АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены хүү Хантер Байденыг Холбооны прокурорын газар татварын асуудлаар шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрбээр энэ талаар “Энэ асуудалд би тун нухацтай хандаж байна. Би татварын мэргэшсэн зөвлөхүүдийн тусламжтайгаар ажил үүргээ хууль ёсны дагуу гүйцэтгэсэн. Асуудлыг мэргэжлийн түвшинд, бодитоор авч хэлэлцэх нь энэ бүхнийг батлан харуулна гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн саруудад над руу чиглэсэн дайралтууд ширүүссээр байгаа ч бүгдийг нь амжилттай даван гарч байна” хэмээн мэдэгджээ. Харин түүний эцэг Жо Байден хүүгээрээ бахархаж буйгаа илэрхийлсэн байна.
Өдгөө 50 настай Хантер Байденыг 2018 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь Жо Байден болон түүний хүү авлигын хэрэгт холбогдсон гэх Трампын мэдэгдлээс тусдаа асуудал ажээ. Одоогоор түүний шалгагдаж буй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC