УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг төсөлд Авлигатай тэмцэх газрын дарга нь дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан юм.
Одоогийн мөрдөж буй хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.
Эл өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хонгилын түлхүүр булаацалдаж байгаа явдал гэж хараад байгаа. УИХ-аас удирдлага томилдог хэдэн байгууллага байдаг вэ. Эдгээрээс хэд нь тэргүүн дэд даргатай вэ. Ийм ялгаатай томилгооны учир шалтгаан нь юу юм бэ” гэж асуулаа.
Эл асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “УИХ дээр асуудал нь ордог байгууллага гэвэл Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор бол удирдлагыг танилцуулдаг. Удирдлагыг болон бүрэлдэхүүнийг томилдог зарим байгууллага бий.
Жишээлбэл, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хорооны даргыг томилдог. Бүрэлдэхүүнийг томилдог байгууллагын хувьд Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс гэх мэт байгаа. Үндсэндээ УИХ 11 орчим байгууллагын бүрэлдэхүүн болон даргыг томилдог” гэх хариулт өглөө.
Авлигатай тэмцэх газрын тэргүүн дэд даргыг шинээр томилох нөхцөл үүсээд байгаа. Харин эрх баригчид энэ томилгоо орж ирэхээс өмнө хуульд өөрчлөлт оруулахаар яаравчилсан нь энэ бөгөөд зарим мэдээллийн хэрэгсэл АТГ-ын дэд даргаар хурандаа нар яригдаж буй тухай мэдээлж эхэлсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ