УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.12.09/-ийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа нь дуусгавар болж, чөлөөгдсөн гишүүдийг танилцуулбал,
УИХ-аас дэвшүүлсэн – Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Нямсамбуу,
Засгийн газраас нэр дэвшүүлсэн Б.Золбаяр, З.Энхболд нарыг чөлөөлж, тэдний оронд шинээр томилох хүмүүсийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ.
Хуулиараа Үндэсний зөвлөлийн 15 гишүүний долоог нь УИХ-аас, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр дөрвөн хүнийг нэр дэвшүүлэхээр заасан.
Ерөнхийлөгчөөс Шашны түүх уламжлалт ёс заншил чиглэлийн
УИХ-аас Гадаад харилцаа, Байгаль орчин, Сэтгүүл зүй,Эрхзүйн чиглэлийн
Засгийн газраас Эдийн засаг, бизнес, менежмент, Техник, технологийн чиглэлийн хүмүүсийг тус тус нэр дэвшүүлэх хуультай.
Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр нэр дэвшиж буй гишүүдийн дийлэнх нь дээрх чиглэлийн бус хүмүүс байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэнгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан.
Товч намтраас нь дурдвал,
- УБИС сэтгүүлч, орчуулагч /бакалавр/
- МУБИС Уран зохиолын магистр
- Төрийн удирдлагын магистр 2003 онд Улс төрийн PR-ын чиглэлээр хамгаалсан
- 2013-2014 онд АНУ-д International Language institute-д суралцсан
- Сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. Уран зохиол, Төрийн удирдлагын магистр, англи хэлтэй.
Засгийн газраас нэр дэвшүүлсэн Г.Отгонбаяр нь www.iToim.mn сайтын захирал, нийтлэлч, өмнө нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Засгийн газраас нэр дэвшүүлсэн М.Уянгын тухайд Sound Of Mongolia компанийн захирал.
УИХ-аас Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, МУСГЗ, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ.
Ч.Батцэнгэл МҮОНРТ-ийн дэд захиралаар ажилладаг. Түүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшихийг нь МҮОНРТВ-ийнхэн эсэргүүцэж байсан юм. Гэсэн ч УИХ-аас түүнийг дэмжжээ.
М.Наранбаатарын хувьд өмнө нь МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан. Б.Ганболд нь “Монголын үнэн” сонины эрхлэгчийн алба хашдаг. “Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн байсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “МҮОНРТ үндэсний зөвлөл гэдэг бол өөрийн ойр дотно, нутаг нугийн хүмүүсийг томилдог газар биш. Яагаад үндэсний зөвлөлийн нэр хүнд унаад байна гэхээр үүргээ гүйцэтгэхээ болиод, Ерөнхий захиралын лоббинд нь ороод гадаад явдаг. Эсвэл чихэр жимсхэн гэдэг юманд хууртагддаг явдал юм. Үндэсний зөвлөлийн нэр хүнд шалдаа буутал унчихаад байна. Би өөрөө ММ агентлагын редактороос, дарга хүртэл ажиллахдаа тэнд байгаа уран бүтээлчдийн цалин хөлсийг нэмье, ийм контент гаргая гээд ороход ганц дэмжиж байсан хүн нь Оюун-Эрдэнэ юм. Бусад нь бүгдээрээ уран бүтээлчид яахав гээд дараа нь шагналд нь гадаад руу эхнэр, хүүхдээ аваад явчихдаг. Эсвэл идшээ бэлдүүлээд байж байдаг. Ийм маягаар Үндэсний зөвлөл явж болохгүй юм. Үндэсний зөвлөл гэдэг бол санхүүгийн юмыг хянадаг, аль сайн контентийг гаргах вэ, яагаад салбар салбарын хүмүүс ордог тооцоо байдгыг та бүхэн мэдэх байх. Эдийн засаг, бизнес, байгаль орчин, шинжлэх ухаан, эх орон ч үзэл гээд үндэсний том том контентууд гаргах МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн асуудлыг бид ярьж байна. Үндэсний зөвлөлд нь яг мэргэжлийн хүмүүс нь ороод яг сэтгэлтэй, контентдээ ч боловсролтой ханддаг, салбарын балансыг барьдаг, оюун санааны луужин чиглүүлэгч хүч байхад анхны томилогдсон Үндэсний зөвлөл нь энэ үүргийг гүйцэтгэж байсан. Үүнээс хойших нь дандаа ерөнхий захиралынхаа лоббид ороод цалин хааяа аваад, гадаад явж байдаг. Ийм зөвлөл болж хувирсан учраас МҮОНРТ-ийн тухай хууль Үндэсний зөвлөлийн асуудлыг УИХ өөрчилөх хэрэгтэй байна гэдгийг хамт олон нь хэлээд байна. Хамгийн мундаг найруулагч, зураглаач, сэтгүүлч МҮОНРТ-д байдаг байсан бол сүүлийн жилүүдэд арилжааны телевизээсээ муу болчих гээд байна гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Энэ нь Үндэсний зөвлөл ажлаа хийхгүй байгаатай холбоотой юм. Тийм учраас УИХ өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилдог. Үндэсний зөвлөлийн үүрэг юу вэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Энэ бол тэнд хүмүүсийг шагнадаг, хүн орогнуулдаг газар биш юм. Үндэсний зөвлөл шударга ёс, оюун санаа, эх оронч үзэл, эдийн засаг, бизнесийн, Монгол Улсын луужинг тодорхойлох контентийн бодлого дээр зөвлөмж өгөөд, хяналт тавих Үндэсний зөвлөл байдаг юм. Гэтэл энэ нь алдагдаад байгаа учраас тэнд шүүмжлэл өрнөж байна. Өнөөдөр 600-аад хүн биднийг ямар шударга хүн сонгохыг хараад сууж байна” гэв.
Холбоотой мэдээ