхээ гаднынханд биш, дотоодын томчууд олигархуудад ч биш төрдөө, ард түмэндээ өгч байсан. Ийм том төслөөс би өөрөө татгалзаж байсан байж төрөөс хумсална гэж юу байхав дээ. Надаар зөндөө оролдлоо. Өчнөөн олон удаа шалгуулсан. Тэгэхдээ бүгд л намайг бизнесийн орлогоороо амьдардаг гэдгийг эрх биш мэдэж байгаа. Энэ бүгд олны нүдэн дээр ил юм даа. Одоо болоо юм биш үү дээ.
-Саяхан таны тухай нэгэн нийтлэлд Тавантолгойн ордыг гадаад дотоодын бизнес бүлэглэлүүдэд өгөөгүй нь өөртөө олон дайсан хураасан гэж бичсэн байсан. Энэ үнэн үү?
-Ер нь шинэ Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу гэдгийг Та бүхэн бодоод үзээрэй. Ямар учраас эх орныхоо баялгийг төрдөө ард түмэндээ өгсөн хүн нь буруудаад, гаднынханд зарсан хэд нь баатар болоод байдаг юм бэ. Би энэ талаар нэг их яриад байдаггүй. Хааяа ярихаас өөр арга алга. Ийм үнэ цэнэтэй зүйлийг төрдөө буцааж өгсөн миний хувьд Оюу толгой ч байна уу, Эрдэнэт ч байна уу өөр ямар ч төрийн байгууллагаас хулгай хийх байтугай тэд нартай бизнес хийх ч хэрэгцээ байхгүй. Хуулийн дагуу шударга хөдөлмөрлөж, амжилтад хүрчихээд хулгай хийхгүй нь ойлгомжтой шүү дээ.
Гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг
-Дээрх мэдээлэлд таныг гадаадын иргэдийн нэр дээр хөрөнгө мөнгө хамтран эзэмшдэг оффшортой гэж бичсэн байсан. Энэ асуудалд та ямар хариулт өгөх вэ?
-Миний үүсгэн байгуулсан компаниуд дотоодын Голомт, Худалдаа хөгжил, Хас гээд банкуудаас 100 гаруй тэрбум төгрөгийн бизнесийн зээлтэй байгаа. Жилдээ хэдэн арван тэрбумаар зээл, зээлийн хүүгээ төлж байна. Тэд маань зээлээ цаг хугацаанд нь төлөх гэж бас л амаргүй байгаа. Тэр их мөнгө нь байсан бол уг нь ядаж энэ зээлүүдээ төлөхсөн. Надад оффшор бүсэд нэг ч төгрөг байхгүй.
-Таныг бичээд байгаа тэр блогд таныг Нью Йоркт үл хөдлөх хөрөнгөтэй гээд бичээд байна шүү дээ?
-Нью Йоркт надад үл хөдлөх хөрөнгө байхгүй ээ. Ер нь АНУ-д байгаа бүх үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн бүртгэлтэй. Тэдний холбоод байгаа хөрөнгө хэний өмч гэдгийг сэтгүүлчид та бүхэн хайгаад олох боломжтой, нээлттэй мэдээлэл шүү дээ. Надад хамаагүй юмыг надтай нялзааж байгаа нь дэндүү том гүтгэлэг юм аа. Энэ бол цэвэр дотоодын улс төр, гүжир гүтгэлэг. Надад бол тэр бичээд байгаа шиг нь 10 гаруй оронд зуу гаруй компани байхгүй ээ. Зах зээлд шилжээд 30-хан жил болж байгаа Монголд гадаад түншгүй, хамтрагчгүй нэг ч том бизнес байхгүй биз.
-Таныг Нью Йоркийн шүүх дээр яг шүүж байгаа юм уу, үгүй юм уу. Таны нэр дурдагдсан материалууд сошиалаар яваад байдаг. Гэтэл Та хамааралгүй гээд байх юм?
-Нью Йоркийн шүүхэд миний эсрэг гаргасан нэхэмжлэлээ татсан байна. Өөрөөр хэлбэл, надтай холбогдсон асуудал Нью-Йоркийн шүүхэд байхгүй болж байна гэж ойлгосон. Эндээс маш их сонирхол татаж буй зүйл болох гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Энэ асуудлыг би заавал шалгуулах болно.
Холбоотой мэдээ