Мара Гомез хэмээх трансжендер бүсгүй өнгөрөгч Мягмар гаригт Аргентины эмэгтэйчүүдийн мэргэжлийн хөлбөмбөгийн лигт анхны тоглолтдоо оролцжээ. Ингэснээр тэрбээр мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьсан анхны трансжендер эмэгтэй болов.
Аргентины хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн сард Мара Гомезыг эмэгтэйчүүдийн дээд лигийн Вилла Сан Карлос багт тоглохыг зөвшөөрсөн аж. Ийнхүү зөвшөөрлөө авсан тэрбээр өнгөрөгч Мягмар гаригт Ланус багийн эсрэг анхны тоглолтдоо долоо дугаартай талбайд гарчээ. Гэвч тоглолт төсөөлсөн шиг нь байсангүй. Ланус баг Вилла Сан Карлос багийг 7-1 гэсэн харьцаагаар хожсон байна.
Тоглолтын дараа өдгөө 23 настай Мара Гомез хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би бүхэл амьдралынхаа турш ялгаварлан гадуурхалтаас болж сэтгэл зүйн асуудалтай байлаа. Харин хөлбөмбөг миний хувьд энэ бүхний эмчилгээ байсан юм. Анх тоглож эхлэхдээ дээд лигт тоглох тухай бодож, эсвэл мөрөөдөж ч байсангүй. Хэдэн жилийн өмнө дээд лигт тоглох нь боломжгүй байсан бол одоо ингээд шинэ зам нээгдэж байна. Энэ бол маш том амжилт. Багтаа, багийнхаа нөхдөдөө, дасгалжуулагчийн бүрэлдэхүүндээ энэ бүхнийг боломжтой болгосонд талархаж байна” хэмээжээ.
Харин инстаграм хуудастаа Мара Гомез “Энэ бүхэн ид шид, эсвэл бэлэг байсангүй. Бүхэлдээ амаргүй байлаа. Тэмцэл, зовлон, уйтгар гунигаар дүүрсэн амьдрал байлаа" хэмээн зургаа оруулсан байна.
Мөн Ланус багийн зүгээс ч гэсэн өрсөлдөгч багийнхаа трансжендер бүсгүйд тоглолтын дараа өмсгөл бэлэглэж, “Эрхийнхээ төлөө тэмцэж буй энэхүү асар том үйл явдлыг бид хамтдаа тэмдэглэж байна. Баяр хүргэе, Мара Гомез” хэмээжээ.
Холбоотой мэдээ