Ирэх Даваа гаригаас /2020.12.14/ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Энэ талаар НОК-ын өнөөдрийн мэдээллээр ресторан кафе, гутал захиалга засвар болон ломбард, такси үйлчилгээг нээхээр болсон аж ахуй нэгжүүд тусгай журмыг мөрдлөг болгон ажиллах юм байна.
Мөн өнөөдрөөс эхлэн орон нутгийг зорих иргэдээс 20 цэгт шинжилгээ авах цэг ажиллахгүй. Тус цэгт шинжилгээ авах ажил үндсэндээ дуусчээ. Орон нутагт зорчих хүсэлтэй иргэд шинжилгээний хариугаа аваад зорчих боломжтой юм байна.
НИЙТ 52 АЖ АХУЙ НЭГЖ ХЭВИЙН ГОРИМООР АЖИЛЛАНА
НОК-ын Нарийн бичгийн дарга Д.ОЮУНБАТ:
-Үйл ажиллагааг нь нээж буй аж ахуй нэгжүүдэд тусгай нөхцөл шаардах байгууллагууд бий. Тухайлбал, авто технекийн зах, ресторан кафе, түргэн хоолны сүлжээ газар, хоол хүргэлт, такси үйлчилгээний байгууллагуудад дагаж мөрдөх журмыг Нийслэлийн ЗДТГ-аас гаргана. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийт 52 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллана. Үүнд, хөл хорионы хугацаанд үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 18 чиг үүргийн байгууллага, 34 аж ахуй нэгж багтаж байна. Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарч 52 аж ахуй нэгж хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдлээ. Бид цар тахлын нөхцөл байдлыг хумьж барьсан гэж үзэж байгаа. Дахин халдвар алдахгүйн тулд дээрх аж ахуй нэгжүүд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэлээ.
Харин Даваа гаригаас тээврийн хэрэгсэл хэвийн горимоор замын хөдөлгөөнд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй байгааг НОК-оос мэдээлэв. Хэрэв тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг нээвэл тусгай зөвшөөрөл бүхий QR код шаардлагагүй болох юм. Энэ талаар Тус комиссын Шуурхай штабын замын хөдөлгөөн зохицуулах багийн гишүүн Д.Чинзориг "Тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг нээвэл QR код бүхий тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Гэхдээ тусгай зөвшөөрөл олгогдсон машинууд дараа нь дахиж ийм хөл хорио тогтоовол хэрэглэгдэнэ" гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ