Роналдо: Би Мессиг хэзээ ч өрсөлдөгч гэж харж байгаагүй

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Роналдо: Би Мессиг хэзээ ч өрсөлдөгч гэж харж байгаагүй

Роналдо: Би Мессиг хэзээ ч өрсөлдөгч гэж харж байгаагүй

Өнөө цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргил Месси, Роналдо нар өнгөрөгч Мягмар гаригт 36 дахь удаагаа учраа тааран тоглож, Роналдогийн хоёр гоолын ачаар Ювентус баг хожсон билээ. Хоёр тамирчны хувьд хамгийн сүүлд 2018 онд Кристиано Роналдог Реал Мадрид багт байхад хоорондоо тоглож байсан юм.

Мягмар гаригийн тоглолтын дараа Роналдо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би үргэлж Месситэй гүн харилцаатай байж ирсэн. Миний өмнө хэлсэн шиг Месси бид хоёр 12, 13, 14 жилийн турш энэ тайзыг хуваан эзэгнэлээ. Би Мессиг хэзээ ч өрсөлдөгч гэж харж байгаагүй ээ. Тэр үргэлж багийнхаа төлөө бүхнээ зориулдаг. Би ч гэсэн ялгаагүй. Хэрэв та нар түүнээс ингэж асуувал тэр ч надтай адил хариулна гэдэгт би итгэлтэй байна. Хөлбөмбөгт хүмүүс үргэлж л өрсөлдөөнийг хайж байдаг” хэмээжээ.

Мөн тэрбээр сүүлийн үед тааруу тоглолт үзүүлж буй Барселона багийн талаар ийн ярьжээ. Барселона баг өнгөрөгч Ням гаригт Ла лигийн хүрээнд Кадиз багт 2-1 гэсэн харьцаатай ялагдсан бол УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Ювентус 3-0 гэсэн харьцаатай мөн ялагдсан байна.

Роналдо “Месси талбайд үргэлж байдгаараа л байдаг. Барселона одоо хэцүү нөхцөлд байгаа ч тэд чинь Барса шүү дээ. Тэднийг үүсээд буй асуудлаа зохицуулна гэдэгт итгэлтэй байна. Бүхий л баг ийм асуудалтай тулгарч байдаг. Барселона бол үнэхээр сайн баг” хэмээв.

Роналдогоос гадна тоглолтын дараа Барселона багийн Франц довтлогч Антуан Гризманн мөн хэвлэлд ярилцлага өгчээ. Атлетико Мадрид багийн гол довтлогч байсан тэрбээр Барселона багт ирснээс хойш нэг л тааруу тоглолт үзүүлж байгаа. Энэ улиралд тэрбээр 17 тоглолтод долоон гоол оруулаад байна.

Антуанн Гризманн “Бид тоглолтдоо эргэж ирж чадсангүй ээ. Тэд биднийг эхний хагаст л дуусгачихлаа. Бидэнд хандлага, бөмбөгний төлөө тэмцэх, хамгаалах гээд бүхий л тал дээр дутагдалтай зүйлүүд байлаа. Бүх зүйл дээр өрсөлдөгчөөсөө дутуу байсан. Талбайд гарсан бүх тоглогч буруугаа хамтдаа хүлээх хэрэгтэй. Тэрнээс хэн нэгэнд бурууг үүрүүлэх ёсгүй. Уг нь бид яаж гүйх, яаж шаргуу хөдөлмөрлөх гээд хожихын тулд юу хийх ёстой бүгдийг мэддэг. Би энд өршөөл эрж суугаагүй ээ. Багаараа алдаанаасаа суралцаж, шаргуу хөдөлмөрлөх ёстой. Үүнээс өөр зүйл үгүй. Ирэх Ням гаригийн тоглолтдоо заавал хожих шаардлагатай. Өнөөдрийн багийн үзүүлсэн тоглолт бүхэлдээ тааруу байлаа” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж