БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

COVID-19

БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд

БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд

Дэлхийн банк аравдугаарр сарын тайландаа БНХАУ-ын эдийн засаг 2020 онд 2.0 хувиар, 2021 онд 7.9 хувиар өсөхөөр төсөөлжээ. Энэ онд БНХАУ-ын Засгийн газрын зарцуулалт тэлж, экспорт нэмэгдэж байгаа, Covid-19-ийн тархалт гуравдугаар сараас хойш бага түвшинд байгаа зэрэг нь өсөлтѳд эерэг нѳлѳѳтэй боловч хувийн хэрэглээний сэргэлт алгуур байхаар байна. Харин ОУВС БНХАУ-ын эдийн засгийг ирэх онд 8.2 хувиар, Блүмбергийн эдийн засагчид 8.1 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ.

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр, тус улсын гадаад худалдааны тэнцэл 2020 оны есдүгээр сард 37 их наяд юань байсан бол аравдугаар сард 58.4 их наяд юаньд хүрч нэмэгдсэн байна.

Урд хөршийн экспорт энэ оны есдүгээр сард жилийн 9.9 хувиар өссөн бол аравдугаар сард өсөлт эрчимжиж, 11.4 хувиар өслөө. Энэ нь Блүмбергийн шинжээчдийн хүлээлт 9.2 хувиас давсан үзүүлэлт болжээ. Экспортын гол түнш болох АНУ, Евро бүс, Азийн орнууд руу экспорт нэмэгдэж, ялангуяа эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд болон электрон барааны экспорт өндөр байсан аж.

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан ширүүсэн, бараа материалын нөөцлөлт нэмэгдсэн нөлөөгөөр 2020 оны есдүгээр сард жилийн 13.2 хувиар огцом өссөн БНХАУ-ын импортын өсөлт аравдугаар сард саарч, жилийн 4.7 хувиар өссөн байна.

Австрали, Хятадын таагүй харилцаа үргэлжилж, Австралиас импортлосон нүүрсний импорт аравдугаар сард 47 хувиар буураад байгаа хэдий ч бусад барааны импорт өсч, Австралиас авсан нийт импорт өнгөрсөн сард 6.6 хувиар нэмэгджээ.

БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн тэлэлт үргэлжлэв. Урд хөршийн аж үйлдвэрийн Caixin PMI индекс аравдугаар сард хүлээлтээс давж 53.6 хүрсэн бол аж үйлдвэрийн албан ёсны PMI индекс нь аравдугаар сард 51.4 хүрч, найм дахь сардаа тэлэлт үргэлжлэв. Үүнд, аж үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт аль аль нь сэргэсэн нь нөлөөлжээ. Бизнесийн үйл ажиллагаа сайжирч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа тул Хятадын үйлдвэрлэл эрхлэгчид нөөцөө нэмэгдүүлэх сонирхолтой байна. Дэд индексүүдээр задалж харвал шинэ экспортын захиалга нэмэгдсэн ч ажил эрхлэлтийн бүрэлдэхүүн индекс 50-иас доогуур түвшинд хадгалагдсан хэвээр байгаа аж.

БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн бус салбар сэргэж байна. Тус улсын аж үйлдвэрийн бус албан ёсны PMI индекс есдүгээр сард 55.9 байсан бол аравдугаар сард 56.2 хүрч нэмэгдэв. Үүнд үйлчилгээний салбарын сэргэлт нэмэгдэн PMI 55.5 хүрч өсчээ. Үүнд, засгийн газрын барилгын салбарыг дэмжих бодлогын нөлөөгөөр барилгын салбарын өсөлт хадгалагдсан нь нөлөөлсөн байна.

Хятадын эдийн засаг ирэх таван жилд дунджаар 5.5 хувиар өсөх, түүнээс цааш 2035 оныг хүртэл жилд дунджаар 5.0 хувиар өсөх боломжтой гэж Chongqing-ийн захирагч асан Huang Qifan мэдэгджээ. Тэрбээр БНХАУ дотоод эрэлтийг дэмжиж, гадаад эдийн засгаас хараат байдлыг бууруулах, ялангуяа түүхий нефтиэс хараат байдлаа бууруулах зорилтыг “dual circulation” өсөлтийн стратегийн хүрээнд тавьж байгааг онцолсон байна.

БНХАУ одоогоор нефтийн хэрэглээнийхээ 70 хувийг импортоор хангадаг бөгөөд импортын хэрэглээг 10-20 хувиар бууруулахыг зорьж байгаа аж.

БНХАУ-ын нүүрсний импорт аравдугаар сард 13.7 сая тонн болж, өмнөх сараас 27 хувиар, өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурчээ. Үүнд БНХАУ, Австралийн таагүй харилцаа аравдугаар сарын турш үргэлжилж, Австралиас импортлох БНХАУ-ын нүүрсний импорт огцом буурсан нь нөлөөлсөн байна.

“Refinitiv” байгууллагын мэдээлснээр, далайн тээврээр импортолсон нүүрсний экспорт 10 сая тонн байсан бол газрын тээврээр хийгдсэн импортын дийлэнхийг Монгол Улс бүрдүүлсэн байна. Монголын гаалийн статистик мэдээллээр, аравдугаар сард Монголын нүүрсний экспорт 4.04 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдээд байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж