“34 байгууллага хэрхэн ариутгал хийх мэдэгдлийг боловсруулна”

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

“34 байгууллага хэрхэн ариутгал хийх мэдэгдлийг боловсруулна”

“34 байгууллага хэрхэн ариутгал хийх мэдэгдлийг боловсруулна”

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр (2020.12.09) бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр болсон билээ.

Ингэснээр ирэх Даваа гаригаас 34 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч буй. Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байгааг албаныхан мэдээлсэн.

Эдгээр аж ахуйн нэгж ирэх долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд хэрхэн бэлтгэлээ хангаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Учир нь нийслэлийн Засаг даргын захирамж хараахан гараагүй байна.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа аж ахуйн нэгж, байгууллага, зарим үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх мэдэгдлийг Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран боловсруулж хүргүүлнэ” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр (2020.12.09) мэдээлэл хийхдээ “Ирэх Даваа гаригаас 34 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж удахгүй гарна. Бүх нийтийн бэлэн байдлын үед үйлдвэрлэлийн салбарын 11 төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага дээр долоон төрлийн үйл ажиллагааг нэмж, 18 төрлийн аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч байсан. Одоо өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор 34 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттайгаар нээх шийдвэр гарахаар байна” гэсэн юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад олон нийтийн цуглуулсан хурал, танхимын сургалт болон бар, караоке, цахим тоглоомын газар, спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа, урлаг соёлын зэрэг 18 салбарын үйл ажиллагааг түр хугацаанд хориглож байна. Бусад аж ахуйн нэгж тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна.

ИРЭХ ДАВАА ГАРИГААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭЭХ 34 БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах (тусгай нөхцөл шаардана)
  • Ресторан (тусгай нөхцөл шаардана)
  • Кафе (тусгай нөхцөл шаардана)
  • Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар (тусгай нөхцөл шаардана)
  • Хүргэлтийн хоол (тусгай нөхцөл шаардана)
  • Кофе шоп
  • Хувцас захиалга, засвар
  • Гутал захиалга, засвар
  • Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  • Цүнх захиалга, засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож, түлхүүр засвар
  • Цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах газар
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ (автомашин, эд зүйлс)
  • Авто засвар (агрегат, кузов)
  • Дугуй засвар
  • Автомашины угаалга
  • Автомашины доторлогоо
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  • Автозогсоол (Битүү, ил)
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Барилга засвар
  • Таксины үйлчилгээ (тусгай нөхцөл шаардана) зэргийг нээхээр болж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж