ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг “Sputnik V” вакциныг хийлгэхийн тулд сүүлийн хоёр сарын турш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх ёстойг тус улсын засгийн газрын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Роспотребнадзор агентлагийн тэргүүн Анна Попова анхаарууллаа.
Түүний хэлснээр уг вакциныг хийлгэхээс өмнө хүмүүс хамгийн багадаа хоёр долоо хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ёстой ба анхны тунг хийлгэсний дараа зургаан долоо хоног архийг цээрлэвэл бүрэн гүйцэд дархлаа тогтох аж. Мөн тамхины утаа нь уушгийг цочроож, дархлааны хариу урвалыг бууруулдаг тул хийлгэхээс өмнө болон дараа тамхи татахгүй байхыг зөвлөжээ.
Харин үүний дараа Оросын Эпидемиологи, Микробиологийн Судалгааны Үндэсний Төвийн захирал Александр Гинцбург “Согтууруулах ундаа хүний дархлааны системд хортой нөлөө үзүүлдэг нь үнэн боловч нэг хундага шампайн дарс ямар ч хор нөлөөгүй” хэмээн ярьжээ. ОХУ-ын хувьд 2003 оноос хойш архины хэрэглээ мэдэгдэхүйц буурсан ч дэлхийд согтууруулах ундааны хэрэглээгээр тэргүүлсээр байгаа юм.
ОХУ-д одоогоор Covid-19-ийн эсрэг хоёр төрлийн вакцин албан ёсоор бүртгүүлээд байгаагийн нэг “Sputnik V” юм. Харин нөгөөх нь Новосибирскийн Вектор судалгааны төвд бүтээсэн “EpiVacCorona” вакцин билээ. Тус улсын иргэд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн вакцинжуулалтад хамрагдаж эхлээд байна.
Эх сурвалж: Moscow Times
Холбоотой мэдээ