Роналдо, Месси нарын 36 дахь тулаанд Роналдо илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Роналдо, Месси нарын 36 дахь тулаанд Роналдо илүүрхэв

Роналдо, Месси нарын 36 дахь тулаанд Роналдо илүүрхэв

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн УЕФА Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тойргийн тоглолт өчигдөр /2020.12.08/ эхэллээ. Хэсэгтээ эхний хоёр байрыг эзэлсэн багууд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарах бол гуравт бичигдсэн баг чансаа доогуур Европа лигийн хасагдах шатанд шалгардаг уламжлалтай.

  • Зенит 1:2 Боруссиа Дортмунд

Хэсгийн шатнаас цааш шалгарах боломжгүй болсон Зенит нутагтаа Германы Боруссиа Дортмундыг хүлээн аван тоглож тав дахь хожигдлоо амслаа. Оросын аваргуудын хувьд УЕФА Аваргуудын лигт энэ улирал зургаан тоглолт хийхдээ тав хожигдож, нэг тэнцжээ. Харин Боруссиа Дортмунд хэсгээ 13 оноотой тэргүүлж, хасагдах шатанд шалгарлаа.

  • Лацио 2:2 Брюгге

Италийн Лацио талбайдаа Бельгийн Брюггег хүлээн аван тоглож тэнцлээ. Бельгийн Брюгге найман оноотой хэсэгтээ гуравдугаар байр эзлэн Европа лигийн хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон бол Лацио УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөхөөр боллоо. Ийнхүү Лацио 20 жилийн дараа УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.

  • Барселона 0:3 Ювентус

Өнөө цагийн хөлбөмбөгийн спортын нүүр царай болсон Месси, Роналдо нарын 36 дахь тулаанд Роналдо илүүрхлээ. Өдгөө 35 настай Португал эрийн хувьд тоглолтын 13 болон 52 дахь минутуудад торгуулийн цохилтоос гоолдсон юм. Үлдсэн нэг гоолыг нь сүүлийн үед шуугиан тарьж буй Америк хүү Уэстон МакКенни оруулсан. Ювентус баг энэхүү тоглолтонд хожсоноор 15 оноотой хэсгээ тэргүүлсэн бол Барселона баг мөн 15 оноотой, гэхдээ хоорондын тоглолтын харьцаагаар хоёрдугаарт удаалжээ. Барселона баг 2006 оноос хойш анх удаагаа хэсгээ тэргүүлж чадсангүй.

  • Челси 1:1 Краснодар

Нэгэнт хэсгээ тэргүүлэх нь ойлгомжтой болсон Челси Лондонд Оросын Краснодарыг хүлээн аван тоглож тэнцлээ. Краснодар таван оноотой хэсгийнхээ гуравдугаарт байранд бичигдсэн учир Европа лигийн хасагдах шатанд шалгарсан бол Челси энэ улиралд УЕФА Аваргуудын лигийн хүрээнд хожигдол амсаагүй гэх амжилттай цааш шалгарлаа.

  • РБ Лейпциг 3:2 Манчестер Юнайтед

Хэн нь УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарах вэ гэсэн тун чухал тоглолт Германд явагдсан. Тоглолтын эхлэл болон өрнөлд РБ Лейпциг илүүрхэж дараалан гурван гоол оруулсан. Харин тоглолтын төгсгөлд Манчестер Юнайтед баг сэргэж, 80, 82 дахь минутуудад дараалан гоолдов. Гэвч энэ нь хангалтгүй байж, Манчестер Юнайтед баг Европа лигийн хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Нөгөө талд РБ Лейпциг хэсгээ 12 оноотой тэргүүлж, УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа.

  • Динамо Киев 1:0 Френцварош

Европа лигийн хасагдах шатны эрхийн төлөө дээрх хоёр баг тааран тоглож, Украины баг илүүрхлээ. Барселона, Ювентус гэх хоёр том акултай нэг хэсэгт энэхүү хоёр багийн хувьд аль аль нь хожил авч амжаагүй байсан юм.

  • Ренн 1:3 Севилья

Хувь заяа нь нэгэнт шийдэгдсэн хоёр баг хоорондоо тааран тоглосон. Францын Ренн хэсгийнхээ сүүл мушгих нь тодорхой байсан бол Севилья хэсэгтээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарах нь ойлгомжтой байсан. Севилья айлын талбайд зочлон тоглож, Юлес Кунде болон Юссеф Эн-Несири нарын гоолоор буулган авлаа.

  • ПСЖ – Истанбул Башакшехир

Дээрх хоёр багийн тоглолт өчигдөр явагдах ёстой байсан боловч шүүгчдийн багийн нэг гишүүн Истанбул Башакшехир багийн довтлогч Демба Баг "хар хүн" хэмээн хэлсэн учир тамирчид эсэргүүцлээ илэрхийлж, талбайг орхин гарсан юм. Өнөөдөр хоёр багийн тоглолт, шинэ шүүгчдийн багтай явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж