Худалдаа, хөгжлийн банкны хувьд Оюутолгой төсөл эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж, компанийн төлбөр тооцоо, ханган нийлүүлэгч болон ажилтнуудын цалин, хадгаламж, зээлийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхийг зорин ажилласаар байна.
Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан хорио цээрийн дэглэмийн үед биечлэн уулзалт хийх боломжгүй байгаа ч нөхцөл байдалд уялдуулан хамтын ажиллагааны гэрээнийхээ хугацааг сунгаж, нөхцөлийг нь сайжруулан, гэрээ үзэглэх хүндэтгэлийн арга хэмжээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
"Оюутолгой" ХХК нь дотоодын ханган нийлүүлэгчдийн тогтвортой сүлжээ бий болгоход анхаарч, ханган нийлүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны стандартыг сайжруулах, импортыг орлох шинэ үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход нь дэмжин ажиллах зэргээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Өмнөх гэрээний нөхцөлд хэд хэдэн нэмэлт сайжруулалт оруулсан энэхүү гэрээг байгуулж, ханган нийлүүлэгчдэд зориулсан санхүүжилтийг үргэлжлүүлэн олгосноор хамгийн бага хүүгээр, аливаа шимтгэл, хураамж төлөлгүйгээр богино хугацаанд санхүүжилтээ үргэлжлүүлэн авах боломжтой болж байгаа юм. (Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоор авна уу) Ингэснээр эдийн засгийн эрсдэл бий болж буй одоогийн нөхцөлд бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээ үргэлжлүүлэн тогтвортой хүргэхээс гадна ханган нийлүүлэгч компаниуд болон тэдгээрийн ажилтнуудын санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно гэж найдаж байна.
Худалдаа, хөгжлийн банк нь цаашид "Оюутолгой" ХХК-ийн ханган нийлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг боломжит хамгийн таатай нөхцөлөөр санал болгосоор байх болно гэдгийг энэ дашрамд мэдэгдэхэд таатай байна.
Холбоотой мэдээ