Цагдаа нар Э.Одбаярыг хууль бусаар саатуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Цагдаа нар Э.Одбаярыг хууль бусаар саатуулсан уу?

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг цагдаагийн байгууллага саатуулж буй бичлэг арванхоёрдугаар сарын 7-нд олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас Зон олны намын байранд архидан согтуурсан гэх оршин суугчдаас ирсэн гомдлын дагуу Э.Одбаярыг эрүүлжүүлэгдсэн гэдгийг хэлсэн. Харин Зон олны намын дарга Э.Одбаяр Цагдаагийн ерөнхий газрын мэдэгдлийг үгүйсгэж, байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс энэ удаагийн VS буландаа түүнийг ямар шалтгаанаар эрүүлжүүлэх байранд саатуулсан талаар эсрэг, тэсрэг байр суурийг онцолж байна.


 

Б.БААТАРХҮҮ:
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга

-Бид эрүүл хүнийг юу гэж эрүүлжүүлэх байранд хонуулах вэ дээ. Э.Одбаярыг арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө 04.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Зон олны намын байранд “Архидан согтуурсан байдалтай байна” гэсэн иргэдээс ирсэн гомдлын дагуу цагдаагийн алба хаагчид очсон. Цагдаагийн байгууллага хоногт ирсэн дуудлагын дагуу л ажиллаж, түүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан.  Надад намын байранд согтууруулах ундаа хэрэглэж байсан гэдэг мэдээлэл ирсэн. Одоо энэ асуудлыг шалгаж дууссаны дараа шаардлагатай гэвэл мэдээлэл өгье. Би өөрөө очоогүй учраас тухайн үед юу болсныг мэдэхгүй байна.

Э.ОДБАЯР:
Зон олны намын дарга

-Манай гэрт арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө хоёр цагдаа прокурорын зөвшөөрөлгүй, ямар нэгэн үндэслэлгүйгээр орж ирсэн. Тэгээд намайг цагдаагийн хэсэг рүү авч явна гэсэн. Миний хувьд “Эрх зүйн туслалцаа авъя. Өмгөөлөгчтэйгөө утсаар холбогдох хэрэгтэй байна” гэсэн чинь тийм боломжоор хангаагүй, гэрээс шууд чирээд гарсан. Би хувцсаа өмсч, амны хаалт ч зүүж чадаагүй. Нимгэн футболк, дотуур өмдтэй аваад гарсан. Бараг гуйж байж гутлаа өмссөн. Цагдаагийн хэсэг рүү явах замдаа “Шууд эрүүлжүүлэх байр руу аваад яв” гэсэн. Би маргааш нь байцаагчаас нь “Намайг ямар үндэслэлээр олон цагийн турш эрүүлжүүлэх байранд хонуулж, шоглуулж байгаа юм бэ” гэж дахин асуухад оршин суугчдын гомдлын дагуу мэдээлэл ирсэн гэж хэлсэн.  Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү намайг архидан согтуурч, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан тул эрүүлжүүлсэн мэтээр олон нийтэд мэдээлсэн. Би үүний хариуд намайг ямар хэмжээний согтолттой байсныг мэдээл гэж шаардаж байна. Мөн цагдаа нар хүний эрхэнд ноцтой халдаж, хүнлэг бус хандсанд гомдолтой байна.

-Та тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу? 

-Би тодорхой хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Арванхоёрдугаар сарын 6-нд Зон олны нам үүсгэн байгуулагдсаны дөрвөн жилийн ой тохиосон. Хорио цээрийн дэглэмтэй учраас цахимаар намын хурлаа хийж, би намын даргаар томилогдсон. Тэгээд бид бусад том намууд шиг хүлээн авалт хийхгүйгээр намынхаа удирдах түвшний ганц нэг хүнтэй ажил төрлөө яриад сууж байсан юм. Би угаасаа тэгж их архи, согтууруулах ундаа хэрэглэж, агсам согтуу тавьдаг хүн ч биш. Хэрвээ арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө оршин суугчдаас гомдол ирсэн бол тэр орой цагдаа нар үндэслэлээ хэлэх ёстой шүү дээ. Би сүртэй кино зохиол шиг юм яримааргүй байна. Үнэнийг хэлэхэд, би цагдаа нарт шоглуулж, доромжлуулсан. Цагдаа нар нь бөөндөө зогсчхоод “Одбаяраа чамайг ямар хөгийн гар гэдгийг чинь мэднэ шүү дээ. Чамайг хүсэх юм бол 24 цаг байлгаж чадна” гэсэн хандлага гаргасан. Намайг гурван камер дамжуулаад, сүүлчийн камерт агааржуулалтын сэнс ажиллуулсан. Би дан футволктой байсан учраас даарч, дулаацахын тулд дасгал хийсэн. Би их хэмжээгээр архи уудаггүй, эрүүл байсан учраас нааран дээр унтахгүй гэдгээ хэлсэн. Маргааш өдрийн 13.00 цагийн орчимд эрүүлжүүлэх байрнаас гарсан. Би Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналтын газарт гомдол гаргана. Хэдий манай нам шинэ нам ч улс төрийн нам, хүчин. Гэтэл намын байр руу зөвшөөрөлгүй орж, маш хүндэтгэлгүй хандсан. Би байнга л ярьсан хэлснээсээ болоод цагдаагийн байгууллагаар явж байгаа. Зон олны намын байр манай гэртээ зэргэлдээ нэг хаалгаар дамжиж орж болдог юм. Гэтэл манай ажлын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрч, тэндээс дамжин, гэрт орж ирсэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
21
ХахаХаха
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж