Л.Энх-Амгалан: Нууцаар төмөр зам барьдаг улс манайхаас өөр байхгүй шүү

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

LiveЛ.Энх-Амгалан: Нууцаар төмөр зам барьдаг улс манайхаас өөр байхгүй шүү

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, December 10, 2020

 

 

18 : 15
2020-12-11

Л.Энх-Амгалан: Нууцаар төмөр зам барьдаг улс манайхаас өөр байхгүй шүү

Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төмөр замын тээврийн тухай хууль 8 бүлэг, 34 зүйлтэйгээр 2007 онд батлагдсан.

Харин Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын энэхүү төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, өмчлөл, эзэмшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалттай газар, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн тэдгээрийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, төмөр замын сүлжээ байгуулахад баримтлах зарчим, тээвэрлэлтийг төрөл ангиллын дагуу зохион байгуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Шинэ төмөр замын санхүү ямар байдалтай байна вэ. Гацаж байгаа зүйл юу байна. Баруун тийшээ төмөр зам барих трассын асуудал ямар шатандаа явж байна вэ. Хэзээ оруулж ирж батлуулах вэ. Энэ хуулийн төсөлд үүнтэй холбоотой зүйл байгаа юу?. 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

– Хүйтний улирал эхэлсэн ч гэсэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, төмөр замчид, ЗХЖШ-ын алба хаагчид ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж байгаа гүйцэтгэл 240 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнээс эхний ээлжийн 75 тэрбум төгрөгийг Зүүнбаян төмөр замын дансанд “Эрдэнэс Тавантолгой” компаниас шилжүүлсэн байна. Дараагийн санхүүжилт он гарангуут нэгдүээр сард хийгдэнэ. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” санхүүжилтийг таслахгүй явуулах чиглэлтэй ажиллаж байгаа. УУХҮ-ийн сайд Г.Ёндон энэ асуудалд хяналт тавьж, дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. 

Хоёрдугаарт, баруун босоо тэнхлэгийн төмөр замын ТЭЗҮ-г 2020-2024 онд хийж гүйцэтгэхээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. ТЭЗҮ-г боловсруулж дуусаад, трасс батлуулах ажлыг УИХ-д оруулж ирнэ. Энэ ажлыг 2021 оны сүүлээс эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хуулиар Улаанбаатар төмөр замын монополыг задлах ёстой. Эрдэнэт үйлдвэрийг зарсан шиг бодлого явуулж, монополь системээс салах ёстой байсан. Энэ хуулиар хийх ёстой ч хийгээгүй байна. Өнөөдөр Улаанбаатар төмөр замтай өрсөлдөгч байхгүй, татвар төлдөггүй ийм л байгууллага байна. Харилцан суурь бүтцээ ашиглах, хөдлөх бүрэлдэхүүнээ ашиглах зүйлүүдээ багтаасан, тусгаж асуудлаа хэлэлцээд яваарай. Бид энэ хуульд татвар төлөгчдийн мөнгөөр тодорхой хөрөнгө оруулалт хийж, монголчууд төмөр зам барьж, ашиглалтад оруулж байгаа нь том амжилт. Монголынхоо төрийн мөнгөөр болон аж ахуй нэгжүүдийн тавьсан төмөр замыг ашигтай болгох үүднээс монополийг задлах шаардлагатай байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Төмөр замыг жинхэнэ утгаар нь тээвэр, бизнес болгох ховорхон боломж бол ОХУ, Хятадыг холбосон төмөр зам. Газар нутгийн сул тал нь бидэнд давуу тал болсон. Тиймээс төмөр замыг ганц Улаанбаатар төмөр зам гэж харахгүйгээр ОХУ-тай хийсэн гэрээний хэлэлцээрт өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэчлэлээ энэ хуулиар хийх ёстой. Монголын төмөр зам гэж байгуулсан компаниа Улаанбаатар төмөр зам компанитай эн зэрэгцүүлж, том компани болгох ёстой. Гэтэл бид ҮАБЗ-ийн шийдвэрээр төмөр зам барьдаг болсон. Нууцаар төмөр зам барьдаг, барьж байгаа төмөр замаа нуудаг улс манайхаас өөр байхгүй. ҮАБЗ бол зөвлөмж гаргадаг, цаашид Л.Халтар сайд төмөр замын бодлогоо өөрөө гаргаж, хариуцлагатай байх ёстой. Дэд бүтцээр өрсөлдөх чадвар төмөр замаа дагаж явна шүү. Л.Халтар сайдаа таны хэлсэн бодлого чинь хууль бусаар орж ирсэн асуудал шүү. Гэрээний асуудал, ямар үндэслэлээр хийгдсэн гэдгийг нь судалж, хариуцлагатай хэлэх хэрэгтэй, УИХ-ын танхимд.

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

 

15 : 35
2020-12-11

“Бид Ерөнхийлөгчийн сонгуульд зөв хүнээ дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал, Данийн Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ бий. Бид зөв хүнээ нэр дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна. Ерөнхийлөгч 55-аас дээш насны хүнийг дэвшүүлэх хүсэлтэй байна гэдэг. Гэтэл та нар хэлэлцэж байгаад 50-аас дээш болоод явчихсан. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй. Монгол хүмүүс ардчиллаа хамгаалмаар байна. Ирэх зургаан жил Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад худалдааны эксперт л байх ёстой. Тийм хүнээ сонгон шалгаруулах чиглэл рүү хуулийн төслийн бичилтээ түлхүү хиймээр байна. Монголд ардчилсан сонгууль гэж байхгүй. Шүүгч нар бүхэл бүтэн хуулийг нүдээ аньж байгаад өөрчилж байна.  Нэг удаа Ерөнхийлөгч байсан хоёр дахь удаагаа сонгогдох эрхтэй юу. Үүнийг хуульд хэр тодруулж өгсөн бэ. Би бол байхгүй гэж бодож байна. Нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх үндсэн заалт бий. Гэтэл бид нар сонгууль дөхөхөөр хуулиа өөрчилдөг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг процессын хууль. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, тавигдах шаардлага зэрэгтэй холбоогүй.  2015 онд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг нэг болгоод бантан хутгачихсан. Ямар ч байсан эдгээр сонгуулийг хуулийг тусад нь болгосон. Сонгууль бүхэн өөрийн онцлогтой болдог. Та хүртэл мэдэж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Бид хуулийн дагуу энэ төслийг боловсруулсан. Энэ оны тавдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн дотор 30 дугаар зүйлийн хоёрт Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шалгуур байгаа. Үүний дагуу бид процессын хуулийн төслөө боловсруулж оруулж ирсэн. 50 нас хүрсэн гэдгийг хэн ч  өөрчлөх боломжгүй байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Процедурын шинжтэй 71 санал хураах юм байна л даа. Надад асуух юм байхгүй болсон. Бид өөрсдөө хуулиараа зардлаа өсгөөд байна. Нэг хүнд ногдох сурталчилгаа хийдэг хүний тоо гэдгээ болих хэрэгтэй.  Дөрөвхөн хүний санал тоолох учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох хэрэгтэй. Намайг Ерөнхий сайд байхад нөгөө Мөнхбат гэж нөхөр дээл өмсөөд л талбай дээр хар машин шатаасан шүү дээ. Тэрнээс хойш хар машинд хайртай болсон байна лээ. Би хартай болчихоод байгаа юм. Хар машин хаана байгаа вэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Би тантай санал нэг байна. Манайх сонгуулийн зардал хамгийн өндөртэй орнуудын нэг байна. Сингапур улс л гэхэд нэг хүнд нэг сингапур доллар байна гэж байгаа юм. Сонгуулийн зардлыг хөөсрүүлдэг, өсгөдөг нөхцөл байна. Цаашдаа улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, мөнгөнөөс хамааралтай сонгууль хийдгээ болих хэрэгтэй байна. Нэр дэвшигчдэд гарааны ижил нөхцөл олгож, зардал ижил байхад анхаарах хэрэгтэй байна.

Хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гарсан 70 гаруй санал бүрээр санал гаргаж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

14 : 55
2020-12-11

Г.Тэмүүлэн: Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлага үүсээд байна

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН: 

-УИХ олон томилгоонд оролцохоор улс төрийн асуудал болчихоод байна. Хууль хүчний байгууллагуудад ажил үүргийн зөрчил байна. Бие даасан, хараат бус байдлаар нэгтгэх асуудал яригдаж байсан. Монголын нийгэмд  тулгамдаж буй асуудал хар тамхи. Энэ асуудлыг мөрдөн шалгах байгууллагуудыг нэгтгээд, хар тамхитай тэмцэж, ирээдүйгээ аврах асуудлыг тавибал яасан юм бэ. Хуучин мөрдөн байцаах байгууллагуудаа сэргээн сэргээвэл яасан юм бэ? Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг буцаан сэргээх шаардлага үүсээд байна гэж харж байна. Өнөөдөр бид үүнийг хийхгүй бол болохгүй шаардлага байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орон.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Бусад байгууллагуудад харъяалагдах албаыг нэг дор төвлөрүүлэх ажил хийгдсэн. Мөрдөх албыг толгойлж ажилласан хурандаа нартай уулзаж, саналуудыг нь нэгтгэж ажиллаж байна. Өнөөдөр гурван байгууллага мөрдөх ажиллагаа явуулж байгаа. Прокурорын дэргэдэх мөрөн байцаах албыг 2014 онд татан буулгасан. Таны хэлж байгаатай 100 хувь санал нийлж байна. Мөрдөх албад илрүүлсэн илрүүлснээрээ хэргийг мөрдье гэж ярьдаг. Тусгай субъектүүдийн үйлдсэн хэргийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Судалгааны ажлын талаар мэдээлэл өгөхөд арай эрт байна. Цагдаагийн байгууллага нийтийн хэв журам сахиулах, жижиг тодорхой төрлийн зөрчлүүдийг шалгадаг байх…

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Бид авлигатай тэмцэх талаар олон жил ярьж байна. Бид энэ ажлыг хийж чадах юм уу. Энэ хууль гараад З.Дашдаваа дарга дэд даргаа өөрөө сонгоод, ажлаа хэрэгжүүлж чадах уу? Нөгөө л хоёр тийшээ хардаг байдал давтагдахгүй гэх баталгаа байна уу? Ийм боломж байна уу гэдэг их эргэлзээтэй байна. АТГ-ын даргын тогтворгүй байдал олон жил үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээс их шалтгаалдаг. Цагдаагийн удирдлагууд ирээд самарч самарч байгаад явдаг. Мөрдөн шалгах ажиллагаануудыг нэгтгээд, нэг толгой, нэг зорилготой болгоод явуулах хэрэгтэй байх. 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Хуулиар олгогдсон эрхээрээ далайлгадаг, булаан дээрэмддэг байдлыг халъя гэж ярьж байна. АТГ, Тагнуулын дарга нь бизнесменүүдийг булаадаг дээрэмддэг. Олон хохирогч гарч ирсэн. Цагдаагийн байгууллага, яамны харъяанд ийм гажуудал гаргахгүйг хичээнэ. Мөрдөн шалгах тогтолцоонд харилцан хяналт тавихгүй бол болохгүй нь.  

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

-Хуулийн төслийг дэмжихгүй. Энд харилцан хяналт гэдэг үгийг би хэлэх гээд байна. Түүний эсрэг захирагдах, захирах ёс гэж ярьдаг. АТГ Засгийн газрыг хянах байгууллага. 14 их наяд төгрөгийн төсвийн мөнгөний шийдвэрийг гаргадаг. Энэ хүмүүсийг хянах гэж АТГ байдаг. Оюутолгойн гэрээтэй холбоотой олон шийдвэрийг гаргадаг. Өнөөдөр сайд, дэд сайд нарыг Засгийн газраас томилдог. Тэгэхээр харилцан хяналттай байж, УИХ-аас даргыг нь тавиад, бас дэд даргын нь тавьдаг хэвээрээ байх нь зүйтэй болов уу. Сонгон шалгаруулалтыг УИХ-аас явуулдаг байх хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН:

-Орж ирсэн саналыг ерөнхийд нь дэмжиж байна. Хэдэн санал хэлье. Цаашид бид тусгай йзөвшөөрөл, журмууд дээр анхаарах хэрэгтэй байна. АТГ цаашдаа төрийн байгууллагуудаас гаргасан журмууд дээр дүн шинжилгээ хийх шаардлагатай байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-Энэ удаа дэмжээд гаргах нь зөв гэж бодож байгаа. Нам дамнасан бүлэглэл Ерөнхийлөгчийн хавиар эргэлдээд, тохиролцоо хийгдээд явдаг байсан юм. Сүүлийн үед харж байхад тэр ч хэвээрээ, хоёр дарга тохиролцохгүй, үйл ажиллагааг нь сааруулдаг явдал байдаг юм шиг байна лээ. Нэг толгойтой байсан нь дээр. Хоорондоо хэрэлдээд байж таарахгүй. Прокурорын дэргэдэх мөрдөнгийн асуудлын тухайд УИХ-ын гишүүдээр өргөн бариулчихсан юм. Авлигатай тэмцэх газар Засгийн газрын томилгоонд оролцдог болсон. Прокурорын дэргэдэх мөрдөнг буцаагаад сэргээж чаддаггүй юм бол хүнийг харгисладаг хүмүүст хариуцлага хүлээлгэдэг хүн байхгүй болчихоод байгаа юм. Энэ дээр сайд онцгой анхаарах ёстой. Ер нь бид арьсан дээр ирэхээр л ойлгодог юм. Яс, арьс, мах, сэтгэл зүрхэнд чинь мэдрэгддэггүй байхгүй юу. Эсвэл прокурорын дэргэдэх мөрдөнгөө бушуухан сэргээчихмээр байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

Хуулийн төслийг дэмжиж байна. Хүн арьсан дээрээ хуулийн асуудлыг хүлээж авснаараа мэдэрсэн хүмүүсийн нэг. Сар хагасын өмнө орон нутгийн сонгуулиар хуурамч таамгаар манай намын хүмүүсийн асуудлыг гацааж, бүхэл бүтэн намыг сонгуульд оролцуулахгүй байхыг оролдсон. Өөрс дээрээ бид мэдэрсэн. Шүүгч нар ямар даам гарчихсан байдаг юм бэ. Тийм учраас Прокурорын байгууллагын тухай хууль, шүүн таслах ажиллагааны тухай хуулиудыг санаачлан оруулж ирсэн байна. Хийхгүй бол бид санаачилж оруулж ирнэ. Авлигаа шийдсэн улс хөгжсөн байна. Энэ асуудлыг шийдэх нь чухал. Авлига төрийн өмчит байгууллагуудад их байна. Эрдэнэт, Тавантолгой байна. Дарга нь амралтаараа нисдэг тэрэг хөлөглөөд явж байна. Монгол Улсад 100 сая түүнээс дээш зээлийн асуудал хэзээ ч олон нийтээр хэлэлцэгдэггүй.

Гишүүд үг хэлж дууслаа. My parliament  аппликэйшн (test)-ээр санал хурааж байна.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 42 нь дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

13 : 56
2020-12-11

Л.Энх-Амгалан: Авлига монголчуудын муухай соёл болчих гээд байна

УИХ-ын чуулганаар Засгийн газраас мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж, байнгын хорооны санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Сандаг-Очир танилцуулав. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН: 

-Төрийн албан хаагч өргөс шиг, хувалз шиг байж болохгүй. Эрх зүйн орчныг нь яаж сайжруулах вэ. УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хаана байна. Авлигын индексээр бид өнөөдөр урагшлах биш хойшилж байна. Үүнийгээ ярьж болохгүй юмнаасаа салахгүй юм уу. Дарга цэргийн тухай ярих биш. 
Лоонзонгоор авлига багасахгүй юм байна. Энэ бол сэтгэлгээний асуудал байна. Авлига монголчуудын муухай соёл болчих гээд байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР: 

-Бид авлигатай тэмцэх асуудалтай тэмцэх асуудлыг ярьсаар ирсэн. Авлигыг үгүй хийхэд цахим шилжилтэд шилжсэнээр сэргийлж чадна гэж бодож байна. Компьютер цахимжсанаар арилна гэж үзэж байна. Авлигын үнэлгээ өгдөг байгууллагуудын дүгнэлт гардаг. Манайд авлига хамгийн ихтэй байгууллагаар гааль, татварын албад нэрлэгддэг. Бид Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Ирэх жил иргэн бүр цахим гарын үсэгтэй болох ажлыг эхлүүлнэ. Цаашид иргэд хоорондын гэрээ хэлцлийг заавал нотариатаар биш цахим гарын үсгээр явагдах болно гэдгийг хэлье.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:

-АТГ-ын дарга, дэд даргыГ УИХ-аас хоёуланг нь томилодог зохицуулалттай байсан. Хууль зүйн яам, Засгийн газраас АТГ-ын дэд даргыг дарга нь томилдог асуудлыг оруулж ирж байна. Би дэмжиж байгаа юм. Авлигатай тэмцэх газрын чиг үүргийн асуудлыг удаа дараа ярьсан. Нийгмийн хэв журмыг хангах, урдчилсан сэргийлэх ажил Засгийн газрын чиг үүрэг. Гэтэл авлига гэдэг гэмт хэрэг. Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим үндсэн хуультай зөрчилдөж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:

-Хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага дээрээ төрийн албанд захирагдах тухай заасан гэлээ. Төрийн албан хуульд угаасааил байсан. Анх авлигын эсрэг хууль 2005, 2006 онд орж ирсэн биз дээ. Энэ заалттай холбоотой орж ирж байгаа юм бол өнгөрсөн хугацаанд АТГ-ын хоёр дарга бие биедээ захирагддаггүй байсан юм уу. Захирагдаж чадахгүй байсан учраас ингэж оруулж ирж байгаа юм уу? Дэд даргыг дарга нь томилдог болъё гэж байгаа юм бол нэг мөсөн цэгцэлж болохгүй юм уу?

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Мөрдөн шалгах, гүйцэтгэх аиллагаа явуулж байгаа байгууллага хамтын удирдлагын байгууллага биш. Гүйцэтгэх ажлыг байгууллагын дарга нь удирдаж хариуцаж явна гэдэг зохицуулалттай зөрчилдөөд байгаа юм. Даргад нь эрх олгоод, дэд даргад нь тусгайлан чиг үүрэг оноогоогүй байгаа. УИХ-аас хоёулаа зэрэг томилогдсон, хоёулаа дуудаж албан хаагчдад эрх үүрэг өгдөг гэж би сонссон. Энэ дунд алба хаагчдад хүндрэл үүсдэг. Мөрдөн шалгах ажиллагаагаа нэг дарга нь хариуцаад явъя, дэд даргаа чиг үүрэгтэй болгоё гэж байгаа. Бүх байгууллагын даргыг ийм болгохгүй юм уу гэж байна. байгууллагуудынхаа онцлогоос хамаарах байх. Бүх байгууллагын дарга дэд даргаа томилж болохгү байх аа.

ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:

-Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль 2012 онд батлагдсан. Төрийн албанд томиогдох гэж байгаа албан хаагчид ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бөглөж өгдөг. Хуулиараа төрийн албаны ажлын байрны тодорхойлолтыг харгалзаж үздэг.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Би хуулийн төслийг дэмжиж байгаа. АТГ-ын дэд даргыг дарга нь өөрөө томилдог болъё гэдгийг нэг нөхцөлтэйгөөр дэмжих ёстой гэж бодож байна. Процедур, процессын эрх зүйг анхаармаар байна. АТГ-ын дэд даргыг дарга нь томилох гэж байгаа бол мэргэжлийн, байнгын хороодод сонсгол явуулах эрхийг нь олгож баймаар байна. АТГ хяналтгүй байгаа. Дарга, дэд даргын балансын асуудал бий. Зарим гишүүн хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гаргахдаа бид бодлого гаргасан. Их хурал дээр томилох асуудлыг багцалмаар юм билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:

-Хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага дээрээ төрийн албанд захирагдах тухай заасан гэлээ. Төрийн албаны хуульд угаасаа ил байсан. Анх авлигын эсрэг хууль 2005, 2006 онд орж ирсэн биз дээ. Энэ заалттай холбоотой орж ирж байгаа юм бол өнгөрсөн хугацаанд АТГ-ын хоёр дарга бие биедээ захирагддаггүй байсан юм уу. Захирагдаж чадахгүй байсан учраас ингэж оруулж ирж байгаа юм уу? Дэд даргыг дарга нь томилдог болъё гэж байгаа юм бол нэг мөсөн цэгцэлж болохгүй юм уу?

ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:

-Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар анхны хэлэлцүүлэг дээр яригдах байх аа. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ

-Авлигыг бууруулахад хэрэглээн дээр нь хяналт тавьдаг, хууль бусаар олсон бол хөрөнгийг нь хураадаг сайн жишиг байна. Үүнийг авч болдоггүй юм уу. Эрдэнэтийн 49 хувийн луйврын санхүүгийн схемтэй холбоотой асуудлыг өдөр шөнөгүй ярьсан. энэ асуудал хаашаа оров? Улсад учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах вэ? Энэ чиглэлээр ажил хийгдэхгүй байна. Төрийн өмчит компаниудын асуудал яригдаж байна. Захирал нь компанийн мөнгөөр хүүхдээ сургасан, захирал нь компанийн олон сая төгрөгөөр өрөөгөө тохижуулсан зэрэг олон асуудал яригддаг. Яагаад анхаарал хандуулдаггүй юм бэ? Цаашид төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал яригдаж байна. Авлигажсан төсөв гэж өнөөдөр ч яригдаж байна. Яагаад энийг мухарлаад, цаад талд нь булхай луйвар орсон эсэхийг ил тод гаргаж, мухарлаж болдоггүй юм бэ? Энэ бүхнийг яаж цэгцлэх юм бэ? 

ХУУЛЬ, ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Соён гэгээрүүлэх чиг үүргийг илүү сайжруулж, эрчимжүүлэх шаардлагатай байгаа гэдэгт санал нэгдэж байна. Гаднын улс орнуудад иргэн бүр тайлангаа гаргадаг. Орсон орлого, зарлагаа гаргаж өгдөг нь авлигатай тэмцэж амжилт олсон улс орнуудын жишээ. Төрийн болон бусад эрх мэдэл, албаны нөлөөгөө ашигласан, мөнгө угаасан хэргүүдийн тухай хүмүүс ярьж байна. Авлига, албан тушаалын гэмт хэргүүд эхнээсээ цайраад эхэлж байна. Нэн яаралтай шүүхийн хариуцлагын тухай хуулийг батлах хэрэгтэй. Төв аймгийн Энхтуул шүүгч шиг илэрхий эрүүдэн шүүсэн хэргүүдийг ил болгох хэрэгтэй. Өнөөдөр шүүхийн тухай хуулиудыг батлуулахгүй гэж их эсэргүүцэл үзүүлж байна. Нөгөө л хууль бус үйлдлээ үргэлжлүүлэх байр сууриндаа тэд бат зогсож байгаа. Өнөөдөр Эрдэнэтийн 49-ийн асуудал эцэслэгдээгүй байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ

-Энэ хуулийг дэмжиж байна. Цаашид бид энэ логик агуулгаар хамтын удирдлага гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Зарим байгууллагын хоёр дарга хамт олноо хоёр хуваадаг асуудал гардаг. Хамгийн гол нь бидний болохгүй байгаа нь хариуцлагын тогтолцоотой холбоотой. Дэд даргыг дарга нь сонгох зөв байх. Логикийн энэ зарчмыг цааш бариад явах нь зөв үү? Төрийн байгууллагатай холбоотойгоор УИХ-аас томилж буй. Заавал яагаад Ерөнхийлөгчийн саналыг авдаг юм бэ? 

АТГ-ын даргаа яагаад авчраагүй юм бэ? Авлига буурахгүй байна. Авлигатай тэмцэх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ? Хүний хүчин зүйлээс үл шалтгаалсан, шүүх буюу хянах боломж бололцоог бид аливаа байгууллага дээр бий болгох ёстой.

-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Хүний хүчин зүйлээс хамаарал багатайгаар төрийн үйлчилгээ, зөвшөөрлийн тогтолцоо байгаа үед авлига аандаа зогсоно гэж дэлхий нийт ч үзэж байна. Авлига төрийн үйлчилгээ, хууль хяналтын байгууллага дээр их гардаг. Урд айлыг ардчилсан бус гэж ярьдаг. Гэтэл энэ улсын эрх зүйн хөгжил биднээс хэдэн арван жилээр урагшлаад явчихсан. Өнөөдөр шүүхийн шийдвэрийг хиймэл оюун ухаан шийдэж байна. Эрхийнхээ хүрээнд санал зөвлөмжөө өгөх боломжтой. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

13 : 01
2020-12-11

Ж.Сүхбаатар: Хүчирхийллийн цар тахал өндөр байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хууль, тогтоомжийн төслийг дэмжиж байна. Нэг номерт авч хэлэлцэх асуудал бол Оюутолгойтой холбоотой асуудал. Энэ нийгэм, дараа үеийн залуус, эх орон, ард түмнийхээ төлөө гэрээ байгуулсан улсуудыг буруутгаж байгаа юм шиг ойлголт төрүүлж байна. Нямбаатар сайд энэ улсуудын попорсноос болж асуудал ийм байдалд хүрлээ гэж ярьж байна. Ц.Даваасүрэн гишүүн бүтэн жил Оюутолгойтой холбоотой бичиг баримтыг УИХ-аас олоогүй гэж байгаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: 

-Бид хууль батлаад нийгмийн эерэг, сөрөг үр дагаварт үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хангах эрх үүрэг Засгийн газарт байдаг. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажил хангалтгүй байна. Хэдэн зуун дүрэм журам танай дээр овоолоотой байгааг та өөрөө мэдэж байгаа. Шат шатанд хуулийн цоорхойг ашигладаг, хууль бус үйлдлүүд илэрч гарч байгаа шүү дээ. Та өөрийгөө өмөөрөх шаардлага байхгүй. Шат шатандаа анхаарах ёстой. Ойлгомжгүй олон хууль гаргаад яах юм бэ. Маш олон хүнийг чирэгдүүлдэг. Журам боловсруулж байна гээд хоёр, гурван сар болдог. Зарчмын асуудалтайгаа нүүр тулж сурцгаая. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: 

-Би дэмжихгүй үг хэлж байгаа юм. С.Амарсайхан гишүүний хэлсэн үгтэй санал нэг байна. Бид пялдаганаад байх шаардлагагүй. Улс орныхоо төлөө ярьж байна. Үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг зөвхөн Засгийн газар санаачилна гээд заачихсан. Энэ мэтийг анхаар. Юм юманд эмзэглээд байж болохгүй. Тогтоолын хэрэгжилтэд Засгийн газар анхаарах ёстой гээд заачихсан байгаа. Ингэж болохгүй. Өнөөдөр маргалдаад байх шаардлагагүй. Дөрвөн жилийнхээ явцуу эрх ашгийн төлөө байж болохгүй. Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэнтэй холбоотой баримт бичгийг олж авч чадахгүй байна. Их хурал эрүүл саруул байх ёстой. Энд олон нийтийн дуу хоолой хэрэгтэй. Харилцан ойлголцол хамгийн чухал. Тэгж байж төрийн үйл ажиллагаа тогтвортой явах болно. Бид ард түмний эрх ашигт харшилдаггүй хууль гаргах ёстой. Хэрвээ энэ хуулийг батлах гэж байгаа бол хоёр, гуравдугаар зүйлийг хэлэлцүүлгийн шатанд хасаад явна биз. Хууль  тогтоомжийн хэрэгжилтэд УИХ хяналт тавина. Энэ мэт асуудлаа анхаараад явах нь зүйтэй болов уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь явсаар хүний эрхийн асуудалтай холбоотой. Хууль зүйн сайдад хэлье. Үг хэл, үзэл бодол, үйлдлээрээ үлгэр дууриал болъё. Хууль тогтоомжийг хүчирхийллийн эсрэг хандуулъя. Хүчирхийллийн цар тахал өндөр байна. Үүнийг нухчин дарах ёстой. Ганцхан бие махбодын хувьд биш, эдийн засгийн хувьд хүчирхийлэл байна. Эрчүүдийн хувьд ч хүчирхийллийн асуудал яригдаж байна. Шударга ёс нухчин дарж байгаа газар хүчирхийлэл гаарч байдаг. Гар гараа барилцаад хүчирхийллийн эсрэг дуугарах ёстой. Хүчирхийллийн эсрэг үйлдэл ганцхан цаасан дээр байх ёсгүй. Бодит үйлдлүүдийг хийх ёстой. Нийгмийн төлөө хамтдаа байж байж цар тахлын давна, хүчирхийллийг давна. Монголд хүчирхийлэл аймшигтай түвшинд байдаг. Хамгийн түрүүнд хүчирхийллийн эсрэг анхаарлаа хандуулахыг хүсч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ПҮРЭВДОРЖ: 

-Дэмжихгүй байна. Миний өргөн барсан 10 гаруй хууль бий. Дөрвөн хууль өргөн баригдсан. НӨАТ-ын тухай хууль байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барина. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хууьд өөрчлөлт оруулна. Сум хөгжүүлэх сангийн тухай хуулийн төслийг өргөн барина гээд олон хуулийн төслүүд оруулж ирэхээр төлөвлөж байна. Гишүүд дэмжиж өгөөрэй. 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:  

-Бие биедээ эерэг хандлагаар, хэлбэрдэх биш агуулга талаасаа, зөв бодлого явуулж анхаарч ажиллацгаая. Хэлбэрдэх биш, агуулга талдаа анхаарч, эерэг гоё байх талдаа анхаарч ажиллая гэж бодож байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг дэмжиж байна. 2015 онд батлагдсан хуулийг торгуулийн нэг нэгжийг 2000 төгрөгөөр торгодог байсныг, 1000 болгож хоёр дахин бууруулсан. Торгохоос илүү сануулдаг,  дэмждэг байя гэж бодож байна. Ийм маягаар алдаануудаа засъя. Төрийн бодлого зөв байх тал дээр анхаарч ажиллая. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР: 

-Монгол Улсад хууль багадаагүй. Хангалттай байгаа. Хуулийг гаргахдаа бид тунхагийн чанартай гаргадаг гэдэгтэй би санал нэгддэг. Олон гишүүн шүүмжилдэг. Олон улсын хуулиудыг гаргаж байгааг харахад манайх зузаан нимгэнээрээ ч тэнгэр, газар шиг байгаа. Би чиглүүлэн чичлүүлэн байж 2000 төгрөгийг 1000 төгрөг болгосон. Намайг шөнө, өдөргүй телевизээр муулсан. Тухайн үед би ганцаардсан. Сэтгүүлчид ч намайг муулсан. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүд байна. Хуулийг журам гаргахгүй болтол сайн хийх хэрэгтэй. Хуулийг цоорхойгүй болгох тал дээр Хууль зүйн яамныхан анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа.

Байнгын хорооны саналаар УИХ-ын тогтоолын төслийг үзэл бармталын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж байна. 

Хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 45 нь дэмжиж, 71.4 хувийн саналаар нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

12 : 29
2020-12-11

Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийг даапаалахаа болих хэрэгтэй

УИХ-ын ГИШҮҮН Ш.АДЪШАА:

-Хууль тогтоомжийн төслийг дэмжих боломжгүй байна. Ц.Даваасүрэн гишүүнтэй санал нэг байна. Х.Нямбаатар гишүүн УИХ-ын гишүүдийг даапаалсан байдлаа болих хэрэгтэй. Х.Нямбаатар, С.Бямбацогт хоёрын ярьж байгаа бодит амьдралд тэмээ, ямаа шиг зөрүүтэй байна. Х.Нямбаатар та өнөөдөр Оюутолгойн тухай, Эрдэнэтийн 49 хувийн талаар та юу ч ярихгүй байна. Та олонх болж байж олон юм яриарай гэсэн. Та бяртай байж болно. Бид ард түмнээс мандат авсан УИХ-ын гишүүд шүү. Хууль тогтоомжийн тухай хуульд хэзээ өөрчлөлт оруулах вэ? 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад давхардсан олон зүйлүүдийг нэгтгэх асуудал орж ирж байгаа. Адъшаа гишүүн та байнга над руу давшлах юм. Эрдэнэт өнөөдөр төрийн өмчдөө ирээ биз д ээ. Ийм юм ярих гэж байгаа бол хоёулаа уулзаж суугаад ярилцъя.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ

-Хамгийн гол нь боловсронгуй болгох гэдэгт ач холбогдол нь байгаа гэж харж байна. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр 2 гэдэг баримт бичгийг батлах гэж байгаа юм байна. Эрэмбэлэх тал дээр бид анхаарах ёстой. Эх хэлний тухай хуулиа хэзээ оруулж ирэх юм бэ. Соёлын хууль, Донорын тухай хуулид байна. Шүгэл үлээгчийн тухай хууль гэж хуулийнхаа нэр томъёо, агуулгыг хөрсөн дээр буулгахад анхаарах ёстой гэж бодож байна. Агуулгынх нь хувьд хуулиудаа эрэмбэлж оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй. Гадаадын зээл тусламжийг ямар хуулиар зохицуулах вэ?

ХЗДХЯ-ны ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:

-Эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулаад 2021 онд танилцуулахаар төлөвлөж байна. Энэ хөтөлбөрийг танилцуулахдаа Эрх зүйн шинэтгэл 1 хөтөлбөрийг дүгнэснээ танилцуулна. Их хуралд өргөн барьсан 40 хууль Үндсэн чиглэлд тусгагдаагүй байгаа. Донорын тухай хуулиас Цусны донорын тухай хуулийг нарийвчилж тусгаж өгсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Эдийн засгийг дэмжих хуулиуд дутмаг байна. Хуулиудын хэрэгжилт ямар байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэлэлцэж буй хууль тогтоомжийн хүрээнд ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. 201 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр батлуулахаар тусгасан. 50 орчим хувийг шинэчлэх гэж байгаа юм байна. Яагаад 50 хувь нь шинэчлэгдсэнгүй. Ямар шалтгаан байна вэ.  Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль ярьж байна. Шүгэл үлээгч гэж албан ёсны нэршил мөн үү. Биш бол албан ёсны нэршлээр нь нэрлэх хэрэгтэй болов уу. Хөнгөн үйлдвэрийн тухай хууль 2023 он хүртэл хойшлоод байх юм уу. Оноор эрэмбэлсэн эрэмбийг сайн авч үзмээр байна? 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-201 хууль өргөн баригдсанаас 96 хууль буюу 50 орчим хууль батлагдсан уу гэдэг үнэн. Дундуур нь цаг үеийн шинжтэй олон хууль орж ирдэг. Тухайлбал, ФАТФ, эдийн засгийг дэмжих хууль гээд. Яамны хувьд бусад яамдаас ирсэн санал, цаг хугацааны календарьчилсан төлөвлөгөөг үзээд үндсэн чиглэлд эрэмбэлсэн эрэмбийг нэмж оруулж ирж баайгаа. 2020 онд 33 хууль өргөн барихаар төлөвлөөд явж байна. Гол ачааллыг 2021, 2022 онд тавьж байгаа. Гол хуулиудаа энэ онд өргөн барьж батлуулах хуулиудаа тавьж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:

-Бид 200 мянган үгээр ярьдаг байсан бол одоо нийгмийн сүлжээний хүрээнд 20 мянган үгээр ярьдаг болжээ. Эх хэлний тухай хуулиа ярих хэрэгтэй. Монгол хэл мөхөж буй таван хэлний нэгд багтсан байна. 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ

-Монгол хэлний тухай хууль өнгөрсөн парламентаар батлагдсан, удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Хэд хэдэн хууль орж ирээгүй байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ганцаараа ярих биш яамдын төлөөллүүд энд байж байх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль орж ирээгүй байна. Тариалангийн тухай, Бэлчээрийн тухай хууль орж ирээгүй байна. Хэдэн зуун жил эрхэлсэн мал аж ахуй тариалангийн талбай руу орж ирээд асуудал гардаг. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье, ажлын байр бий болгоё гэж. Үүний цаана ядуурлаа бууруулах. Үйлдвэрлэлийн тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон. Үйлдвэржилтийг дэмжих хуулиа сэргээж, зайлшгүй оруулж ирэх хэрэгтэй байна. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэх ёстой. Х.Нямбаатар, таны биеэ тоосон байдлыг гишүүд ярьж байна шүү. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг ял гэдэг талаас нь би ярьсангүй.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжээд явж байна. Илүү их мэдээлэлтэй болж байна. Цаашид илүү боловсронгуй болох байх. Жилд 7-8 мянган хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас шийтгүүлж байна.

Энэ чиглэлээр тодорхой үр дүнгүүд гарах байх. Бэлчээрийн тухай хуулийн чиглэлээр яам хамтраад ажиллаж байна. Тариалантай холбоотой асуултын тухайд тариалангийн даатгалын асуудлыг хуулиар зохицуулъя гэж яригдаж байна. Тодорхой ажлууд ирэх 2021, 2022 онд хийгдэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Олон хуульд өөрчлөлт оруулж байна. Амьдралд хэрэгжихгүй хуулиудын судалгаа, тооцоо байна уу?

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ

-149 хууль их юм биш үү гэж та ярьж байна. Одоо харьцангуй, зайлшгүй шаардлагатай болоод эдгээр хуулиудад өөрчлөлт оруулж байгаа юм. Үндсэн хуульд бид нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулиудын давхардал, хийдлийг алга болгох, боловронгуй болгох шаардлагатай байгаа учраас хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж байгаа юм.

11 : 17
2020-12-11

"Яагаад УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдаж байгаа юм бэ"

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ

-Хууль зүйн сайдаас асууя. Хуулиуд хэр сайн боловсрогдон гарч байгаа бол. Батлагдан гарснаасаа хойш тун удалгүй нэмэлт, өөрчлөлт орох шаардлага гараад байх юм. Сайн судалгаа тооцоотой, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн байвал цоорхой гарахгүй. Хэд хэдэн хуульд жил хүрэхгүй нэмэлт, өөрчлөлт орсныг сайн санаж байна. Тооцоо судалгаа байна уу. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр сурсан оюутнуудын диплом нам дарагдсан. Гадаадад өндөр зээлээр сурсан хүмүүстэй андуурагдаад, 1000 гаруй багшийн диплом хураагдчихсан. УИХ-аас шийдвэр гарч байж шийдэгдэх асуудал гэдэг? 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-2017 оноос эхээд бид хууль тогтоомжийн хуулийн хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъект хууль боловсруулах эрхтэй болсон. Түүнээс хойш судалгаа хийгдэж, хэлэлцүүлэг өрнүүлж, хууль тогтоомж боловсруулагдан  гарч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:

-Би тогтоолын төслийг дэмжихгүй байна. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулан хууль санаачлах эрхтэй. Яагаад тогтоолоор УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхэнд саад болж байгаа юм бэ?

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Даваасүрэн гишүүн буруу ойлголттой байна. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд халдаагүй. Үндсэн чиглэл гэдэг Монгол Улсын Засгийн газраас хууль зүйн бодлого тодорхойлох хууль тогтоожийг яаж боловсронгуй болгох вэ л гэдэг асуудал.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Үе үеийн парламентад байнга орж ирдэг асуудал. Хэрэгжилт нь ямар байдаг вэ_ Дампуурлын тухай, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай, Архидан согтуурах тухай хуулиуд хэзээ орж ирэх вэ? Зээлийн хүүг тогтоох тухай хууль юу болж байна вэ?

Энэ бол Хууль зүй яамны л төлөвлөгөө. Тэрнээс Ерөнхийлөгч, УИХ-д хамаарах асуудал алга. Хүлээх хариуцлага нь тодорхойгүй. Хуульд их өөрчлөлт оруулах сайн биш. Цаашид анхаарах хэрэгтэй. Чимид багш хэлсэн. Хуулийг байнга тонгочоод байх хэрэггүй. Бодлого тонгочно. Хуульд олон өөрчлөлт оруулах сайн биш. Нийгмийн эрэлт шаардлагаа давуулж, эсвэл угтаж харж байж зохицуулалт орох ёстой. Нийгмийн харилцааны хөгжилд нийцүүлэх, түүнийг урагшлуулах, боловсронгуй болгох асуудал. Үүнийг анхаарах хэрэгтэй. 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

Хууль тогтоомжийг дөрвөн жилийн хугацаанд хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг гэдэг бичиг баримт. Дампуурлын харилцааг боловсронгуй болгохгүй бол болохгүй байгаа. Арванхоёрдугаар сардаа багтааж өргөн барих гэж байна. Архидан согтуурах тухай, Мөнгөн зээлийн үйлчилгээний тухай асуудал Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар орох гэж байна. Шүгэл үлээгчийн хуулийг Д.Цогтбаатар гишүүн төлөвлөөд ажиллаж байсан. Гишүүдийн өргөн барих хуулийн хүрээнд явах байх. Нэг зүйлийг ойлгоорой. Гишүүдийн хууль санаачлах эрх нь нээлттэй байгаа. Гол нь иргэний, гишүүдийн эрх гэж хоёр  юм байгаа. Энийгээ эрэмбэлэх асуудал чухал. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: 

-Даваасүрэн гишүүний хэлж буй зөв шүү. Би 6.2-оор их ноцтой зүйл орж ирсэн. Ард иргэдийн хүсч буйгаар хууль санаачлах боломжгүй байна. Засгийн газрын хуулийн хэлтэс УИХ болмооргүй байна. Нэн яаралтай, чухал хоёр асуулт асууя. Худалдааны тухай малгай хуулиар нь оруулж ирж болдоггүй юм уу. Ажлын байр бий болгож байгаа, бизнес эрхлэгчийг хамгаалах тухай хууль манайд байхгүй. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийн тухай хууль. Энэ хүмүүсийн институцийнх нь эрх ашгийг хамгаалсан хууль оруулж ирэхгүй бол хэдэн лоббичдын эрх ашгийн тухай хууль оруулж ирдэг. Оюутолгойн талаар гаргасан хуулийн хэрэгжилтийг бид харж чадахгүй. Яаралтай хууль оруулж ирэх хэрэгтэй.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Таны хууль санаачлах эрх хэзээ ч хязгаарлагдахгүй. Та ерөөсөө ойлгомжгүй юм бүү ярь. Таны санаачилсан нэг ч хууль яаманд ирээгүй. Камер харахаараа битгий худлаа ярь. Их хурал дээр таны санаачилсан Оюутолгойн нэг ч төсөл орж ирээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж