Covid-19 ба хүн чанар шалгасан өдрүүд!

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Covid-19 ба хүн чанар шалгасан өдрүүд!

Covid-19 ба хүн чанар шалгасан өдрүүд!

Covid-19 цар тахал Монголын нийгмийн дархлааг шалгуур болжээ.  Тэр тусмаа хөл хориотой энэ өдрүүдэд хүмүүс хэн болохоо, хүн чанараа харуулж байна.   Нэг хэсгийнх нь увайгүй зан тодорч, нөгөө хэсэг нь хүний ёсыг дээдэлж, цар тахал нэг үгээр хэлбэл, хүн хоорондын харилцааны  нэг шалгуур болсон байна.  Ингээд хөл хориотой энэ өдрүүдэд ч хүн чанараа алдаагүй, сонирхолтой, эерэг үйл явдлуудыг сонирхуулъя.

Хээр осгон, ухаангүй хэвтэж байсан иргэнийг цагдаагийн алба хаагч олж, эмнэлэгт хүргэв. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 5-нд 17.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Эрдэнэцогт сум руу явах замд /гармын ойролцоо/ хээр цасан дээр 33 настай, эрэгтэй Г нь осгосон байдалтай ухаангүй хэвтэж байжээ. Тухайн иргэнийг аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Түмэннасан албан үүргээ гүйцэтгэж явахдаа олж амийг нь авран, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн юм.

Говь-Алтай аймгийн эмч нар, ЭХЭМҮТ-ийн эмч нар хамтран дөрөв хоногтой нярайд мэс засал хийсэн нь амжилттай болж, амьдрал бэлэглэлээ.  ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор  А.Цэнджав, мэдээгүйжүүлэлтийн эмч С.Сэргэлэн нар өнгөрсөн Даваа гаригт /2020.12.07/ яаралтай дуудлагаар тус аймгийг зорьж, дөулаанхоолой, 12 хуруу гэдэсний хавсарсан битүүрэлтэй төрсөн дөрвөн хоногтой нярайд мэс засал хийсэн байна.  

 

АНУ-д амьдардаг Т.Тэгш-Өлзий 1000 ам.доллар хандивлаж, нийслэлийн гэр хороололд амьдардаг иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгчээ. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод тракны жолоочоор ажилладаг байна.

Монголчууддаа туслахын тулд “Хүн чанар” нэвтрүүлгийн багтай холбогдон “Хэдийгээр би баян хүн биш ч, телевиз үзээд хоногийн хоолоо дэлгүүрээс зээл авч залгуулж байгаа дэвтэр дүүрэн өртэй хүмүүст бага ч болов тус дэм болохоор холбогдож байгаа юм” хэмээн хэлээд нэвтрүүлгийн багийнханд 1000 ам.доллар шилжүүлжээ. Уг хандивыг хүлээн авсан “Хүн чанар” нэвтрүүлгийн хамт олон гэр хорооллоор явж, Т.Тэгш-Өлзийтэй дэлгүүрийн хүмүүсийг шууд холбож олон айл өрхийн өрийг тэглэж өгчээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах аравдугаар ангийн дөрөвдүгээр салааны найман алба хаагчид өөрсдийн санаачлагчаар “Дэлхийн цэрэг-Монгол цэрэг” нэгдэлтэй хамтран өрх толгойлсон эмэгтэйд өчигдөр /2020.12.11/ тусаллаа. Тус алба хаагчид нь цалингаасаа тус бүр 70 мянган төгрөгийн хуримтлал үүсгэснээр энэ үйл хэргийг хэрэгжүүлсэн байна. Дээрх явдал нь цэргийн хүний эх орноо ард түмнээ гэсэн сэтгэл, өргөсөн тангарынхаа үнэ цэнийг батлан харуулсан явдал боллоо хэмээн хүмүүс  ам сайтай байгаа юм.

Үүнээс гадна  "Дархан, Сэлэнгийн бүс нутгаас ирсэн иргэд Нийслэлийн 22-ын товчоон дээр шинжилгээгээ хүлээн хоол, ундгүй зарим нь хоёр хонож байна" гэсэн мэдээллийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн залуучууд өөрсдийн өдрийн хоолоо аваачиж өгсөн байдаг. Мөн Өмнөговьд нүүрс тээвэрлэдэг жолооч нар мөнгө нийлүүлж, амьдрал тааруу харж хандах хүнгүй ахмадуудад хүнсний тусламж үзүүлсэн билээ.

Ийнхүү монголчууд цар тахлын аюулыг хамтдаа давахаар  сайхан сэтгэлийн үзүүрт тос байдгийг ч харуулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж