Ж.Дэлгэрсайхан: Ерөнхийлөгчийн хууль гадаад зах зээлд сөрөг дохио өгнө

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Ж.Дэлгэрсайхан: Ерөнхийлөгчийн хууль гадаад зах зээлд сөрөг дохио өгнө

Ж.Дэлгэрсайхан: Ерөнхийлөгчийн хууль гадаад зах зээлд сөрөг дохио өгнө

Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийн төсөл оруулж ирлээ. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид дүрвэж, Оюутолгойтой дахин үл ойлголцол үүснэ гэсэн болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газар, "Оюутолгой" компани хоорондын тохиролцоо сайнгүй байгаа энэ үед цаг хугацааны хувьд хэр тохиромжтой хуулийн төсөл вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оноос хойш Валютын зохицуулалтын тухай хууль дээр гаргаж буй гурав дахь санаачилга юм. Энэ хуулийг өөрчлөх шаардлагатай нь үнэн. Гэхдээ энд анхаарах асуудал бий. Миний хувьд энэ нь олон талаар өнөөгийн нөхцөл байдалд тохиромжгүй санаачильвга юм. Хамгийн гол нь өнөөдөр Монгол Улсын хувьд эдийн засаг, нийгмийн хувьд хүнд үеийг давж байгаа үе тохиож байна. Ийм үед тодорхой гадаадын хөрөнгө оруулагчийн нэрийг дурдан, хуулийн өөрчлөлт хийх тухай ярьж байгаа нь зохистой бус юм. Ийм үед бид харин ч дотоод, гадаад бүх эрсдэлээ тооцсон үйлдлүүд хийх хэрэгтэй. Нөгөө талаас энэ нь бидний зүгээс гадаад зах зээлд өгөх бас нэг сөрөг дохио болно. Ингэснээр бидний хүлээж болох ирээдүйн эрсдэлийг даван туулахад сөргөөр нөлөөлж болох юм. Өнөөдөр бид "Оюутолгой" компанитай холбоотой олон эргэлзээтэй асуудалтай байгаа нь үнэн. Шаардлагатай сайжруулалт өөрчлөлт хийх хэрэгтэй нь ч бас үнэн. Гэхдээ бид тэдэнтэй олон улсын хууль эрх зүй, гэрээний хэм хэмжээний хүрээнд л харьцах шаардлагатай. Тэгэх нь хоёр талд хоёуланд нь ашигтай юм. Энэ цаг үед төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Валютын зохицуулалтын тухай хуультай уялдуулан хөндөж байгаа нь сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой.

-Мөн банкны салбарт ухралт болж, Төвбанк ердөө төрийн банк болж хувирах эрсдэл ч байгаа гэх юм. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-2017 онд дотоодын банкин дахь дансаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалттай төслийн орлогыг байршуулах тухай асуудал УИХ-ын тогтоолын түвшинд батлагдаад цуцлагдаж байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувилбарт үүнээс өөрөөр буюу Монголбанкин дахь дансаар дамжуулах тухай зааж, Төвбанкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн байдаг. Энэ нь таны хэлсэн эрсдэлийг бий болгоно.

Ер нь аливаа улсын Төвбанк бизнесийн байгууллагын төлбөр тооцоо хийдэг тохиолдлыг би мэдэхгүй юм. Хэрвээ энэ хувилбараар хууль батлагдвал энэ нь өвөрмөц сонин тохиолдол төдийгүй ухралт болох боломжтой.

-Өнөөгийн хэрэгжиж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн чадамж хангалтгүй байгаа учраас гишүүд болон Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийг өөрчлөх гээд байна гэж ойлгож болох уу?

-Хуулийг шинэчлэн найруулах байдлаар өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэгтэй талуудтай санал нэг байна. Валютын зохицуулалтын тухай хууль нь анх 1994 онд батлагдсан бөгөөд цөөн нэмэлт, өөрчлөлт орсноос өөр өөрчлөлт байхгүй байгаа. Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг, валютын харилцааны хамрах хүрээ, хэмжээ ихээхэн өөрчлөгдсөн гэдэг нь тодорхой юм. Мөн хуулийн төсөлд хийсэн шинжилгээгээр хуулийн давхардал, хийдэл их, валютын нэгдсэн зохицуулалт хариуцлагын тогтолцоо дутмаг гэх мэт олон сул тал илэрсэн байдаг. Энэ үүднээс 2018 онд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүд шинэчилсэн найруулга, Ерөнхийлөгч мөн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байдаг.

-Ер нь Валютын зохицуулалтын тухай хуульд ямар өөрчлөлт хийснээр валютын ханшийн өсөлтийг барьж чадах вэ?

-Миний ойлгож байгаагаар энэ хуулийн үндсэн зорилго нь валютын харилцааг зохицуулах явдал. Цаад утгаараа валютын зөв тогтолцоо бий болгож, валютын ханш, төгрөгийн үнэгүйдлээс хамгаалах явдал. Үүн дээр Ерөнхийлөгчийн институцын зүгээс гаргаж байгаа санаа давхцаж байгаа. Гэхдээ арга нь арай буруу байх шиг. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн орлогыг Монголбанкаар дамжуулсанаар Монгол Улсын валютын ханштай холбоотой асуудлыг шийдэх боломжгүй. Харин энэ хуульд хийх шаардлагатай гол өөрчлөлт нь валютын харилцаанд төрийн захиргааны байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хариуцлагын асуудал. Учир нь бид одоо хүртэл бүх түвшинд Монголбанк л валютын ханшийг зохих түвшинд барьж байх ёстой гэсэн алдаатай бодолтой явж ирсэн. Гэтэл валютын ханшид нөлөөлөх гол сувгуудыг зохицуулах гол субъект нь Засгийн газар юм. Бас улс орны хэмжээнд валютын нэгдсэн тогтолцооны асуудал чухал зүйлсийн нэг. Эдгээр гол зохицуулалтыг хийж чадвал ханшийн зөв чиглэлтэй болох боломжтой. Тодруулбал, УИХ нь эдийн засгийн хөгжлийн зөв бодлого, хууль баталж, Засгийн газар нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, гарах урсгалыг багасгах эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, Төвбанк валютын нөөцийг зөв удирдах гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадвал гэсэн үг. Энэ шаардлагатай өөрчлөлт дээр дурдсан УИХ-ын гишүүдийн хуулийн төсөлд тодорхой хэмжээнд бий. Гэхдээ арай хэтрүүлсэн зохицуулалт, хяналт, анхаарч сайжруулах зүйлс байгааг хэлэлцүүлгийн явцад сайжруулна гэж найдаж байна.

-Төрөөс банкуудын үйл ажиллагаанд хэр оролцож байна. Манай банкуудыг төрөөс хараат бус гэхэд тун хэцүү санагддаг? 

-Банк санхүүгийн салбар, үйл ажиллагааны талаарх улс төрийн, нийгмийн дундах ойлголт өөрөө зарим талаар алдаатай байна. Үүнийг санаатай дэвэргэж байгаа этгээдүүд ч байна. Мөн хуулийн хэрэгжилт хангалттай бус байна. Монголбанк хуулийн дагуу хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл дурын улс төрч, улс төрийн хүчин Монголбанкы үйл ажиллагаанд оролцож байгаа нь хараат бус, бие даасан гэж хэлэх боломжгүйг харуулж байна. Сүүлийн үед энэ нь Төв банкны үйл ажиллагаанаас хэтэрч, арилжааны банкуудын үйл ажиллагаанд хүчтэй оролцох байдалтай болж байна. Нэгэнт Монгол Улс системийн хувьд ийм хүндрэлтэй байгаа үед банкны салбарт мөн адил олон сул тал, засах шаардлагатай зүйлс бусад салбарын нэгэн адил байж болох юм. Гэхдээ энийг эдийн засгийн жам ёсны зарчмаас нь хэт гажсан, үйл ажиллагаанд нь зүй бусаар оролцсон байдлаар шийдэх боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох шаардлагатай юм.

-Цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын бодлогыг та юу гэж харж байна. Оновчтой шийдвэрүүд байж чадаж байна уу?

-Цар тахлын үед төр засгийн зүгээс өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайн болсон гэж хувьдаа үзэж байгаа. Бид иргэдийн эрүүл мэнд, амь насыг сайн хамгаалж, удаан хугацаанд тархалтыг дотооддоо алдахгүй байж чадлаа. Үүнд оролцож байгаа эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудын хөдөлмөрийг үгүйсгэх аргагүй. Мөн орлого багатай, эмзэг давхаргын иргэдийн амьжиргааг сайн хамгаалж чадсан. Эдгээр ажлуудад их ч зардал гаргасан. Нөгөө талд бизнес эрхлэгч, ажилтай иргэдээ НДШ, орлогын албан татварын чөлөөлөлтөөр тодорхой хэмжээнд дэмжлээ. Энэ талд анхаарах зүйлс олон байсныг хэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь цаг үе одоо тулж байна. Харин энэ цаг хугацаанд эдийн засгаа хэрхэн аврах вэ гэдгийг сайн бодож ажиллах нь илүү чухал болж байна.

Учир нь одоо л бидэнд цар тахлын жинхэнэ томоохон эрсдэл, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийн гол эрсдэл тулгараад байгааг ойлгох нь чухал. Иймд эдийн засгийн уналтыг саармагжуулах, ажлын байрыг хадгалах чиглэлд хангалттай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

"БАНК ӨӨРӨӨ АШГИЙН ТӨЛӨӨ БУСАД ААН-ТЭЙ АДИЛ БАЙГУУЛЛАГА"

Засгийн газраас банкны зээлийн хүүг хойшлуулах шийдвэр гаргасан нь бодит шийдэл биш, зээлийн хүүг бууруулах, тэглэх ёстой гэж зарим эдийн засагч үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үүнийг Монголбанкны эрх, үүргийн хүрээнд хамаарах асуудал гэж би хувьдаа бодож байгаа. Онцгой нөхцөл байдлын хүрээнд Засгийн газартай зөвшилцөж ажиллаж байна гэж ойлгож болох болов уу. Монголбанкны зүгээс үүнийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ нь цаг үе, бодит боломжид тулгуурласан шийдвэр гэж би хувьдаа үзэж байна. Болдог бол хүүг бууруулах, тэглэх арга замыг дэмжилгүй л яах вэ. Зээлийн хүү нь эдийн засгийн суурь нөхцлөөс хамаарч тогтдог бүтээгдэхүүний үнэ гэдгийг ойлгоход уг нь нэг их хүндрэлтэй бус. Иймээс эдийн засгийн нөхцөл сайжраагүй байхад боломж багатай. Зээл нь хоёр талын хооронд харилцан зөвшилцөж байгуулсан гэрээний асуудал. Мөн банк өөрөө ашгийн төлөө бусад ААН-тэй адил байгууллага. Тэдэнд өөрт нь мөн адил орлого, зардал, эрсдэл бий. Тэдний эх үүсвэрийн зардал буураагүй үед банкны орлого, зардлын тэнцвэр алдагдаж, тухайн салбартаа хүндрэл дагуулж болзошгүй гэсэн олон шалтгаан байна.

-2021 оны төсөвт тавьсан Ерөнийлөгчийн хоригийг МАН-ын олонх хүлээж авсангүй. Төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны асуудал болж байна уу?

-2021 оны төсвийг тодотгох нь гарцаагүй. Гэхдээ он гарч байж 2021 оны төлвийг илүү тодорхой харж хийх хэрэгтэй гэж үзэж байж болзошгүй. Цаг хугацааны асуудал, мөн тодотголоо эдийн засгийн нөхцөл байдалд уялдсан байдлаар хийх хэрэгтэй л гэсэн бодолтой байна.

Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар бууруулж, 6 хувь болгосноос гарах хамгийн эхний үр дүн юу вэ?

-Бодлогын хүүг 6 болгоно гэдэг нь Монголбанкны зүгээс хийсэн нэлээд зоримог алхам юм. Мөн зайлшгүй шаардлагатай нөөцийн хувийг буурууллаа. Эдгээр нь мэдээж зээлийн хүүд, мөнгөний урсгалд тодорхой нөлөө үзүүлнэ. Зээлийн хүү, хугацааг хойшлуулж байгаа үед банкуудад ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Харин цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь энэхүү мөнгөний бодлогын арга хэрэгслийн эерэг нөлөөг саармагжуулж магадгүй юм. Иймээс иргэд, ААН-ийн зүгээс зээлийн хүүг бууруулах, тэглэх шаардлага тавьж байж болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж