Дотоодод covid-19-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 11 хүртэл бүтэн нэг сарын хөл хориог бага зэрэг сулруулж, ирэх Даваа гаригаас зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр болсон шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинээр илрэх, халдварын тоо буурсан, тогтоосон голомтуудаа цурманд оруулсан гэж үзэж, хөл хориог сулруулж, зарим үйл ажиллагааг нээхээр болж байна. Ард иргэд хатуу дэглэмийг сайн сахисны үр дүн гэж үзэж байна” гээд цаашдаа төр, аж, ахуйн нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэл, сахилга бат чухал болохыг, ДЭМБ-аас зөвшөөрсөн хамгийн чанартай эм, вакцин оруулж ирэхээр ажиллаж байгаагаа дуулгав.
Хатуу хөл хориотой өдрүүдэд халдварын голомтуудыг хяналтад авч чадсан, эрсдэлийг 10 дахин буруулж, нийтдээ 557 мянган хүнд шинжилгээ хийжээ. Мөн экспортын орц, гарцуудыг хяналтад авч эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Хөл хорионы дэглэмийг сулруулснаар иргэд амны хаалтаа зүүж, ариун цэврээ сахих, хүнд хоорондын зайгаа барих гээд халдвараас гэр бүлээ болон өөрийгөө хамгаалах сахилга батад суралцах шаардлагатай болж байна. Аж ахуйн нэгжүүд халдваргүйжүүлэлт, хамгаалалтаа сайн хийж, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, хууль дүрмээ сахих хариуцлагын асуудал ч тавигдах нь зүйн хэрэг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас бэлэн байдлын зэрэглэлийг буруулсан ч аюул ард үлдээгүй.
Дэлхийн нийт коронатай зэрэгцэн оршиж байна. Монголчууд бид ч иргэдээ бүрэн вакцинжуултал хөл хорионд амьдрахгүй нь үнэн. Гадаадын улс орнуудыг харахад хариуцлагатай, сахилга баттай улс оронд халдварын тархалт бага харин хэнэггүй, хариуцлагагүй байх тусмаа эрсдэл, хохирол нь өндөр байгааг бид уншиж, сонсож буй.
Хатуу хөл хорионы дэглэмийн сулруулсан ч төрийн зүгээс эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин хийж, ялангуяа эмч нарын нөөцөд анхаарч, бэлэн байдлыг хангах. ПСР шинжилгээний хариу гарах хүчин чадлыг нэг өдөр 100 хариу гаргахыг ойрын хугацаанд зохион байгуулах ажлыг яаралтай зохион байгуулахаар болсон байна.
Мөн бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулахаар болжээ. Цар тахал бол нэг хэсэг хүний хичээл зүтгэлээс шалтгаалахгүй. Нийтдээ халдвар, хамгаалалтын дэглэмээ сайн сахихгүй бол дахиад хяналтаасаа алдаж, нэг хоногийн дотор хэдэн зуугаараа өвчилж, үхэж буй бэлээхэн жишээ бол АНУ, Орос.
Халдварын голомтыг хяналтдаа авлаа гээд covid-19-ийг бүрэн дийлсэн гэсэн үг биш. Товчхондоо, эрхээ эдлэхийн хэрээр иргэний үүргээ биелүүлэх шаардлага тулгарч байна. Учир нь, ирэх оны хоёрдугаар сараас халдварын хоёр дахь давалгаа ширүүсч, эмнэлэгт хандах хүний тоо эрс өсч магадгүйг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан анхааруулсан.
Ямар ч байсан бүтэн нэг сарын хугацаанд ажил, орлого нь таг зогссон аж ахуйн нэгжүүдийн үүл хаалга шат дараатай нээгдэхээр болж байна. Гэхдээ цар тахлыг бид ялаагүй, аюул занал биднийг отсон хэвээр байгааг ахин дахин сануулж, зорилгогүй, шаардлагагүй бол гэртээ байх, сахилга баттай байхаас өөр вакцин вакцин гартал байхгүйг сануулъя. Иргэдийн эрүүл мэнд амь нас өөрсдийнх нь сахилга, хариуцлагаас шалтгаалахаар болж байна.
Б.БАТ