Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн Covid-19 өвчин цар тахал болон өргөжиж, нэг жил хүрэхгүй хугацаанд дэлхий даяар 68 сая хүнийг өвчлүүлж, 1.5 сая хүний амийг авч одов. Ийм хүнд үед улс орон бүр энэхүү өвчний эсрэг вакцины эрэлд гараад байгаа билээ. ОХУ өөрийн бүтээсэн вакцинаа дотооддоо хэрэглээд эхэлсэн бол үүний араас Их Британи, АНУ, Германы хамтарсан "Pfizer/BionTech"-ийн вакциныг хэрэглэж эхэлсэн.
Энэ вакцин 95 орчим хувийн дархлаа тогтоож байгааг мэдэгдсэн бөгөөд хамгийн амжилттай туршигдсан дөрвөн вакцины нэг.
Харин Монгол Улсын хувьд Их Британийн Оксфордын их сургууль болон биотехнологийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй вакциныг авахаар яригдаж байна. Энэ вакцины үр дүн эргэлзээ дагуулж, туршилтын явцад тунгийн алдаа гарсан тул Их Британичууд өөрсдөө ч энэ вакциныг зөвшөөрөөгүй, АНУ-ын вакциныг хийж эхлээд байгаа юм.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Сангийн сайд нар ердөө нэг цагийн зайтай “AstraZeneca” компанитай тус тусдаа цахимаар холбогдож, тус компанийн вакцин бэлэн болмогц манай улс авна гэх утгатай яриа хэлэлцээ хийв.
Улс орон даяар цар тахлын бодит аюул нүүрлээд буй ийм чухал үед Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр нь ийнхүү өөр өөрсдийн нэрээ бодсон алхам хийсэн нь анхаарал татаж байна. Дотооддоо тэдний хэн, хэн нь вакцин оруулж ирсэн мундаг баатар болж харагдахыг хүсч байгаа ч гадаад ертөнцөд Монгол Улс ямар ч нэгдсэн зохион байгуулалтгүй “хоёр толгойтой” мэт харагдсан нь дамжиггүй. Мөн яагаад бүгд бүрэн гүйцэт туршигдаагүй, туршилтын алдаатай вакцин руу зүтгээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
Вирус судлалаар тэргүүлэгч олон улсын эрдэмтэд вакцин сонгох гэж байгаа улс орнуудад хандан ийм вакцин авна гэж зарлахаасаа өмнө тухайн вакцин тухайн улсын иргэдэд үр дүн үзүүлж чадах уу, халдвараас хэдэн хувь хамгаалах вэ, сөрөг нөлөөлөл нь юу байх вэ гэх мэт баттай судалгаа, шинжилгээ хийж, түүнээс хамаарч аль улсын, ямар вакцин авах вэ гэдгээ сонгох нь зөв гэдгийг зөвлөж байгаа.
Оксфордын эрдэмтэд өмнө нь мөн коронавирусээр үүсгэгдсэн MERS халдварын эсрэг вакциныг амжилттай гарган авч байсан туршлагатай учир вакцины ширүүн өрсөлдөгчдийн нэг. Энэ вакцинаас АНУ, Энэтхэг улсууд 500 сая тунг худалдан авахаар тохиролцсон бол Европын Холбоо 400 сая, “Covax” 300 сая тунг захиалжээ. Мөн Япон, Индонез, Бразил болон Латин Америкийн хэд хэдэн улс орнууд нийлээд 100 сая тунг захиалсан бол Их Британи улс өөрсдөө 100 саяыг захиалсан ч үр дүнг тодорхой болохыг харзнаж байгаа. Угаасаа дэлхийн хэмжээнд дөрөвхөн төрлийн вакцины тухай яригдаж буй энэ үед өндөр хөгжилтэй улс орнууд бараг бүгдээс нь л урьдчилан захиалж байгаа юм.
Харин Монгол Улс шиг хүн ам цөөтэй улсын хувьд үнэтэй байсан ч аль болох найдвартай, чанартай вакциныг сонгох нь хамгийн чухал. Олон зуун сая хүн амтай улс орнуудын дэргэд Монгол Улс гуравхан сая хүнтэй. Бидэнд ч найдвартай вакцин худалдаж авах эдийн засгийн нөөц боломжууд олон байна, хэрэвзээ олж ашиглаж чадвал шүү дээ. Жишээлбэл, сум, аймгийн төвүүдэд баригдах соёлын төвүүдийн төсвийг царцааж, уг мөнгөөр вакцин худалдаж авахад төр анхаарах ёстой юм.
Оксфордын вакцины хувьд давуу тал нь бусад вакцинуудыг бодвол маш хямд, хадгалалт тээвэрлэлтийн тусгай горим шаардахгүй. Хямд байгаагаа вакцин бүтээгчид нэгдүгээрт, бусад вакцин шиг тусгай хөргүүр шаардагдахгүй, энгийн горимд удаан хадгалж болох учир хадгалалт тээвэрлэлтэд илүү зардал гаргах шаардлагагүй, хоёрдугаарт энэхүү вакциныг бүтээгчид цар тахлаар ашиг олохыг хүсэхгүй байгаа учраас гэж тайлбарлаж байгаа.
Бусад вакцинууд хоёр тун нь нийлээд 20-66 ам.долларын үнэтэй байхад Оксфордын вакцин ердөө найман ам.долларын үнэтэй байгаа юм. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” вакцины хөтөлбөрт нэгдсэн ядуу буурай орнуудад уг вакциныг хамгийн түрүүнд нийлүүлэхээр ярьж байна.
ЭНЭ ВАКЦИНЫ ҮР ДҮН ЯАГААД ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙГАА ВЭ?
Вакцины сүүлчийн шатны туршилт 70 хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээлээд удаагүй байтал уг вакцины туршилтын явцад алдаа гарсан нь ил болсон. Бусад вакцинуудын хувьд бүгд 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлээд байгаа. Вакцин бүтээгчдийн хэлснээр уг туршилтыг хоёр өөр горимд явуулахад нэг нь 62 хувийн дархлаа тогтоож, нөгөө туршилт нь 90 хувийн дархлаа тогтоосон учир дунджаар нь 70 хувийн үр дүн үзүүллээ гэж зарласан гэв. Тодруулбал, эхний бүлэг хүмүүст сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан бол хоёр дахь бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүнд хүрчээ.
Гэтэл тэдний төлөвлөгөөнд анхнаасаа хагас тунгаар хийнэ гэсэн заалт байгаагүй ба хэмжилтийн алдаанаас болж санамсаргүйгээр хүмүүст хагас тунг тарьсан байна. Гэтэл вакцин бүтээгчид үүнийгээ төлөвлөгөөний дагуу явагдсан туршилт гэж мэдэгдээд, дундаж үр дүнг 70 хувь гэж нийтэд зарласан байгаа юм. Мөн 90 хувийн үр дүнтэй болсон хоёр дахь бүлэг хүмүүсийн туршилтад зөвхөн 55 хүртэл насныхан оролцсон нь ил болж, уг вакцины үр дүнд эргэлзээ төрүүлэх болсон.
Хагас тунгаар хийсэн туршилтад 2000 гаруй хүн оролцсон бөгөөд “AstraZeneca” компанийн удирдлагууд туршилтийн үр дүнг дахин батлан харуулахын тулд нэмэлт судалгаа, туршилтуудыг хийнэ хэмээн мэдэгдсэн юм. Эдгээр мэдээллүүд ил болсны дараа “AstraZeneca” компанийн хувьцааны үнэ Лондонгийн бирж дээр зургаан хувиар унажээ. Харин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлээд буй “Pfizer” болон “BioNTech”, “Moderna” компаниудын хувьцааны үнэ тус бүр зургаа, 14, 11 хувиар өссөн.
Их Британи өчигдөр /2020.12.08/ АНУ-ын вакциныг албан ёсоор иргэддээ хийгээд эхлэв. Үүний дараа Оксфордын вакцины баг өөрсдийн бүтээсэн вакцины сүүлийн шатны туршилтын дэлгэрэнгүй тайланг анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд яаран нийтлүүлжээ. Ингэснээр дэлхий даяар хамгийн амжилттай байгаа вакцины төслүүдээс гуравдугаар шатны судалгааны дэлгэрэнгүй тайлангаа олон нийтэд дэлгэсэн анхны төсөл болов.
Гэвч өнөөх эргэлзээтэй үр дүнгийн талаар тодорхой тайлбар байхгүй хэвээр байгаа боловч бидний бүтээсэн вакцин найдвартай гэж мэдэгдсээр байна. Мөн тус вакциныг бүтээгчид туршилтын дэлгэрэнгүй тайлангаа хэд хэдэн улс орнуудын зохицуулагч байгууллагууд руу хүргүүлж, зөвшөөрөл авах хүсэлтээ хүргүүлээд байгаа тухай “AstraZeneca” компанийн дэд ерөнхийлөгч Мэнэ Пангалос мэдэгджээ.
Холбоотой мэдээ