Ардчилсан намаас өнөөдөр (2020.12.10) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хүний эрхийн өдөр иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчийг баривчилсан нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байгаа учраас өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө суллахыг шаардаж байгаагаа илэрхийлэв. Мөн төрийн буруу шийдвэр, үйл ажиллагаанаас бол хүний амь эндсэн харамсалтай хэрэг гарсан, иргэд цар тахлаас илүү эмнэлгийн тусламж авч чадахгүй, хөдөлмөр эрхэлж чадахгүй зэрэг хүний эрхийн олон зөрчил өнөөдөр үүссэн учраас Ардчилсан нам цаашид тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
"АН ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ, БАРИВЧИЛСАН СЭТГҮҮЛЧДИЙГ ЯАРАЛТАЙ СУЛЛАХЫГ ШААРДАВ"
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.НҮРЗЭД:
-Өнөөдөр Хүний эрхийн өдөр. Эрх баригчид хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Өвчин, тахлаар далимдуулж, хүний эрхийг ноцтой зөрчиж, амьд явах эрхэд халдаж байна. АН-ын бүлгээр дамжуулан Засгийн газарт АН мэдэгдэл хүргүүлсэн. Хүний эрхийг үгүй хийж, МАН-ын олон түүх давтагдаж байгаад харамсч байна. Өнөөдөр сэтгүүлчдийг ч баривчилж, саатуулж, дөрөв дэх засаглал руу төр засаг төмөр нүүрээ харуулан хүчтэй дайрч, хэвлэлийн эрх чөлөөг боомилж, монголчуудын мэдэх эрхийг зөрчиж байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа нь цаашид ард түмний мэдэх эрхийг хааж боох гэсэн оролдлого, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. МҮОНРТ бол ард түмнээс татвар авч, цалинждаг. Энэ олон нийтийн телевизэд МАН-ынхан өөрсдийн хүнээ томилох гэсэн үйлдлийг жирийн сэтгүүлчид нь эсэргүүцсэний төлөө баривчилж, хорьж болохгүй. Тиймээс эрх баригчид улаан зурвас давсан гэж үзэж байгаа учраас Ардчилсан нам тэмцэх болно.
АН-ын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ:
-Ардчилсан нам яагаад чимээгүй байсан бэ гэж их гайхдаг. Бид бүтэн жилийн хугацаанд төвлөрсөн удирдлагаар ард түмнээ хамгаалж, цар тахлын үед иргэдээ хамгаалж, давж гарч, үндэсний эв нэгдлийг баримталж ирсэн. Гэхдээ өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр, бидний 30 жилийн турш тэмцэж ирсэн, хувь хүний эрх чөлөө рүү МАН халдаж байна. МҮОНРТ-ийн сэтгүүлчдийг баривчилсан байна. Тиймээс өнөөдөр ажлын цагт багтаж, сэтгүүлч нарыг суллахыг шаардаж байна. Мөн эрүүл мэндийн төлөө тогтоосон хөл хорио өөрөө эмнэлгийн тусламж авч чадахгүй байдалд иргэдийг түлхэн оруулж байгаад харамсч байна. Хөл хорионы үеэр өвчтэй хүмүүсийг аврах, өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ямар ч төлөвлөгөө байхгүй байгаа нь Архангайгаас ирээд нас барсан, 10 настай хүүхэд нас барсан үйлдлүүд харуулж байна. Өнөөдөр төр засагт системийн гажуудал үүссэн, цар тахал гэдгийг тоть шиг давтахаас илүү ямар ч төлөвлөгөөгүй ажиллаж байна. Хоол тэжээлийн дутагдал, ажил хийж амьжиргаагаа авч явах, хувийн хэвшлийг хамгаалах зэрэг олон зүйл дээр төлөвлөгөөгүй байгаа нь харагдаж байна. Цар тахлын үед сэтгүүлчдийг өнөөдрийн дотор суллах, хүний амьд явах, эмнэлгийн тусламж авах төлөвлөгөөг төрийн бүх салбарт хийх, хоол хүнсний дутагдал, хувийн хэвшлийг дэмжихэд даруй арга хэмжээ авахыг Ардчилсан нам шаардаж байна.
АН-ын гишүүн Р.БУЛГАМАА:
-Ардчилсан намаас хуульчдыг ажиллуулж, төрийн бодлого хууль зөрчиж байгаа эсэх, хүний эрх зөрчигдсөн энэ асуудалд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, алдаа дутагдал байгаа эсэх дээр ажилласан. Цар тахлаар нэг ч хүний амь эрсдээгүй байхад төрийн бодлогын алдаатай шийдвэрээс болж хүний амь эрсэдсэн нь маш харамсалтай. Эрх баригчид гаргаж байгаа шийдвэртээ хүний эрхийг хүндэтгэж, зөрчил гаргахгүй ажиллахыг уриалж байна. Цаашид иргэдийн эрхийг зөрчсөн, гаргасан шийдвэрээ өөрчилдгийн цаана иргэдийн амь амьдрал явж байгааг эрх баригчид анхаарч байна. Цар тахлын үед хоол хүнсний дутагдалд орохгүй байх, амьд явах, үг хэлэх эрх зөрчигдөж байна. Хөдөлмөр эрхлэх эрх ч зөрчигдөж, олон сөрөг үр дагавар дагуулж байна. Цаашид нийт ард иргэддээ хүний эрхийг хүндэтгэж, аливаа шийдвэртэй эвлэрэхгүй, асуудалд шударгаар хандахыг хүсч байна. АН-ын дэргэд хуульчдын баг ажиллаж байгаа бөгөөд хууль зүйн үйлчилгээг гадаадад байгаа иргэд, нийт иргэддээ үзүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэдгийг тодотгоё. Цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль хэрэгжихгүй байна. Өвдөж болзошгүй, өвдсөн иргэдийн хувийн мэдээлэл ил тод зарлагдаж байгаа нь мөн хүний эрхийг зөрчсөн үйлдэл, хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаарах хэрэгтэй байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ