Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 дугаар сарын 10-ны өдөр, хавар цагт 5 дугаар сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтдаа мод тарилаа. Монгол орны нийт нутгийн 7,9 хувийг л ойрхог талбай эзэлдэг. Үүнийг бид 8,6 хувьд хүргэх том зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрэхэд салбар яамнаас гадна иргэдийн оролцоо хамгийн чухал. Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм. Тиймээс хүн бүрийг мод тарьж, хайрлаж хамгаалахыг уриалж байна”.
Өнөөдрийн хувьд ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээгийг харин ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж нийслэлийн ногоон байгууламж болон ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаасан юм.
Мөн 2020 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн Монголын анхны томоохон төсөл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод, бут, сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ