Иргэншлээ сольсон Монгол сүмочид

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Иргэншлээ сольсон Монгол сүмочид

Иргэншлээ сольсон Монгол сүмочид

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд албан ёсоор Япон улсын иргэншилтэй болсныг өчигдөр/2020.12.10/ хэвлэлүүд нь мэдээлсэн. Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болсноор зодог тайлсныхаа дараа сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байна. Амаргүй сонголт хийж, иргэншлээ сольсон Монгол сүмочдын тухай мэдээлэл хүргэе. Алдар нэрээ тив дэлхийд цуурайтуулсан Монгол сумочдоос эдүгээ долоо нь иргэншлээ сольжээ.

  • Хакүхо М.Даваажаргал

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, сүмогийн түүхэнд хамгийн олон түрүү хүртсэн Хакүхо М.Даваажаргал 2019 онд Япон улсын иргэншил авч, Хакүхо Шоо хэмээх нэртэй болсон билээ. Тэрбээр 2001 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмод хөл тавьснаасаа хойш сүмогийн түүхэнд дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон давсан, ёкозүна цолтой хамгийн удаан барилдаж буй бөх болжээ. Хакүхо М.Даваажаргал зодог тайлсныхаа дараа сүмогийн холбоонд үлдэж, Мияагино дэвжээг өвлөн авч, удирдах төлөвлөгөөтэй байгаа. Тэрбээр өөрийнхөө гарын шавь нарыг бэлдэж эхэлсэн бөгөөд Даикихо, Энхо зэрэг бөхчүүд дээд зиндаанд барилдаад эхэлжээ.

  • Кёкүтэнхо Н.Цэвэгням

Монголын сүмочдын анхны алтан хараацайнуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням 2015 оны долдугаар сард 25 жил зүтгэсэн их спортоосоо зодог тайлж буйгаа мөн Япон улсын иргэншил авснаа зарласан юм. Тэрбээр иргэншлээ сольж, зодог тайлсныхаа дараа тэтгэвэртээ гарсан озэки асан Асахикүнигээс Томозүна дэвжээг өвлөн авсан. Кёкүтэнхо Н.Цэвэгням өдгөө Ошима ояката нэрээр сүмогийн холбоонд ажиллаж байгаа бөгөөд түүний Япон нэрийг Ота Масарү гэдэг.

Кёкүтэнхо Н.Цэвэгням бол дээд зиндаанд түрүүлсэн хамгийн ахмад бөх.

  • Асасэкирюү Б.Дашням

Асашорюү Д.Дагвадоржийн дотны найз, нэг дэвжээний бөх Асасэкирюү Б.Дашням 2017 онд зодог тайлж буйгаа зарлаж, удалгүй Японы улсын иргэн болсон. Тэрбээр саяхан Такасаго дэвжээний дараагийн эзнээр тодорсон юм. Такасаго бол сүмогийн хамгийн алдартай дэвжээнүүдийн нэг бөгөөд энэ л дэвжээнээс Асашорюү Д.Дагвадорж, Асашио Тарогийн гурвал, Азүмафүжи Киничи, Нишиноүми Кажиро, Конишики Яасокичи, Маэдаяама Эигоро зэрэг их аваргууд төрөн гарсан юм. Асасэкирюү Б.Дашням Нишикижима ояката хэмээх нэрэн дор сүмогийн холбоонд ажиллаж байна.

  • Кёкүтэнзан Б.Энхбат

Монгол сүмочдын алтан хараацайнуудын нэг Кёкүтэнзан Б.Энхбат 2005 онд Япон улсын иргэн болж, 2007 онд сүмогоос зодог тайлсан. Зодог тайлаад сүмогийн холбоонд үлдэлгүй Герман рүү шилжин суурьшжээ. Тэрбээр Герман, Нидерландад сүмогийн эрдмийг европчуудад зааж байсан гэнэ.

  • Шотэнро Д.Нямсүрэн

Хакүхо М.Даваажаргалтай нэгэн үеийн бөх Шотэнро Д.Нямсүрэн 2017 онд Япон улсын иргэншил авч, үүнээс удалгүй 2018 онд зодог тайлсан. Тэрбээр өдгөө сүмогийн холбоонд Касүгаяама ояката хэмээх нэрэн дор ажиллаж байгаа. Шотэнро Д.Нямсүрэн 2011 онд Кёкүтэнхо Н.Цэвэгнямын дүүтэй гэр бүл болсон билээ.

 

  • Токитэнкү А.Хүчитбаатар

Хөл мэхээрээ алдартай байсан Токитэнкү А.Хүчитбаатар асан 2014 онд Япон улсын иргэншилтэй болж байлаа. Ердөө нэг жилийн дараа буюу 2015 онд тэрээр цусны хорт хавдартай гэдэг нь оношлогдож, 2016 онд их спортоосоо зодог тайлж, дасгалжуулагч болохоор шийдсэн. Тэрээр зодог тайлсныхаа дараа дэвжээ удирдах эрхтэй болсон анхны Монгол гаралтай сүмоч болсон юм. Гэвч харамсалтай нь, монголчуудын төдийгүй япончуудын хайр, хүндлэлийг хүлээсэн Токитэнкү А.Хүчитбаатар ердөө 37 насандаа тэнгэрт хальсан билээ.

  • Какүрюү М.Ананд 

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд одоогоор иргэншлээ сольсон хамгийн сүүлийн сүмо бөхөөр тодроод байна. Түүнд Мичинокү дэвжээг эзэмших том зорилго бий. Өдгөө 35 настай тэрбээр дээд зиндаанд зургаан түрүү хүртсэн амжилттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж