Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон НҮБ-ийн Хүүхдийн сан 2019 оноос хамтын ажиллагаагаа эхэлсэн. Энэ хүрээнд хоёр гол чиглэлд тулгуурлан ажиллаж байна. Нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулах, жирэмсэн ээж, хүүхдэд үзүүлж байгаа агаарын бохирдлын сөрөг нөлөөг багасгахад анхаарч байна. Хоёрдугаарт, гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс татгалзаж цахилгаан халуугуурт шилжүүлэх, байгаль орчинд ээлтэйгээр амьдрах асуудалд төвлөрч байгаа юм. Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстэй уулзаж хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс: “Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлэн БОАЖЯ болон НҮБ-ийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа агаарын бохирдлыг бууруулах төсөлд бид хэд хэдэн ажлыг хийгээд байна. Тухайлбал, Баянхонгор аймагт агаарын чанарын хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлээд байна. Мөн хямд өртөгтэй, бага оврын төхөөрөмжүүдийг ч давхар ашиглаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн өвөл өөрсдийн туршлага дээрээ үндэслэн Монгол гэрийн халаалт, дулаалгын багц буюу Чип багцыг дотоодын болон ОУ-ын түнш байгууллагууд, ШУТИС-тай хамтран гаргалаа. Багцыг Баянхонгор аймгийн 200 гаруй өрхөд нэвтрүүлж, хэмжилт, судалгаа хийсэн байгаа. Судалгаагаар тус өрхүүд цахилгаан халаагуурт шилжснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна эрүүл, цэвэр орчин амьдрах, цаг хугацааг хэмнэх гэх мэт олон эерэг үр дүнгүүд гарсан. Мөн энэхүү багц нь БОАЖЯ, Банкуудын холбооноос хамтран гаргасан Ногоон зээлийн нэг бүтээгдэхүүн болсонд бид баяртай байна.”
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Хоёр талын хамтын ажиллагаа эхлээд удаагүй ч үр дүнгээ өгсөн олон ажлуудыг амжуулсан та бүхэнд маш их талархаж байна. Улаанбаатар хотоор зогсохгүй аймгуудын агаарын бохирдлын түвшин сүүлийн жилүүдэд ихсэж байна. Хамгийн их агаарын бохирдолтой таван аймгийн нэг болох Баянхонгор аймагт хоёр том ажлыг хийж, эерэг үр дүн гаргасанд салбар яамны хувьд бахархалтай байна. Тус аймагт хэрэгжүүлсэн Монгол гэрийн халаалт, дулаалгын багцыг цаашид нийслэл болон аймгуудад нэвтрүүлбэл агаарын бохирдлыг буруулахад бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй иргэдийн тав тухтай амьдрах орчин, нөхцөл нэмэгдэх боломж бүрдэж байгаа нь сайхан мэдээ байна. Цаашид энэ ажлыг өргөжүүлэн нийслэл хот болон бүх аймаг, сумдад нэвтрүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн МУ-ын Засгийн газраас агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг биелүүлэхийн төлөө бүх шатанд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлье.”