“Франкфуртын нислэгт 100 орчим хүн багтахгүй болж байна”

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

“Франкфуртын нислэгт 100 орчим хүн багтахгүй болж байна”

“Франкфуртын нислэгт 100 орчим хүн багтахгүй болж байна”

Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт, 20-нд Токио, энэ сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Энэ нислэгээр өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан  иргэдийг хамруулахыг албаныхан мэдээлсэн. Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй Австри улсад суралцдаг оюутантай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Австри улсад суралцдаг оюутан. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш энд онлайнаар хичээлээ үзэж, судалсан. Эртхэн Монгол руу буцах бодолтой байсан боловч чартер нислэгийн нэг хүний зардал, тусгаарлах байрны зардалтайгаа нийлээд зургаан сая төгрөг болж байгаа. Энэ зардлаа цуглуулах гэсээр байтал цаг хугацаа их алдлаа. Тэгээд өөрт байгаа бүх мөнгөө шавхаад эх орон руугаа буцах гэтэл дотоодод Covid-19-ийн халдвар гарсантай холбоотойгоор хилээ хаачихсан. Миний  хувьд байрнаасаа, ажлаасаа гарч, айлаар хоног төөрүүлж байна даа.

Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх шийдвэр гаргасан. Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй хэчнээн хүн гадаадад гацаад байна вэ?

-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтэй 250 хүн бүртгүүлсэн. Нийт зорчигчдын 60-70 хувь нь бүх мөнгөө шавхан, онгоцны билет, тусгаарлалтын мөнгөө төлчихсөн. Зарим нэг хүмүүс хил хааж магадгүй гээд Франкфуртад очоод, гацсан байгаа. Энэ тусгай үүргийн нислэгээр ирэх ёстой иргэд нэгдэж, фэйсбүүк групп нээж, мэдээллээ солилцож байна. Бид арваннэгдүгээр сарын 15-наас хойш өдийг хүртэл Улсын онцгой комиссын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яам руу маш олон өргөдлийг бичгээр болон и-мэйл хаягаар явуулсан.

Гэтэл онгоцны билетээ авч амжаагvй байсан 100 орчим хүн энэ нислэгт багтахгvй болсон. Энэ нислэгт нийт 250 хүний нэрс орсон байсан боловч одоо ирэх онгоц нь 160 хүний багтаамжтай гэсэн. Өөрөөр хэлбэл, онгоцны билетээ арваннэгдүгээр сарын 19-нөөс өмнө төлөөд авчихсан байсан хүмүүс зөвхөн энэ нислэгт хамрагдахаар болсон.

-Маш хүнд байдалтай хэчнээн хүн байгаа бол?

-Турк улсад маш хүнд хагалгаанд орсон эмэгтэй, нөхрийн хамт гацаад байгаа. Монгол Улсад хийх боломжгүй мэс заслыг  300 гаруй сая төгрөг зарцуулж хийлгэсэн боловч амжилтгүй болсон. Цаашид өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх санхүүгийн боломжгүй болсон. Одоо Монгол руу яаралтай буцаж, эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь эрсдэл учрах аюултай байна. Мөн жирэмсэн, өндөр настай, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд цөөнгүй байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж