МҮОНРТ-ийн ҮЗ-өөс Ч.Батцэнгэл нэрээ татаж, бусдыг нь томиллоо

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

LiveМҮОНРТ-ийн ҮЗ-өөс Ч.Батцэнгэл нэрээ татаж, бусдыг нь томиллоо

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, December 9, 2020

20 : 32
2020-12-10

МҮОНРТ-ийн ҮЗ-өөс Ч.Батцэнгэл нэрээ татаж, бусдыг нь томиллоо

 
15 : 05
2020-12-10

"Соёлын төв, эмнэлэг, сургуулийн засварын зардлыг төсөвт суулгахгүй"

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Байнгын хорооноос гаргасан нийт 82 зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж байна.

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан. Төсөлд:

  1. Иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдпыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэх;
  1. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг шинээр зохицуулсан байна. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байна.
  1. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн удирдлагыг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлын хүрээнд орон нутгийн чиг үүрэг, (ийм төрлийн чиг үүргийг орон нутгийн Хурал бие даан шийдвэрлэх бөгөөд төрөөс үүнд оролцохгүй), түүнчлэн төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох болон шилжүүлж үл болох чиг үүргийн жагсаалтыг тодорхойлжээ.
13 : 30
2020-12-10

Н.Ганибал: Ерөнхий сайдын даалгавартай заалт оруулж ирлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэлхийлж байна.

Уг хуульд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус, Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулжээ.

Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр  татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулсан. Түүнчлэн төсвөө бие даан батлах, төрөөс олгох татаас, тусгай зориулалтын шилжүүлгийг тухайн нэгж тус бүрт нэр заан батлах зарчмыг баталгаажуулсан байна.

Харин Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн “томилох" гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулжээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга (Ерөнхий сайд)-ын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга, (Ерөнхий сайд) шууд шийдвэрлэж байхаар, харин Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудлаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэж байхаар тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Бодит амьдрал дээр орон нутгийн засаг захиргааны нэгж, бүсчилсэн хөгжилтэй холбоотой. Мал аж ахуй, газар тариаланг аваад үзэхэд л зөрчилтэй зүйлүүд гардаг. Кластер гэж яриад байгаа дагнан хөгжүүлэх чиглэлийн тодорхой бодлого зохицуулалт байх уу, үгүй юу? Газар тариалангийн бүс нутгийг хуваарилаад өгсөн. Гэхдээ энэ бол бүр тодорхой болох хэрэгтэй. Цаашилбал яг ийм бүс нутагт нь уул уурхайн үйлдвэр хөгжинө гэдэг тодорхой зүгтэй болгох зохицуулалт орсон уу? Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр яриад, дагаж гарах Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын хуулинд тодорхой зохицуулалт оруулна гэсэн. Та бүхэн аравтын зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалт оруулаад ирсэн боловч ажлын хэсэг дэмждэггүй юм байна. Яагаад дэмждэггүй вэ? Бүлэг дээр ярьж байхад ихэнх хүмүүс энэ бол Засаг захиргааны анхан шатны нэгж болох гэж байгаа ойлголт гэж яриад байсан. Бид үүнээс огт өөр иргэдийн үүсэл санаачилга, идэвх санаачилгыг хангасан талаас нь зохицуулалт оруулъя гээд аравтын зохион байгуулалттай байж болно. Аравтын хуваарийг газар нутгийн байршил, хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан багийн иргэдийн төв хурал тогтооно гээд оруулчихсан.

Одоо бол ажлын хэсгийн оруулж байгаа саналаар хэсэгтэй байж болно, хэсгийн хуваарийг газар нутгийн байршил, хүн амын суурьшил, өрхийн тоотой уялдуулж ЗГ-ын баталсан шалгуур үзүүлэлт хийж байгаа юм. Тооны хязгаарыг баримталж бүр дээш нь татаж аваачаад, сумын ИТХ тогтоохоор оруулаад өгсөн байна. Миний санахад анх өргөн барьсан төслөөрөө аравтын зохион байгуулалттай байна гээд оруулсан байна. Одоо аравтын зохион байгуулалтаар байж болно гэсэн томъёоллоор оруулаад өгөх боломж байх уу?

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хуульд орон нутгийн чиг үүргийг тогтоохдоо тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийг нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэх зарчим заасан. Үүнийг цаашаа хуулийн дагуу хийгдэх юм бол ЗГ, УИХ бодлогоороо өөрөө бүс нутгуудийг эдийн засгийн бүсчилсэн өөрчлөлтийн үзэл баримтлал хэрэгжихгүй байгаа. Гэхдээ огт хэрэгжихгүй байгаа хэлж болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Багийн дарга анхан шатны нэгжийн хувьд төрийн албан хаагч байх нь оновчтой гэж судлаачид үздэг. Энэ асуудлыг ажлын хэсгийнхэн судалж, эргэж харах хэрэгтэй. Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр бол аравтын зохион байгуулалт гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдаж явах хэрэгтэй байна. Төсөлд заасан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж удирдлагын зарим чиг үүргийг, хот тосгонд шилжүүлсэн зохицуулалтыг хот, тосгон эрх зүйн тухай хуультай уяж илүү тодорхой болгох хэрэгтэй байна. 71.1 заалтад улсын зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид энэ хуулийн 21-23-р зүйлд заасан аймаг, сум, багийн зарим чиг үүргийг шилжүүлнэ гэсэн томъёолол оруулсан байна. Зарим гэдэгт ямар чиг үүргийг тодорхой зааж өгч байгаа юм бэ? Бүрхэг байдалтай байхаар энэ асуудал замхарсан байдалд орох гээд байна. Аймгийг улсын чанартай хот болгохдоо мал аж ахуй, газар тариалангийн бүс сумдыг хэрхэх тухай тодорхой бус байна. Үүн дээр уялдаад дараачийн нэг асуулт гарч ирж байна. Монгол Улсын эдийн засагт онцгой нөлөө бүхий сумдын асуудлыг бид авч үзэх ёстой.

Стратегийн орд газар, жишээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цогтцэций сум, Гурвантэс сум, хилийн боомтууд байна. Хилийн Алтанбулаг, Замын-Үүд боомт гээд байна. Том эдийн засагт нөлөө бүхий сумдад нийгмийн нийтийн үйлчилгээ хүрэлцэхгүй. Жишээ нь, эмнэлгийнх нь нэг жилийнх зардал сарын дотор дуусчихдаг. Татварын байцаагч, байгаль орчны байцаагч нар нь хүрэлцэхгүй. Үүн дээр онцгой нөхцөл оруулах тал дээр анхаарч өгч болохгүй юу. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр улсын зэрэглэлтэй хот байгуулахад жишээ нь Дархан-Уул аймаг дээр Дархан сумыг хот болгоно. Дархан-Уул аймгийн 86 орчим хувь байгаа байх. Энэ сум, улсын зэрэглэлтэй хот хоёрын эрх мэдлийн асуудлыг бас тодорхой бус байдлаар оруулсан байна. Үүнийг эрх зүйн талаас нь тодорхой болгож болохгүй юу.

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хот тосгоны улсын зэрэглэлтэй хот түүний үндсэн нэгжид энэ хуулийн 21-23-р зүйлд заасан аймаг, сум, багийн зарим чиг үүргийг шилжүүлнэ гэж байна. Энэ нь таны хэлдгээр тодорхой бус биш. Энэ хуулийн 21-23 дугаар зүйлд заасан зарим чиг үүргийг шилжүүлнэ. Үүнийг бол төслийн 70-р зүйл дээр зааснаар Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийднэ. Засгийн газар үүнийг бас тодорхойлох ёстой юм.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Өнөөдөр бид бага үндсэн хууль болох нэгжийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энд олон асуудал байна. Засаглалын хэлбэр. Орон нутгийн нэгжийн засаглал яаж явах тухай. Ардчилал бол засаглалын муу хэлбэр. Гэхдээ хүн төрөлхтөний байгуулж үзсэн бусад загвараас хамгийн дээд нь гэж Английн Ерөнхий сайд Черчель томъёолсон. Монгол Улс шууд ба төлөөлийн ардчиллаас төлөөллийн ардчиллыг сонгоод 31 жил явж байна. Хуулийн төсөлд Ерөнхий сайд аймгийн засаг даргад санал оруулах, дээд шатны засаг дарга нар доод шатны засаг дарга нарыг санал оруулж тухай ИТХ-аар нэр дэвшүүлж томилох тэр хүнээ өөрөө санал оруулж шууд утгаараа өөрөө л томилох асуудал оруулж ирж байгаа нь Монгол Улсын үндсэн хуульд байгаа ардчилсан ёсны гол зарчмыг зөрчиж байгаа заалт гэж бодож байна. Шууд утгаараа 31 жилийн өмнө МАХН-ын төв хороон дээр аймгийн засаг даргыг томилох асуудлыг хэлэлцээд, Төв хорооны ЕНБД томилдог байсан тэр цаг хугацаа буюу коммунизм руу буцаж байгаа хуулийн төсөл болсон байна. Өнөөдөр магадгүй МАН олонхи байгаа үед намын даргын болон Ерөнхий сайдын даалгавараар ийм заалтууд орж ирж байгаа бол ирэх цаг хугацаанд МАН энэ заалтынхаа хохирогч болно шүү гэдгийг хэлье.

11 : 45
2020-12-10

Г.Тэмүүлэн: ЗДТГ-ын дарга нарын томилгоонд хугацаа заах нь буруу

УИХ-ын чуулганы өнөөдөр (2020.12.10)-ийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Энэхүү хууль нь орон нутгийн барих бага үндсэн хууль гэж хэлж болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учир Үндсэн хуультайгаа нийцүүлж, нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүссэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим дээр суурилсан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай орон нутагт хослуулах үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага тогтоно гэсэн энэхүү суурь зарчмыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулиар дараах гурван чухал асуудлыг шийдвэрлэнэ.

НУТАГ ДЭВСГЭР, ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчмыг тусгасан. Одоо Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, аймгууд нь 330 сум, 1613 багтай. Нийслэл хот нь 9 дүүрэг, 152 хороонд хуваагддаг. Энэхүү нэгжийг өөрчлөх асуудлыг иргэдээс санал авсны үндсэн дээр өөрчлөх эрх нь Засгийн газарт олгогдож байгаагаараа уг хууль онцлог болсон. Харин иргэдээс санал авах ажлыг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.

ОРОН НУТАГТ УЛСТӨРЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАХ

Хуулийн төсөлд сум, дүүргийн ИТХурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулжээ. Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч жирийн ард иргэдийн дунд талцал, хуваагдлыг бий болгосоор байна. Мөн хамгийн олон хамаатантай хүн багийн дарга болчихдог, ямар ч мэргэжил боловсролгүй хүн сонгогдоод ажиллаж байгаа нь боловсон хүчний хувьд маш их сул талыг бүрдүүлдэг. Энэ байдлыг залруулах заалтууд хуулийн төсөлд орсон.

ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ

Орон нутагт тодорхой эрх мэдлийг шилжүүлэхгүйгээр засаг захиргааны шинэчлэл хийгдэх боломжгүй. Төсөв, санхүү, өмч, татвар гэсэн эдийн засгийн багц асуудлыг орон нутагт шилжүүлснээр тэдний бие дааж шийдвэр гаргах бололцоо нь нээгдэж, төсөв хөрөнгөө захиран зарцуулснаар орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

Мөн чиг үүргийг орон нутагт шилжүүлэх. Чиг үүргийн давхардлыг арилгаж илүү оновчтой зохион байгуулах. Боловсон хүчний эрх мэдлийг давхар өгөх. Ингэхдээ Монгол Улс бол нэгдмэл улс бөгөөд засаг дарга бол төр засгийн төлөөлөгч гэдэг утгаараа томилох субъект нь Ерөнхий сайд, нэр дэвшүүлэх субъект нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхаар зааж тусгасан байна.

Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Маш том шинэчлэлийн хууль орж ирж байна. Маш том шинэчлэл, зоригтойгоор хиймээр байна. Засаг захиргааны нэгжийн асуудлаа одоо ярья. Яаж нэгтгэх вэ. Тэгэхгүй бол улс хөгжихөө байчихаад байна. Баахан хуульчид орж ирээд, хууль яриад байдаг. Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжихгүй, сүүлийн 10 жилд 10 тэрбум ам.доллар дээр гацчихаад байгаа. Төсөв нь аравхан хувийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Хоёр, гурван жилийн дараа ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй болохын нэг шалтгаан 330 сум, 21 аймаг болчихоод байна. Оросын нэгдэлжих, сангийн аж ахуй дээр үндэслээд 330 хуваачихсан. Одоо тэр сум нь 2000, төв нь 500-хан хүнтэй. Тэр суманд дээрээ орон сууцны контор соёлын төв, музей барьдаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьдаг. Энэ байдал Монгол Улсыг хөгжүүлэхгүй хойш татаад байна. Тиймээс 330 сумаа нэгтгэе. Ажлын байр бий болгоё. Зөвхөн төсвөөс цалин тавихад худалдаа арилжаа хийгддэгээс өөр юу ч байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд ямар ахиц байна? Нутгийн өөрөө удирдах ёс гэж ярьдаг. Засаглах эрх нь орон нутгийнхаа хүмүүст байна уу? Эсвэл дээрээс хэн нэгэн дарга чиглэлээ өгөөд томилж байна уу? УИХ-ын гишүүн дахин сонгогдохын тулд шаардлагагүй бүтээн байгуулалт барьдаг байхаас илүү ард иргэд нь юу хэрэгтэй байгаагаа шийддэг баймаар байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Энэ хуулийг өөрчилж байгаа концепцын гол хэсэг бол энэ. Нэгжийг нэгтгэх, томруулах байдал нэмэгдэнэ. Ажлын хэсэг дээр яриад, ямар заалт нэмж болох вэ гэж ярьсан. Төслийн 13.2 дахь хэсэгт нэгжийг өөрчлөхдөө өмнө нь иргэдэд үйлчилж байсан үйлчилгээг дордуулахгүй байна гэж зааж өгсөн. Сүүлийн 30 жилд дэлхийн улс орнуудад засаг захиргааны шинэчлэл явсан. Засаг захиргааны шинэчлэлийн хөтөлбөр нь үндсэн хоёр чиглэлийг хамаарч байгаа. Манайд харамсалтай ийм өөрчлөлт хийгдээгүй байгаа. Бид энэ хуулиар шууд нэгжийг нэгтгэх асуудлыг шийдэхгүй. Гох, дэгээ байлгахгүй байх. Тэр боломжийг УИХ, Засгийн газарт олгоно. Төсөв хөрөнгийн тал дээр том өөрчлөлт хийж байгаа. Манай ажлын хэсэгт Сангийн яамны мэргэжилтэн ороод ажилласан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг орон нутаг авна. Энэ 2022 оноос мөрдөгдөнө. Өмч, төсөв, татвар байгаа. Хот, тосгоны асуудал бас орж ирж байгаа. Энэ хуулийг баталснаар 2021 онд төсвийн маш том бэлтгэл хийх хэрэгтэй болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас бүрдүүлнэ гэж хуулийн төсөлд заасан байна. Нийтийн дундаас сонгуулийн зарчмаараа явж байгаа тохиолдолд хэр нийцэж байгаа вэ? Мөн хувь хүний нууцыг задруулбал чөлөөлнө гэж заасан. Энэ харьцангуй ойлголт болж магадгүй шүү. Иргэдийн олонхоор эргүүлж татна. ИТХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол Засгийн газар тараана гэсэн байна. Засгийн газар төлөөллийн байгууллага биш шүү дээ. ИТХ-ын даргыг хуучин чөлөөлөх гурав, дөрвөн заалт байсан. Байхгүй болсон байна. Хамгийн гол асуудал нь төсвийн асуудал байдаг юм даа. Төсөв дээр ямар дэвшил хийсэн бэ. ИТХ-ыг ажиллах нөхцөлөөр хангах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Төсвийн асуудлыг сууриар нь зөв болгож байгаа. 28 жил болж ирсэн хуулийн гол сул тал нь төв орон нутгийг зааглаагүй байдал. Энэ чиг үүргийг зааглах явдал байсан. Орон нутгийн чиг үүргийг тодорхойлохоор төрөөс үүрэлцэх чиг үүрэг гэж хуваасан. Үүнээс эхлээд төсөв, томилгоог шийдэх боломжтой болно. Чиг үүргээ дагасан төсвийн томилгооны чиг үүрэг явна. НИТХ-аас дүүргийн ИТХ-ыг бүрдүүлэх заалтыг хасах саналыг хүлээж авсан. Хувь хүний нууцыг задруулах асуудал манай хүмүүсийн хүлээх үүрэг. Эргүүлэн татах асуудал байгаа. ИТХ тухайн иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. Тиймээс эргүүлэн татах, хариуцлагажуулах асуудлыг оруулж өгч байгаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

Хуулийн төслийг дэмжиж байна. Орон нутагт хэт улстөржилт бий. Үүнийг л одоо халах хэрэгтэй. Тодорхой асуудлаар ИТХ-ын зөвлөл ажиллах юм байна. Энэ утгаараа хуучны тэргүүлэгч гэдэг ойлголт алга болж байгаа юм байна. Энэ асуудал амьдрал дээр хэр зохицох вэ? Бүх асуудлыг ИТХ-аар хэлэлцэж болох уу? 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Улстөржилтийн асуудал яригдсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дээр улс төрийн нам үндэсний хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллана гэж заасан. Тэргүүлэгчдийг алга болгож байгаа нь дандаа хурал хуралдана гэсэн үг биш. Их хурал дээр байнгын хороо зарим асуудлыг шийддэг. Үүнтэй адил тэргүүлэгчдээс илүү хурлын хороодод түшиглэсэн зохион байгуулалт руу шилжихийг зааж өгсөн. Тэргүүлэгч гэсэн статустай дарга төлөөлөгчийг үгүй хийсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Төрийн албаны суурь зарчимтай зөрчигдөж байгаа асуудал байна. Тамгын газрын даргыг Засаг дарга зургаан жилийн хугацаатайгаар томилно гэж хугацаа заасан нь ямар учиртай юм бэ. Тамгын газрын дарга бол төрийн мэргэшсэн албан хаагч. Гэтэл хугацаа зааж томилох нь ойлгомжгүй байна л даа. Төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой гэдэг зүйл энэ өөрчлөлтийн хүрээнд алдагдах гээд байна. Мэргэшсэн, төрд олон жил ажилласан хүнийг өөрийнх нь хүсэлтээс бусад шалтгаанаар халах, чөлөөлөх асуудлыг төр өөрөө хамгаалахаар Төрийн албаны шинэчилсэн хуульд тусгасан. Төрийн албаны суурь зарчимтай зөрчилдөх энэ заалтыг дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Ажлын хэсэг болон орон нутгийн удирдлагуудтай хийсэн хэлэлцүүлэг дээр хөндөгдсөн асуудал. Ажлын хэсгйин ахлагчийн хувьд хэлэхэд, мерит зарчмыг дэмждэг. Гэхдээ сүүлийн үеийн захиргааны хөгжлийн загвар талаас нь аваад үзвэл дижитал эдийн засаг, дижитал орчин бий болсноор мэдлэгийн асуудал ч өөрчлөгдөж байгаа. Боловсрол хуучирна гэсэн үг. Энэ хүрээнд тасралтгүй суралцах асуудлыг хамт авч үзсэн. Зургаан жил бол урт хугацаа. Сонгуулийн үр дүнгээс хамаарахгүй гэсэн үг. Зургаан жилдээ ажлаа үнэлүүлэх нь өнөө цагийн шаардлага. Цаг үеэ дагасан заалт гэж ойлгох хэрэгтэй. Зургаан жилийн хугацаанд төрийн албаны хуулийн хамгаалалтад байна. Улс төрийн шийдлээр л орсон. Хугацаатай томилгоо Төрийн нарийн бичгийн дарга нарт ч үйлчилж байгаа. Өмнөх парламентад баталсан Төрийн албаны хуульд тусгагдсан асуудал.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Тамгын газрын дарга нарыг яагаад зургаан жил болгосон юм бэ? Түүнээс илүү байж болдоггүй юм уу гэдэг асуудал байгаа. 2017 онд Төрийн албаны хуулийг батлахдаа энэ заалтыг оруулсан. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд дээр тодорхой хугацаа зааж тогтвортой ажиллуулах боломжийг хангаж өгсөн. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум дүүргийн тамгын газрын дарга нар зургаан жилийн хугацаатай ажиллаж, нэг удаа сунгаж болохоор болгосон. Ингэж тогтвортой болгохгүй бол болохгүй байгаа юм. Манайхан хугацаатай албан тушаалыг тогтвортой байлгаад, хугацаагүйг нь тогтворгүй болгоод байдаг юм. Нэг, хоёр жилээс хэтэрдэггүй, эсвэл сонгуулийн циклээр томилогддог. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тамгын газрын дарга нарыг бүгдийг нь солих гээд байна гэх мэдээлэл гарч байгаа. Тиймээс энэ хуулийг дагаад өмнөх тогтоолыг нь хүчингүй болгох тогтоолыг хамтад нь өргөн барьсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль энэ онд батлагдвал тогтворгүй байдал үүсэхгүй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Төрийн мэргэшсэн тогтвортой байх зарчим энэ өөрчлөлтийн хүрээнд алдагдах гээд байна. Энэ зарчмын хүрээнд тухайн салбарын асуудлыг мэдэрч олон жил ажиллаж байгаа, олон жилийн туршлагатай гэдэг юм уу, ур чадвартай албан хаагч нар зөвхөн өөрийн хүсэлтээр эсвэл мэргэжлийн ур чадвар муу байх гэдэг шалтгаанаас бусад тал дээр хуулиараа тогтвортой байх гэдэг заалтаар хамгаалагдах ёстой. Хэрэв бид үнэхээр улс төрийн шийдэл гаргаад үүнийг өөрчилье гэж байгаа бол Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, эсвэл албаны тушаалын эрх зүйн байдлыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Хуучин Хэрэг эрхлэх газрын дарга төрийн жинхэнэ албан хаагч байсныг улс төрийн албан хаагч болгосон. Магадгүй үүнтэй адилаар Засаг даргын тамгын газрын дарга нарыг улс төрийн албан хаагч болгох ёстой.

10 : 43
2020-12-9

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Чуулган нээлт (82)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байна.

09 : 00
2020-12-10

УИХ-ын чуулган хуралдана

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж