Украин авлигын эсрэг хууль батлав

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Украин авлигын эсрэг хууль батлав

 

Украины парламент авлигын эсрэг хууль баталжээ. Үүгээрээ тэд авлигын эсрэг бодитой алхам хийж буйгаа Европын холбооны удирдлагуудад харуулахыг хүссэн аж. Киевийн эрх баригчид Европын холбооны орнууд руу визгүй зорчих эрхийг авах хүсэлтэй байгаа юм. Үүний тулд тэд Европын холбооны зарим шаардлагад нийцэх хэрэгтэй болжээ. Өмнө нь Украин авлигад идэгдсэн улс гэдгийг сөрөг хүчний  Юлия Тимошенко олон нийтэд зарлаад байв.

 

Авлигын эсрэг хуулийн дагуу Украины улстөрчид хөрөнгө орлогын мэдүүлгээ цахим сүлжээгээр олон нийтэд зарлах болж байна. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаар мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээхээр авлигын эсрэг хуульд заажээ. Үүний зэрэгцээ Украинд авлигаас сэргийлэх үндэсний агентлагийг байгуулан ажиллуулж эхэлсэн байна.

 

Украинд 2014 онд Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагаасан жагсагчдын тэмцлийн гол зорилго нь Европын холбоонд нэгдэж, эдийн засгаа тэлэх байсан юм. Гэвч одоо болтол Украины Европын холбоонд нэгдээгүй төдийгүй улс төрийн тогтворгүй байдал үүссэнээс Крым хойгийг Москвад буцаан алдаж, зүүн хязгаарт салан тусгаарлах үймээн дэгдсэн юм. Виктор Януковичийг түлхэн унагаасны дараа шинэ засгийн газар байгуулагдсан боловч урьдынхаас дээрдэх зүйлгүй байгаад ард түмэн сэтгэл гонсгор байна.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж