АНУ-ын цэргүүд 2001 онд Афганистанд цөмрөн орж, Талибаны тогтоосон хатуу дэглэмийг түлхэн унагаснаас хойш талибууд өдөр ирэх тусам улам баян, улам хүчирхэг болсоор ирсэн билээ.
Тухайлбал, 2020 оны гуравдугаар сар дуусахад Талибаны зэвсэгт дайчид нийт 1.6 тэрбум ам.долларын орлого олсон гэнэ. Эл мэдээллийг талибын шашны удирдагч Мулла Мухаммед Омар агсаны хүү Мулла Якуб НАТО-ын захиалгаар олж аван нийтэд дэлгэсэн аж.
Харьцуулж үзвэл Афганистаны засгийн газар тус санхүүгийн жилд 5.55 тэрбум ам.долларын орлого олжээ. Талууд өдгөө 19 жил үргэлжилсэн дайныг эцэс болгохоор энхийн гэрээ байгуулахаар хэлэлцсээр байгаа билээ.
- Хар тамхи- 416 сая ам.доллар
НҮБ-ын дэлхийн хар тамхины 2020 оны тайланд дурдсанаар сүүлийн таван жилийн турш дэлхий нийт намуу цэцгийн бүтээгдэхүүний 84 хувийг Афганистан дангаараа хангаж байна.
Намуу цэцэг тариалдаг талбайнуудыг талибууд удирддаг тул тус хууль бус наймааны ихэнх ашиг Талибанд очдог аж. Түүнчлэн Кабул дахь бие даасан судалгааны байгууллага болох Афганистаны судалгаа, үнэлгээний албанаас 2008 онд зарласанчлан Талибан мансууруулах бодис үйлдвэрлэлийн сүлжээний дамжлага бүрт 10 хувийн татвар ноогдуулдаг. Үүнд мансууруулах бодисын гол орц болох намуу цэцгийн тариаланчид, намуу цэцгийн үрийг мансууруулах бодис болгодог лаборитариуд, эцсийн бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг наймаачид орох аж.
- Уул уурхай- 400-464 сая ам.доллар
Уулархаг Афганистаны газар нутагт төмрийн хүдэр, гантиг, зэс, алт, цайр болон бусад металл, газрын гүний ховор эрдсүүдийг олборлох нь Талибаны хувьд өдөр ирэх тусам улам их ашгаа өгч буй ирээдүйтэй бизнес юм. Афганистаны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж буй жижиг гарын уурхайчид, том гарын афган уурхайнууд бүгд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд Талибаны зэвсэгт дайчдад мөнгө төлдөг аж. Хэрвээ мөнгө төлөхгүй бол үхлийн аюул заналхийлдэг гэнэ.
Талибаны чулуу, уул уурхайн холбооны мэдээлж буйгаар талибууд жилд уул уурхайгаас дор хаяж 400 сая ам.доллар олдог аж. 2016 онд л гэхэд талибууд уул уурхайгаас ердөө 35 сая ам доллар олдог байсан нь өдгөө ингэж өссөн байна. Гэвч НАТО-ын зүгээс Талибаныг уул уурхайгаас дор хаяж 464 сая ам.доллар олдог хэмээн үзэж байгаа аж.
- Дээрэм ба татвар- 160 сая ам.доллар
Талибууд улам өргөжсөөр буй өөрсдийн эзэлсэн газар нутаг дээрээ яг л засгийн газар шиг иргэд, байгууллагуудад татвар ногдуулж, тэр байтугай татвар төлсөн гэх албан ёсны баримт олгодог аж.
Татвар төлөх ёстой салбаруудад уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, олон улсын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын төслүүд багтдаг гэнэ. Мөн түүгээр зогсохгүй талибуудын мэдлийн нутаг дээр жолооч нар хурдны зам ашигласны татвар төлөх ёстойгоос гадна иргэд дэлгүүр ажиллуулахын тулд бизнес хийх эрх талибуудаас худалдаж авдаг аж.
Мөн Талибаны зүгээс газар тариалангийн салбарт “Ушр” хэмээх уламжлалт аргаар тариачдад 10 хувийн татвар ногдуулж, ургац хураах бүрт нь “Закат” гэх 2.5 хувийн татвар нэмж авдаг байна.
Мулла Якубын мэдээлснээр эдгээр татвар буюу дээрэм хэмээн үзэж болохуйц үйл ажиллагаагаар Талибан жил бүр 160 сая орчим ам.доллар олдог гэнэ.
Газар тариалангийн салбарт намуу цэцгийн тариачид мөн багтаж байгаа билээ. Иймд тэд газар тариалангийн салбарын татвараас гадна дээр дурдсан мансууруулах бодисын татвар төлдөг байж магадгүй юм.
- Хандив- 240 сая ам.доллар
Талибууд дэлхийн өнцөг булан бүрт байрлах олон улсын хүрээлэнгүүд болон хувийн хөрөнгө оруулагчдаас их хэмжээний санхүүгийн тусламж авдаг.
Тэдгээр хандив, тусламжийн ихэнх нь Персийн булан дахь орнуудын буяны болон хувийн байгууллагуудаас ирдэг аж. Персийн булангийн орнууд эртнээс талибуудад ээлтэй хандаж, тусалсаар ирсэн юм. Тус хандивууд жил бүр ойролцоогоор 150-200 сая ам.доллараар нэмэгддэг хэмээн Афганистаны судалгаа, бодлогын төв үзэж байгаа аж. Мөн тэдгээр санхүүжүүлэгчид нь АНУ-ын сангийн яамны терроризмыг санхүүжүүлэгч бүлгүүдийн жагсаалтад байдаг гэнэ.
Түүнээс гадна Саудын Араб, Пакистан, Иран, Персийн булангийн зарим орнуудад энгийн иргэд хүртэл Талибаныг дэмжиж, хандив илгээдэг бөгөөд хандив цуглуулдаг Хаккани сүлжээнд жил бүр 60 сая ам.доллар орчим хандив цуглардаг хэмээн АНУ-ын терроризмтой тэмцэх агетлагууд мэдээлжээ.
- Экспорт- 240 сая ам.доллар
Хууль бус мөнгийг угаахын тулд талибанчууд өдөр тутмын хэрэглээний төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг импортолж, экспортолдог гэж НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл мэдээлжээ. Тийнхүү мөнгө угаах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог компаниуд дунд автомашины сэлбэг импортолдог, угсарсан тээврийн хэрэгсэл, сэлбэг хэрэгслийн наймаа хийдэг үндэстэн дамнасан Noorzai Brothers Limited компани багтдаг аж.
Экспортоос олсон Талибаны цэвэр орлого жилд 240 сая ам.доллар орчим хэмээн үнэлэгддэг. Тус үнэлгээнд намуу цэцгийн бүтээгдэхүүн, газрын баялаг зэргийн экспорт багтаж байгаа тул дээрх баримтуудтай зарим талаар давхцаж магадгүй юм.
- Үл хөдлөх хөрөнгө – 80 сая доллар
Талибанчууд Афганистан, Пакистан тэргүүтэй хэд хэдэн улс оронд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэж Мулла Якуб мэдээлжээ. Тэрбээр НАТО-д талибууд олон улс дахь үл хөдлөх хөрөнгөөсөө жилд ойролцоогоор 80 сая ам.долларын ашиг олдог хэмээн мэдээлсэн байна.
- Зарим улс орнууд
BBC агентлагийн мэдээлж буйгаар АНУ-ын нууц тайланд дурдсанчлан 2008 онд Талибанчууд гадаадын эх сурвалжаас, ялангуяа Персийн булангийн улсуудаас 106 сая ам.доллар авсан аж.
Харин өдгөө Орос, Иран, Пакистан, Саудын Арабын засгийн газрууд бүгд Талибаныг санхүүжүүлж байна хэмээн АНУ болон олон улсын эх сурвалжууд мэдээлэх болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдгээр улсуудаас илгээж буй санхүүжилт жилд 500 сая долларт хүрч болзошгүй гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар тус орлогын нийт хэмжээг хэлэхэд хэцүү байгаа юм.
Энх цагийг авчрах шаардлага
Бараг 20 жилийн турш талибуудын олсон асар их баялаг нь Афганистан дахь сүйрэл, устгал, үхлийг санхүүжүүлж ирсэн. Афганистаны засгийн газар ч гэсэн тэдэнтэй тэмцэхийн тулд ихэвчлэн нийтийн үйлчилгээ, эдийн засгийн хөгжилд зарцуулж болох байсан хөрөнгөө дайн байлдаанд үрэн таран хийсээр ирлээ.
Афганистан дахь энхийн хэлэлцээр нь засгийн газарт нөөц боломжоо хэрэгтэй салбарт нь дахин чиглүүлэх боломжийг олгох юм. Түүнээс гадна энхийн гэрээний ачаар Афганистаны засгийн газар одоо Талибаны удирдаж буй уул уурхай гэх мэт салбарын асар их ашгийг шинэ орлогын эх үүсвэр болгон ашиглах боломж бүрдэх билээ.
Цаашлаад энх тайван байдал тус улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, засгийн газар нь АНУ, Европын холбоо зэрэг хандивлагчаас хараат байхаа болиход том нэмэр оруулах найдвар төрж байгаа юм. Дайны хөлд нэрвэгдсэн Афганистанд энх тайвныг үндэслэх олон шалтгаан бий. Түүний дунд санхүүгийн дээрх байдал маш чухал билээ.
Эх сурвалж: CONVERSATION
Холбоотой мэдээ