"10 настай охинд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн"

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

"10 настай охинд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн"

"10 настай охинд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн"

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ч нас барсан харамсалтай хэрэг гарав. Охинд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ цаг алдсаны улмаас нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм.

Хүүхэд сумын түргэний машинаар хүргэгдэн Улаанбаатарт ирсэн ч 22-ын товчоон дээр цаг алдсан, эмнэлгийнхэн хүүхдийг ээжээс нь тусгаарласан, эмчилгээ хийгээгүй зэрэг олон асуудал үүсч, олны дургүйцлийг төрүүлээд буй.

ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрийн хэлснээр, 10 настай охин тархины харвалт оноштойгоор Сэлэнгийн Зүүнхараагаас тээвэрлэгдэн Улаанбаатарт ирэхдээ голомттой бүс нутаг болох Дарханаар дайрсан тул ЭХЭМҮТ-өөс тусгай өрөө гарган эмчилсэн байна.

Энэ тухай тэрбээр “Буруу мэдээлэл цацагдаад байна. Тархины харвалт оноштой 10 настай охиныг Улаанбаатарт тээвэрлэхдээ голомттой бүс нутгаар дайрсан. ЭХЭМҮТ-өөс тусгай өрөө гаргаж, шаардлагатай бүхий л эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан учир сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж, шаардлагатай эмчилгээг хийсэн ч амьдарч чадаагүй. Ар гэрийнхэн нь байсан, маш хүнд хүүхэд ирээд эмчлэгдэж байгаад нас бараад хэд хонож байна. Манайх болон гуравдугаар эмнэлгийн мэс заслын тусгай багийнхан охинд эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь хүнд байсан учир яаж ч чадаагүй юм” гэсэн тайлбар өгсөн билээ.

ЭХЭМҮТ-ийн мэдээлснээр 10 настай охиныг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь эмнэлэгт арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өглөөний 07:37 цагт үзүүлэхэд тархиндаа цус харвалттай тул зөөвөрлөж болохгүй гэж зөвлөжээ. Тухайн өдрийн 17:30 цагийн орчимд “Хүүхэд 22-ын товчоон дээр байна” гэх мэдээллийг эмнэлгийн ажилтнууд авсан байна.

Охиныг гуравдугаар төв эмнэлэг болон цэргийн төв эмнэлэг хүлээн авах боломжгүй гэсэн мэдээлэл өгсөн тул ЭХЭМҮТ-ийнхөн дуудлагаар очиж, тухайн өдрийн 18:34 цагт Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэжээ. Үүнээс хойш эмчилгээ хийсэн ч охин арваннэгдүгээр сарын 25-нд эндсэн байна.

Арван настай охинд эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлсэн талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа тайлбар мэдээлэл бичгээр өгснийг хүргэе.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ

НЭГ: Арван настай охины эцэг, эхийн мэдээллээс:

  • Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд:

Арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө гэсэн учир Баянгол (Баруунхараа) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн. Арваннэгдүгээр сарын 19-нд өглөө босохдоо толгой өвдлөө гэсэн, бөөлжсөн. Түргэн дуудаж, Зүүнхараагийн эмнэлэгт хэвтсэн.

2.МЭДЭЭЛЭЛ АВСАН ТУХАЙ

  • Арваннэгдүгээр сарын 20-ны 17.35 цагт ЭМЯ-ны Шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн Долгорсүрэн утсаар холбогдож "Хүнд хүүхэд 22-ын товчоонд ирээд байна" гэсэн мэдээлэл өгсөн. Гуравдугаар эмнэлэгт ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан. 17.44 цагт Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.

3.ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ

  • Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. Эмчтэй утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч, сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэл хангаад 18.40 цагт ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг Таван шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19.11 цагт хүүхдээ аваад ирсэн. Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17:54 минутад, ерөнхий захирал 18.34 минутад Яаралтай тусламжийн төв (ЯТТ)-д ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19.30 цагт орж түргэвчилсэн сорил болон PСR шинжилгээ авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу 21-ний 17.15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 минутын хооронд мэдээлж байсан.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компьютер томографийн шинжилгээ хийсэн. Тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон.  Хүүхдийг Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж  тусгаарлах палатанд авсан.

Арваннэгдүгээр сарын 21-нээс 23 хүртэл өдөр бүр ээлжийн эмч нар хариуцан 24 цагаар тусламж үзүүлсэн. Мөн 23-ны  өдөр давтан PСR шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тул маргааш нь /2020.11.24/ тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр сарын 23-ны 16.00 цагаас амьсгалын аппаратаар удирдаж эхэлсэн, 25-ны өдөр 13.45 цагт эндсэн. Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:

  • Лабораторийн бүх шинжилгээ
  • ЭХО, Компьютер томограф, нүдний уг багажаар шинжлэх,
  • ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

4.ЭЦЭГ ЭХТЭЙ ХОЛБОГДОЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙСАН ТУХАЙ

Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. 21/XI-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь  утсаар холбогдоход хамаатныхаа (нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургуульд очиж өгнө гэсэн байна. Гэвч арваннэгдүгээр сарын 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн  байна. 22-ны өглөө 10 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.

5.ЗҮҮНХАРААГИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ

2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өглөө 7:30 минут, 10:38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж  огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт  нугасны ус авсан.

Мэдээлэл бичсэн ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхлэгч дэд захирал Ц.Алтантуяа

ЭХЭМҮТ АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР ӨГНӨ 

Сэлэнгээс хүргэгдсэн охиныг Улаанбаатарт эмнэлгийн тусламж авахад 22-ын товчоон дээр цаг алдсан уу гэх асуудал анхаарал татаж буй. Энэ талаар УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас тодорхой мэдээлэл өгөөгүй. Цагдаагийн ерөнхий газраас “Хууль зүйн хүрээнд охин амь насаа алдахад буруутай этгээдийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааны дараа тодорхой болно. Ер нь хөл хорионы үед цагдаа нар товчоодод нэвтэрч буй болон гарч байгаа тээврийн хэрэгслийг зогсоож, гаргах эрх байхгүй. Хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллага удирдан зохион байгуулна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Энэ асуудлаар ЭХЭМҮТ-өөс өнөөдөр (2020.12.10) албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж