УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн өмгөөлөгч П.Баасанжавтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад НД, ЭМД-ын 340 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт нь шүүхээс 40 сая төгрөгөөр торгох ял оноосон тухай цахим ертөнцөд бичжээ. Яг ямар хэрэгт, ямар зүйл ангиар ийм ял оноосон юм бэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн дунд УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Нийгмийн даатгал, ЭМД-ын 340 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан, энэ хэрэгтээ ял шийтгүүлсэн гэдэг ойлголт яваад байгаа. Ингэж ойлгуулах гэж сошиалаар буруу ташаа мэдээлэл тарааж, энэ мөнгийг Ундармаагаас нэхэх ёстой гэж бусдыг турхирч байгаа хүмүүс ч бий. Би өмгөөлөгчийн хувьд бодит мэдээллийг хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Ундармаа нь НД, ЭМД-ын мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт ял шийтгүүлээгүй, энэ бол хамаагүй юм.
-Тэгвэл шүүхээс Б.Ундармаад яг ямар хэргээр ял ногдуулсан юм бэ?
– ЖДҮХС-аас Б.Ундармаагийн хамаарал бүхий компани нь 800 сая төгрөгийн зээл авахад түүнийг УИХ-ын гишүүний албан тушаалаараа нөлөөлсөн гэх хэргээр ял оногдуулсан. Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан компанийн тухайн төсөл нь импортыг орлох, валютын гарах урсгалыг багасгаж нэмүү өртөг шингэсэн, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан. Гэвч “УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авахад нөлөөллөө” гэх асуудал олон нийтэд гарч эхэлсэн. Тэр үед тухайн компани ЖДҮХС-гаас зээл авснаасаа хойш 20 гаруй хоногийн дараа зээлийг, зээлийн хүүний төлбөрийн хамт бүрэн төлж барагдуулсан байдаг.
–Ийм хэрэгт холбогдсон зарим хүн хорих ял авч байхад Б.Ундармаад яагаад торгох ял оноосон юм бол?
-Эрүүгийн хуульд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт хорих, торгох гэсэн хоёр төрлийн ял оногдуулахаар заасан байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Ундармаагийн тухайд АТГ-аас гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн 2018 оны 12 дугаар сараас эхлэн мөрдөн байцаалтад ямар нэгэн саад учруулаагүй. Хуулийн байгууллагын ажиллагаанд үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. “Миний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан нь УИХ-ын гишүүний хувьд байж болохгүй асуудал, ёс зүйн алдаа гэдгийг ойлгож, буруугаа хүлээж байна” гээд уучлал хүссэн. Мөн тухайн компани нь авсан зээл, зээлийн хүүг 2018 онд 20 гаруй хоногийн дотор бүрэн төлж барагдуулсан баримтыг гаргаж өгсөн. Ийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр гаргасан хүсэлтийг прокурор хүлээж аваагүй. Ингээд анхан шатны шүүхээс Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна Б.Ундармаагийн эрүүл мэндийн ноцтой байдал, хүнд өвчний учир эмчийн хяналтад байнга байдаг зэргийг харгалзаж үзээд торгох ял ногдуулсан. Энд шүүх хууль зөрчсөн асуудал огт байхгүй, хуулийнхаа дагуу шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ч ижил төстэй хэргийг уг байдлаар шийдвэрлэж байсан практик бий. Уг нь хувь хүний эрүүл мэндийн асуудал хувийн нууц байдаг ч зарим хүн буруу ойлгож, бас мушгиж байгаа учир товчхон тайлбар хэлье. Б.Ундармаа 2006 оноос хойш хавдрын хагалгаанд гурван удаа орж эмнэлгийн байнгын хяналтад эмчлүүлж байгаа. Өвчин хэлж ирэхгүй шүү дээ. Хэргийг мөрдөн байцаалтад байх хугацаанд хүртэл нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр Сөүлд очиж яаралтай хагалгаанд орсон. Ирээд хагалгааны дараахь эмчилгээ, эмчийн хяналтад байхдаа шүүх хуралдаанд орсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хоригдож байхдаа Хорих ангийн эмч нарын хяналтад дор эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байсан.
-Тэгээд зарим хүн яагаад Б.Ундармааг 340 тэрбум төгрөгийн холбоотой хэрэгт 40 сая төгрөгөөр торгуулсан гэж бичиж, мэдээлээд байгаа юм бол…?
-Яагаад гэдэг зорилгыг нь би мэдэхгүй. Миний үйлчлүүлэгчийн талаар хэтэрхий улстөржүүлж зөрүү ташаа мэдээлэл цацсанаас болж түүний амь нас, аюулгүй байдалд ноцтой аюул занал өдөр бүр ирж байгаа. Харамсалтай нь ийм зөрүү, ташаа мэдээллийг хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар төлбөртэйгээр сошиал орчинд тарааж, түүний нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилж байна.
-Гэхдээ “Капитал” банкинд байршиж байсан ЭМД, НД-ын 340 тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг гэж бол тусдаа байгаа биз дээ. Үүнд Б.Ундармаа ямар нэгэн байдлаар холбогдож байгаа юу?
-Хоёр зүйл хэлье. Нэгд, миний үйлчлүүлэгчийн ял шийтгүүлсэн эрүүгийн хэрэгт Капитал банк, уг банкинд байршиж байсан ЭМД, НД-ын мөнгөн хөрөнгөтэй холбоотой нэг ч асуудал байхгүй. Б.Ундармаа нь “Капитал” банкны үйл ажиллагаанд огт оролцдоггүй, тус банкинд ямар нэгэн ажил, алба эрхэлж байгаагүй. Хоёрт, ЭМД, НД-ын мөнгийг Б.Ундармаа авч зувчуулж, завшчихсан асуудал байхгүй. Үндэслэлгүй зөрүү, ташаа мэдээлэл ойрын үед их яваад байгаа учраас энэ талаар тайлбар хийх нь зөв гэж бодож байна.
Өнөөдөр Монгол Улсад, ард түмэнд “Капитал банкинд байршиж байсан ЭМД, НД-ын мөнгөө бүрэн бүтэн олж авах нь чухал уу, эсвэл энэ үйл ажиллагаад огт хамааралгүй Б.Ундармааг яллаж, огт өөр хэрэгт оноосон торгуулийн ялыг нь “Капитал” банкны хэрэгт оноосон мэтээр олон нийтийг төөрөгдүүлээд өнгөрөх нь чухал уу гэдгийг бодох ёстой.
-Мэдээж мөнгөө олж авах нь чухал шүү дээ. “Капитал” банкинд энэ мөнгө байгаа юу?
-Банк бол санхүүгийн зуучлалын байгууллага. Нэг талаас мөнгөн эх үүсвэр авч нөгөө талд зээл болгон гаргадаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Капитал банк 2004 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллаж салбар, нэгжээрээ дамжуулан 161 хорооны 39 мянган иргэдэд тэтгэвэр, 130 хорооны 241 мянга гаруй иргэдэд халамжийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн. 2007-2015 оны хооронд НДЕГ Капитал банктай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж нийтдээ 125 орчим тэрбум төгрөгийг жилийн 12,0-15,0 хувийн хүүтэйгээр үе шаттай байршуулсан ба банк түүний хүүнд 120 орчим тэрбум төгрөг тооцон нэмж олгож 240 гаруй тэрбум төгрөг болсон байдаг. Банк ч үндсэн үйл ажиллагааныхаа дагуу НД-аас хүүтэй авсан эх үүсвэрийг тухай бүрт нь зээл болгон зээлдэгч олон аж ахуйн нэгж, байгууллагад өгч төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд нь ихээхэн хувь нэмэр болсон нь хэнд ойлгомжтой. Түүнээс биш, зарим хүмүүсийн яриад байгаа шиг нэг дор их хэмжээгээр банкинд байршуулаад, тэгээд хувьдаа завшсан асуудал огт байхгүй.
Одоо бол “Капитал” банкны өмчлөх бус хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд, зээлийн эргэн төлөлтөөр ЭМД, НД-ынхаас гадна бүх харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өгөх бүрэн боломжтой. 340 тэрбум биш, 240 тэрбум юм билээ. 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Монгол банкны эрх хүлээн авагчийн мэдэлд 550 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгө шилжин очсон гэдэг. Тиймээс Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын 240 гаруй тэрбум төгрөгийг бүрэн барагдуулах боломжтой юм.
Ер нь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа нээлттэй байх ёстой. Тэгэхгүй бол олон хардлага сэрдлэг бий болж байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: itoim.mn
Холбоотой мэдээ