Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдад ширүүхэн хариу барьжээ. Учир нь БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кён Хуа БНАСАУ-д цар тахлын халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй гэдэгт эргэлзэж, Пёньян нөхцөл байдлыг нууцалж байж магадгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. Мөн тэрбээр цар тахлын эсрэг тэмцэлд хамтран ажиллах саналыг нь Пёньян хүлээн аваагүйг шүүмжилсэн аж.
Түүний хариуд Ким Ё Жон “Өмнөдийн Гадаад хэргийн сайдын ямар ч нотолгоо, баримтгүй худал гүтгэлэг байж боломгүй бүдүүлэг үйлдэл боллоо. Энэ нь цаашид хоёр улсын хүйтэн хөндий харилцааг улам хөлдөөх шалтгаан болох болно. Түүний хэлэх гэсэн санаа тодорхой байна. Бид түүний хэлсэн үгийг хэзээ ч мартахгүй. Тэгээд ч бид Кан Кён Хуад хэлсэн үгийнх нь хариуг онцгойлон барих болно” хэмээн ярьжээ.
Үүнээс харахад БНАСАУ цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдээгүй, цар тахлын эсрэг тэмцэлд бусад орноос нэг шат дээгүүр байгаа гэдэг нэр хүндэд нь халдах гадны оролдлогуудад маш эмзэг хандаж байгаа бололтой. Мөн халдварын нэг ч тохиолдолгүй хэмээж байгаа хэр нь төрийн мэдээллийн агентлаг нь улсдаа онц байдал зарлаж, цар тахлын эсрэг маш хүчирхэг тэмцэл хийж, хилээ бүрэн хааж, сэжигтэй тохиолдлуудыг найдвартай тусгаарлаж байгаа тухай удаа дараа мэдээлсээр байгаа юм.
Тэр дундаа БНАСАУ хамгийн том түнш болох БНХАУ-тай залгаа хилээ хаасан нь аль хэдийн эмзэг байдалд орчихсон байсан эдийн засагт нь том цохилт болж байгаа билээ. Хил хаахаас өмнө ч энэ оны зуны үер, шуурганы гамшгаас болж Пёньяны байдал тун хэцүү болоод байсан юм.
Мэргэжилтнүүд Умард Солонгос эрүүл мэндийн тогтолцоо муутай учир хэрвээ цар тахал дэгдэж эхэлбэл хүн төрөлхтний хэмжээнд маш том гамшгийн шинжтэй зүйл болно хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ