Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тус улс нь удаан хугацааны турш хөндий харилцаатай байсан АНУ-тай харилцаагаа эргэн сэргээхэд бэлэн гэдгийг мэдэгдлээ. Мөн тэрбээр хоёр улсын харилцаа “түүхэн чухал үе дээрээ ирээд байна” хэмээн онцолжээ.
АНУ-БНХАУ-ын Бизнесийн зөвлөлийн цахим хурал өчигдөр /2020.12.08/ болсон ба энэ үеэр Ван И Хятадын талаар баримталж буй АНУ-ын бодлого "бодит, оновчтой байдал" руу эргэж орох шаардлагатай байна хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр “Хоёр улсын хоорондох зөрчил улам бүр өсөн нэмэгдэж буй нь АНУ-ын хүйтэн дайны хоцрогдсон сэтгэлгээ, үзэл суртлын ялгавартай үзэл баримтлалтай холбоотой хэмээн мэдэгдээд хамгийн гол нь бие биенийхээ түүх соёл, сонголт, ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах нь чухал гэдгийг онцолжээ.
АНУ-БНХАУ-ын Бизнесийн зөвлөл нь Хятадад бизнес эрхэлдэг Америкийн 200 гаруй компанийн эрх ашгийг төлөөлж ажилладаг ашгийн бус байгууллага юм.
Трампын засаг захиргаа Хятадын засгийн газрын эсрэг хэд хэдэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Ван И ийнхүү дээрх үгийг дайж байна. Хамгийн сүүлд Даваа гаригт АНУ-ын Төрийн департамент Хонконгийн асуудалтай холбоотойгоор Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны 14 албан тушаалтанд шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ