ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, December 9, 2020
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.10) мэдээллээ хийж байна. Өчигдрийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол нийслэлд 128, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 31, Орхон аймагт 25, Говьсүмбэрт 4, Сэлэнгэд 207, Архангай аймагт 3 тохиолдол тус тус батлагдаад байгаа юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 21470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Нийслэл хотод таван тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлын давтан шинжилгээнээс илэрчээ. Харин үлдсэн нэг халдварын тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагчаас илэрсэн байна. Улмаар нийслэл хотод халдварын батлагдсан нийт тохиолдол 132 боллоо. Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлээс бусад аймгуудад халдвар нэмж илрээгүй.
Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 898 байгаагаас дотооддоо халдвар авсан нь 447 байна. Эдгэрсэн 384, эмчлэгдэж буй 505 хүн байгаагаас биеийн байдал хөнгөн 414, хүндэвтэр 84, хүнд 6, маш хүнд нэг хүн байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт халдварын 12 тохиолдол эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь хөнгөн байна.
Нийслэл хотод ойрын хавьтлын 1306 хүн тусгаарлагдсанаас 383 хүний ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусч, гэрийн ажиглалт руу шилжүүлсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 543 хүн хийлгэсэн бол гурав дахь давтан шинжилгээг 340 хүн хийлгэсэн байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хамгийн ихээр хуурай ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна. Насны хувьд гурван сартай хүүхдээс 91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байна.
ЭМЯ-ны олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Дэлхий дахинд Covid-19-тэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн орнуудын жишээг танилцуулдаг. Өнөөдөр Сингапур улсын арга хэмжээг танилцуулна. Тус улсын хувьд халдварын эсрэг гурван үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, нэгдүгээр үе шатанд Засгийн газар, яамд хилийн хяналтыг сайжруулж, гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарласан. Хоёрдугаарт, дотооддын халдвар гарсан учраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн. Халдварын голомтыг таслан зогсооход хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зай барих дүрэм журмыг гэртээ ч хатуу баримталсан. Гуравдугаарт, өвчин голомтлож гарсан, олон хүн цуглардаг газарт өргөн хэмжээний тандалт хийсэн. Хүн хоорондын зай барих нь халдварын гинжин хэлхээг таслах гол арга юм. Нэг халдвартай хүн дунджаар дөрвөн хүнд, зарим тохиолдолд найман хүнд халдвар тараадаг. 30 хоногийн дараа гэхэд 2800-3200 хүн халдвар авах эрсдэлтэй. Харин 1.5-2 метрийн зай барьснаар халдвар авах эрсдлийг бууруулдаг.
ЭМЯ, ХӨСҮТ-ийн төлөөллүүд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн хот руу оруулахаар болсон. Түргэвчилсэн оношлуурын хариу PCR-тай зөрсөн олон тохиолдол байна. Түргэвчилсэн оношлуураар иргэдийг хот руу оруулж байгаад яам ямар байр суурьтай байгаа вэ?
Д.НАРАНГЭРЭЛ: Түргэвчилсэн оношлуурын мэдрэг чадвар 96-98 хувь учраас Архангайн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүйгээр хот руу нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Зарим тохиолдолд PCR шинжилгээгээр баталгаажихгүй үе бий.
-Биеийн байдал хүнд иргэн халдвар гарсан аймгаас ирж буй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зохицуулалт байгаа юу? Гарсан түр журам гэж бий юу?
Д.НАРАНГЭРЭЛ: Халдвартай бүс нутгаас иргэд ирэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дүрэм, журам гэж байгаа.
-Халдварын голомтыг хумьсан гэж өчигдөр Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Мэргэжлийн байгууллагаас тархалтыг зогсоож чадсан гэж үзэж байна уу? Ирэх Даваа гаригаас бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихэд бэлэн үү?
А.АМБАСЭЛМАА: Эхний ээлжинд халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг олсон. Шинээр халдварын голомт үүсээгүй байна. Халдварын голомтын цар хүрээг хяналтдаа авсан.
-Өдөрт хичнээн хүнд PCR шинжилгээ хийх боломжтой байгаа вэ?
А.АМБАСЭЛМАА: Улсын хэмжээнд хоногт 21-30 мянган хүнд PCR шинжилгээ хийж байна.
–Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Сэлбэ 96 дугаар байранд халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн хэмээн арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн тусгаарласан. Өчигдөр PCR шинжилгээгээр халдвартай нь батлагдсан гэдэг мэдээллийг хорооноос иргэдэд мэдэгдсэн. Үүн дээр тодорхой мэдээлэл өгөөч?
А.АМБАСЭЛМАА: Тус дүүрэгт халдвар гарсантай холбоотойгоор байранд нь хөл хорио тогтоосон. 14 хоногт дээрх байранд хөл хорио тогтооно. 14 хоногийн хугацаанд хоёр удаагийн PCR шинжилгээгээр сөрөг гарвал хөл хориог цуцална.
-Орон нутгаас ирсэн иргэн шинжилгээ өгөөд, шинжилгээний хариу нь гарахдаа регистрийн дугаар нь өөрийнх нь мөртлөө овог нэр нь солигдсон учраас орон нутаг руу буцаж чадахгүй байна гэсэн. Энэ талаар тодруулъя?
Д.НАРАНГЭРЭЛ: Хүмүүсийн шинжилгээний хариу тухайн цаг үедээ гарахгүй тохиолдол бол байсан. Өчигдрөөс эхлээд 119.mn сайтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн.
Холбоотой мэдээ