БОАЖЯ-наас ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-тай хамтран Монгол орны байгалийн ургамлын дижиталд гербарын сан үүсгэх ажлыг эхлүүлээд байна.
Монгол орны Байгалийн ургамлын цуглуулгын сан өдгөө ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын сан (Herbarium UBA) 80 мянган хуудас, МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын сан (Herbarium UBU) 20 мянган хуудас гуурст ургамлын цуглуулга хадгалагдаж байна.
“Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан”-гийн чухал бүрэлдэхүүн болох олон арван мянган хуудас бүхий энэхүү цуглуулгын сан хөмрөгийг олон улсын жишигт нийцүүлэн дижитал хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн санг үүсгэснээр Монгол орны ургамлын олон янз байдлын хосгүй үнэт материал найдвартай хадгалагдах боломж, нөхцөл бүрдэх юм.
Мөн Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний мэдээлэл солилцох, байгалийн ургамлын олон янз байдлыг хамгаалах, тэдгээрийн тархац-нөөцийг тогтоох, өөрчлөлт хандлагыг хянах мониторинг судалгааны шинжлэх ухааны суурь мэдээлэл болохоос гадна шийдвэр гаргагчид, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, ард иргэд өөрт хэрэгтэй ургамлын мэдээллийг интернэтээс шуурхай олж, ашиглах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Холбоотой мэдээ