АНУ-ын Өмнөд Каролина мужид нууруудын загасны тоо толгойн судалгаа хийж явсан биологичид дөрвөн кг жинтэй асар том алтан загас барьсан нь цахим орчинд шуугиан тарьж байна.
Грийнвилл хотын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах албан тушаалтан Тай Хоукын мэдээлснээр, аварга алтан загасыг арваннэгдүгээр сарын 16-нд Оак Грүв нуураас барьжээ. Харин алтан загасны зургийг энэ долоо хоногт анх цахим орчинд дэлгэсэн аж.
Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд дээрх зургийг цахим орчинд нийтлэхдээ “Хэн нэгэн алтан загасаа алдаагүй биз? Загасны тоо толгой, эрүүл мэндийг тогтоохоор судалж явсан багийнханд манай нуурнаас дөрвөн кг жинтэй аварга том алтан загас баригджээ” хэмээн бичсэн байна.
Гэвч тус нуурнаас дахин өөр алтан загас баригдаагүй тул дээрх аварга алтан загасыг нуурандаа ганц нь хэмээн дүгнэжээ. Мөн түүнээс гадна алтан загас Өмнөд Каролина мужийн гаралтай амьтан биш байсан аж.
Тэжээвэр алтан загас дунджаар 6-7 жил амьдардаг ч зэрлэг байгальд зарим алтан загас 30 хүртэл наслах нь ч байдаг гэнэ. Мөн дээд тал нь 3 кг хүртэл өсдөг ажээ. Харин Оак Грүв нуураас олдсон алтан загас 4 кг байсан нь хэвийн биш хэмжээний том гэсэн үг юм.
Хоук мэргэжилтнүүдийн зөвлөгөөг даган, аварга алтан загасыг нууранд буцаан тавьжээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ