Хятадын тагнуул хэмээн сэжиглэгдэж байгаа эмэгтэй АНУ-ын хоёр ч хотын даргатай янаг амрагийн харилцаанд орж, улс төрийн хэд хэдэн албан тушаалтантай дотно харилцаатай байж олон жилийн турш мэдээлэл цуглуулж байсан байж болзошгүй хэмээн Axios агентлаг мэдээлжээ. Фан Фан буюу Кристин Фан гэдэг нэрээрээ танигдсан тэрбээр 2011-2015 оны хооронд ялангуяа Калифорни мужийн маш олон улс төрчидтэй нэр холбогдож байсан аж. Фантай нэр холбогдсон улс төрчдийн дунд төлөөлөгч Эрик Свалвелл, Тулси Габбард нар байх бөгөөд тэд хоёул 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр Жо Байдентай өрсөлдөж байжээ. Эх сурвалжуудын зүгээс Свалвелл Фантай ямар ч хамааралгүй бөгөөд Хятадтай холбоотой байж болзошгүй гэж үзсэн даруйдаа бүх холбоогоо тасалсан хэмээн мэдээлж байгаа аж. Харин Габбард төлөөлөгчөөрөө дамжуулан сэтгүүлчдэд “Хэзээ ч Фантай уулзаж, ярилцаж үзээгүй” хэмээн хэлүүлжээ.
Харин Фан 2015 оны дунд үеэр Холбооны мөрдөх товчоо өөрийг нь шалгаж эхлэхэд нутаг буцаад, эргэж ирээгүй гэнэ. Тиймдээ ч хууль зүйн яам Фаны эсрэг ямар нэг хэрэг үүсгээгүй байгаа аж.
Сэтгүүлчид ажиллаж байгаа болон ажиллахаа больсон дөрвөн ч тагнуулын албаны ажилтнаас дээрх хэргийн тухай асуужээ. Үр дүнд нь Фанг нийтдээ 22 улс төрч, улс төр судлаач, улс төрийн чиглэлээр сурдаг оюутан таньдаг байсан гэдгийг эх сурвалжууд хэлсэн байна.
Axios агентлагийн нийтлэлийн чухал хэсгүүдийг товчхон дурьдвал,
- Фан 2011 онд АНУ-д ирэхдээ 20 нэлээд гарсан, эсвэл 30 дөнгөж хүрсэн насан дээрээ байжээ. Тэрбээр анх Калифорнийн их сургуульд оюутан болж ирснийг ангийнх нь оюутнууд баталжээ.
- Фан оюутны зөвлөлийн ерөнхийлөгч болж, тэрхүү байр сууриа ашиглан улс төрчидтэй танилцаж эхэлсэн гэнэ.
- Удалгүй Фан нутгийн улс төрийн бүх арга хэмжээн дээр очдог болов. Цаашлаад төлөөлөгч, Эрик Свалвелл, Тулси Габбард нарт хандив цуглуулах ажилд тусалдаг болжээ.
- Свалвеллийг Дублин хотын зөвлөлийн гишүүн байхад Фан түүнтэй дотносч эхэлсэн бөгөөд ажил дээр нь ойр ойр үзэгдэж, олон ажилд нь тусалдаг болжээ.
- Удалгүй Фан 2014 онд Вашингтонд болсон хотын дарга нарын хуралд оролцож танилын хүрээгээ үлэмж нэмсэн аж.
- Тагнуулын албаны ажилтны мэдээлснээр Фан хоёр хотын даргатай янаг амрагийн харилцаанд орсон гэнэ. Гэвч тэдгээр хотын дарга нарыг тодруулах боломжгүй аж.
- Фантай амрагийн харилцаанд орсон хотын дарга нарын нэг нь баруун өмнөд хэсгийн хотын дарга гэх бөгөөд Фанг өөрийн найз охин хэмээн танилцуулж, дагуулж явдаг байжээ.
- Мөн холбооны мөрдөх товчооныхон Охайогийн хотын дарга Фантай бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэнэ.
- Анх холбооны мөрдөх товчоо өөр нэг хятад тагнуулыг шалгаж байгаад Фанг сэжиглэж эхэлжээ. Улмаар 2015 онд Фанг шалгаж эхэлсэн бөгөөд удалгүй Фан зугтаж, харилцаа холбоотой байсан улс төрчдөөсөө холбоогоо тасалжээ.
- Эх сурвалжуудын үзэж байгаагаар Фан чухал нууц мэдээлэл олж авч чадаагүй ч энэ үйл явдал бол үндэсний аюулгүй байдалд маш аюултай зүйл болжээ.
Тус нийтлэлийн өмнөхөн Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжингийн профессор “Бид АНУ-ын чухал албан тушаалтнуудын дунд нүд, чихээ шургуулсан” хэмээн ярьж байгаа бичлэгийг твиттертээ нийтэлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Трампын тагнуулын албаны ахлах ажилтан “БНХАУ бол өдгөө АНУ-д хамгийн их аюул заналхийлж байгаа улс” хэмээн сэтгүүлд яртицлага өгсөн юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER, AXIOS
Холбоотой мэдээ