Хүний аминаас үнэтэй А13 маягт байх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Хүний аминаас үнэтэй А13 маягт байх ёсгүй

Хүний аминаас үнэтэй А13 маягт байх ёсгүй

Эмнэлгийн тусламж эрэн, хот бараадсан иргэнээсээ Монголын төр А13 маягт, PCR шинжилгээний хариу нэхэн, “Эмээлт” авто тээврийн товчоон дээр гацаасаар амийг нь эрсдэлд оруулав.

Талийгаач О нь Улаанбаатар хотын иргэн байсан бөгөөд Архангай аймагт хөл хорионд орж, хэд хоног саатаад орон нутагт гацсан иргэдийг нийслэл рүү нэвтрүүлж эхлэнгүүт Covid-19-ийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд орж, сөрөг гарсан хариугаа авч, Улаанбаатар хотод ирэхэд нэвтрүүлээгүй. “Бие муу байна, маш хүнд байна” гэдгээ учирласан ч "Эмээлт” авто тээврийн товчоон дээр жижүүрлэж байсан албаныхан “А13 маягт, PCR шинжилгээний хариу нэхсэн. Гэтэл Архангай аймагт PCR шинжилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй.

Хэрэг явдал болж өнгөрсөн цаг хугацааг тодруулбал, арванхоёрдугаар сарын 7-нд 22.00 цагт “Эмээлт” товчоон дээр ирсэн О-г нийслэл рүү нэвтрүүлэхгүй, гацааснаас эмнэлгийн тусламж авч чадалгүй арванхоёрдугаар сарын 8-нд 09.00 цагийн орчимд амьсгал хураасан байдаг. Бие муу байгаагаа учирлаад бүтэн 10 цаг хүлээхэд Түргэн тусламжийн 103 нь ирээгүй, тухайн шөнө товчоон дээр жижүүрт хоносон эмч өвчтөнд яаралтай тусламж хэрэгтэй байгааг учирлахаар Нийслэлийн эрүүл мэндийн газар руу 60 удаа залгахад утсаа аваагүй.

Улсын онцгой комисс (УОК) “Товчоогоор нэвтрүүл” гэдэг зөвшөөрөл өгсөн ч Нийслэлийн онцгой комисс (НОК) нь “Нэвтрүүлж болохгүй” гэж тушаасан. УОК-т НОК нь захирагдах ёстой юу, НОК -тоо УОК нь захирагдах болтлоо жижгэрсэн үү, бүү мэд.

Хүний амь насыг аврах асуудал минутаар хэмжигдэж байхад хоёр комиссынх нь шийдвэр хоорондоо зөрчилдөж, Түргэн тусламжийн 103 албаныхан  PCR шинжилгээний хариугүй хүн дээр очихгүй гээд дуудлагыг хүлээн аваагүй байх юм. Байдал амаргүй ч, санасныг бодвол бас ч гэж Covid-19 цар тахлаар нэг ч хүний амийг эрсдэлд оруулаагүй, нөхцөл тэгтлээ хүндэрчихээгүй байгаа ч нойр булчирхай нь өвдсөн хүнд тусламж үзүүлчихгүй чирэгдүүлсээр амь насыг нь эрсдэлд оруулсны хариуцлагыг хэн хүлээх вэ?

УОК-ын PCR шинжилгээний хариу нь гарсан хүнийг товчоогоор нэвтрүүлнэ гэх шийдвэрийг гаргасан хүмүүс багаараа юу, эсвэл хүнд өвчтэй ганц хүнд сэтгэл гаргаад нэвтрүүлчих эрх олгоогүй НОК-ынхон уу, аль эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хүнд өвчтөнийг эмнэлэг бараадуулах арга хэмжээ аваагүй Түргэн тусламжийн 103 болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга уу.

Зуугаараа өвдөөд аврал эрээгүй, ганц хүнд л тусламж үзүүлэх хэрэгтэй байсан.

Гэтэл албаныхан арьсаа хамгаалах ажилдаа орцгоож, НОК-оос “Талийгаач А13 маягт, PCR шинжилгээний хариугүй байсан” гэж бухаж суугаа бол УОК-ын дарга нь НОК-руу бичиг шидэн, буруутай этгээдүүдэд харицлага тооцох чиглэл өгөв. Явж, явж буруутан нь талийгаач О түүний гэр бүлийнхэн, мөн гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлж ажилласан үүрэг гүйцэтгэгчид болж, буруудах бололтой.

Уучлаарай, аминаас үнэтэй албан тушаал гэж байх ёсгүй, огцорцгоо.

УОК, НОК, Эрүүл мэндийн яамны шийдвэр хоорондоо зөрчилтэй, уялдаа холбоогүй ажиллаж байгаа тухай иргэд гомдол мэдүүлж, хэвлэлүүд энэ хугацаанд хангалттай мэдээлсэн. Харамсалтай нь хөл хорио тогтоогоод сар шахам болох гэж байхад нэг гараар зангидаж чадсангүй, өнөөх л хүнд суртал гаргадаг балиар тогтолцоогоороо хүний амийг авч одлоо.

Хэд хоногийн өмнө дөрвөн настай хүү 17 настай эгчийнхээ хамтаар орцныхондоо ялгаварлан гадуурхагдсанаас гэртээ орж чадахгүй болоход бүтэн 10 цагийн турш бие биерүүгээ асуудлыг дайж, утас цохисоор Хүүхдийн тусламжийн 108 багийнхан эгч, дүү хоёрыг хамгаалах байранд байршуулсан.

Ээж нь Covid-19-ын халдвар авснаар эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд эгч, дүү хоёр Улаанбаатар зочид буудалд 14 хоног тусгаарлагдаад энэ хугацаанд гурван удаа шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан тул гэртээ харих болсон. Гэтэл хөршүүд нь байрандаа орох эрхийг нь боогдуулсан. Зүй нь УОК, НОК энэ бүхэнд яаралтай арга хэмжээ авах ёстой. Тусгаарлалтаас 10.00 цагт гарсан эгч дүү хоёрыг 20.00 цаг өнгөрч байхад Хүүхдийн тусламжийн 108 багийнхан хяналтандаа авна гэдэг бол бараг л Хөвсгөл аймаг орох хэмжээний цаг хугацаа зарцуулсан гэсэн үг.

Төрд ажиллаж байгаа сэтгэлгүй хүмүүсийн балгаар хүний амь эндсэн атал товчоодод нөхцөл байдал дээрдээгүй, Улаанбаатар хотыг зорин ирсэн иргэд автобус, автобусаараа PCR-ын шинжилгээний хариугаа хүлээгээд сууж байна. Бүтэн 24 цаг болоход хоол идэх боломж олгоогүй, тэр бүү хэл бие засах ч эрхгүй. Аргаа барахдаа автобусандаа “бие засч” цагдаа зөөж асгасан тухай мэдээлэл  цацагдлаа. Хөл хорионы дэглэм сахиулах нэрийн дор дэглэж гүйцлээ.

Хүний эрхийн төлөө явах ёстой, саяхан шинээр томилогдон ажилдаа орсон Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүн хаана юу хийгээд явна вэ. Товчоод дээр хүний эрх зөрчигдөж, шорон гянданд хоригдож буй иргэдээсээ дор нөхцөлд байхад дөрвөн хананыхаа дунд суусаар л байх юм уу. Ажлаа хийгээч…

Алга дарам цаасаар хүний амийг үнэлж, хүний амьд явах эрхийг хясан боогдуулсан хүний үнэргүй комиссын гишүүдийг ажлаа өгөхийг хүсье.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
26
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж