Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажиллахдаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, Х богдыг тодруулах гэх зэрэг олон сонирхолтой асуултад хариулсан байна.
Хүн амьдралаа өөрөө л авч явах учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Би энд та бүхэнтэй олон удаа уулзаж ярилцаж байсан. Эргээд хөвсгөлчүүдтэйгээ уулзахад, эргээд та бүхнийг харахад сайхан байна. Өнөө өглөө Мөсний баярын нээлтэд оролцоод, тэнд очсон хүмүүстэй уулзаж, мэндчилж, хийсэн зүйлүүдтэй танилцаад наашаа ирлээ. Замдаа Алаг-Эрдэнэ суманд айлаар ороод ирлээ.
Энэ удаагийн зорилго бол Хөвсгөл аймгийн нэрийн хуудас болж олон жил хийгдэж байгаа Мөсний баярын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, хүмүүсийн анхаарлыг тэнд татаж, “Энэ бол чухал баяр, зөвхөн хөвсгөлчүүдийн нэрийн хуудас биш, зөвхөн хөвсгөлчүүдийн баяр биш, энэ бол Монгол Улсын баяр, Монголын ард түмний баяр, улам олон монголчууд ирж оролцож байх ёстой баяр” гэсэн мессежийг олон түмэнд хүргэх зорилготой ирсэн. Үүнийг олон түмэн маань сайхан хүлээж авч байгаад туйлын баяртай байна.
Сая аймгийн Засаг дарга Хөвсгөл аймгийг өнгөрсөн намар Сүхбаатарын одонгоор шагнасанд талархаж байдгаа хэллээ. Хөвсгөлчүүдийн хийж бүтээж байгаа зүйл үргэлж миний бахархлыг төрүүлдэг. Хөвсгөлчүүддээ үзүүлж байгаа төрийн өндөр дээд хүндэтгэл бол Монголын ард түмэн, Монголын төрийн зүгээс Хөвсгөлийн ард түмэнд үзүүлсэн өндөр хүндэтгэл юм. Шагнах үйл ажиллагаа болж байхад би Нью-Йорк хотод НҮБ-ын хуралд оролцож байсан. Тэндээс утасдаж баяр хүргэж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх аа.
Хөвсгөлчүүд бол шударга, ажил хэрэгч, эрх чөлөөг дээдэлдэг ард түмэн. Үүгээрээ Монголд ялгардаг хүмүүс. Улс орны маань хоймор нутгийг эзлэн суудаг, оршин амьдардаг ийм хүмүүс. Хоймор нутгийнхны маань ажил үйлс нь сайн, амьдрал нь дэгжиж дээшилж явах юм бол Монгол Улсын амьдрал дэгжиж дээшилж явна гэж бодож байдаг юм.
Манай иргэд мэдээлэл маш сайтай байдаг. Нэг үеэ бодоход үздэг зүйл, хардаг, мэдээлэл авдаг суваг их нэмэгджээ. 1990 онд биднийг нийгмийн өөрчлөлт хийж байхад ганц телевиз, таван сонинтой л байсан. Хажуу айлынхаа таван номертой утсыг орж, гуйж ярьдаг. Эндээс би Алаг-Эрдэнэ сум орохдоо замын “пүүлэн” гэж тэр үеийн том машинд дайгдаж, МАЗ-ын кабинд сууж очиж байсан. Сая малчны гадаа очиход сумаас 20-30 машин ирж байна. Дээр үед суманд хоёр 69 машин л байдаг байсан. Түүнээс хойш юм их өөрчлөгдсөн. Тэгэхээр бид ямар нийгэм рүү орсон юм бэ. Хөвсгөлчүүдтэйгээ, энд байгаа хүмүүстэйгээ ямар нийгэм рүү орсон бэ гэхээр хүний амьдардаг л нийгэм рүү орсон. Хүний эдэлдэг эрх, хүлээдэг үүргийг л хүлээх гэж орсон шүү дээ. Хүмүүс нэг буруу зүйл ойлгоод байдаг юм. Бэлэн зэлэн юм руу орно гэсэн хүлээлт эхнээсээ ч байгаагүй, одоо ч байхгүй. Амьдралаа өөрөө л авч явах ёстой. Гэрийнхээ амьдралыг өөрсдөө авч явах ёстой. Хувийнхаа амьдралыг өөрсдөө авч явах ёстой. Хариуцлагатай байх ёстой. Тал талдаа ажлаа сайн хийх ёстой. Ингэж байж л амьдралаа өөд татах ёстой.
Яах вэ, өөр улс төрийн систем сонгож болно. Бид нар олон янзын юм сонгож үзсэн. Бүтэлгүй юм бүтдэггүй л юм билээ. Тэр удирдаж байсан улсууд нь юм уу, асуудал нь өнгөрөөд өгөхөөр тэр нийгэм, систем нь өөрөө унаад өгдөг. Хүний жаргал, зовлон зэрэг л байдаг. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Ийм л системийг бид сонгож авч явж байгаа.
Би боддог юм.Энэ сонгуулийн дараа амьдрал нэг их өөрчлөгдөөд л, өөр болоод явна гэж байхгүй. Хүн өөрийнхөө амьдралд эзэн болдог замыг л сонгосон. Өнөөдрийн улс төрийн систем муудаад, унаад нэг их айхавтар сүйрэл болохгүй байх. Нэг их гялайж гялтайгаад, амжилт гаргаад сүйд болохгүй байх. Зуун жилийн дараа эргээд харахад ерөнхийдөө л манай ард иргэд эрх чөлөөтэй, хүмүүс нь өмч хөрөнгөтэй, амьдралаа дээш татахын төлөө бүгдээрээ зүтгэсэн, ийм л байх байх. Ингэж л ойлгох ёстой юм. Хүн бүхэнд таалагдаж, хүн бүхний таалалд нийцэх гэж энэ сонголтыг хийсэн юм биш. Харин таалагдахгүй байх эрхийг нь хадгалах гэж энэ сонголтыг хийсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд жаахан хэтрээд байгаа. Нэг юм харахаараа дандаа үгүйсгэдэг, дандаа шүүмжилдэг, юмыг дандаа өөлж хардаг.
Одоо зөв сэтгэлтэй ард түмэн болмоор байгаа юм. Зөв сэтгэлтэй, юмыг зөв талаас нь хардаг, “Ийм дутагдал гарсан байна. Гэхдээ нөгөө талд нь ийм сайн тал байгаа шүү дээ. Хөөрхий, ингэж яваад л тэгсэн байлгүй дээ. Дараа нь засрах байлгүй дээ. Үүнээсээ сургамж авах байлгүй дээ” гэж юманд ханддаг байх юм бол бидний ажил үйлс урагшилна. Нэг нэгийгээ дэмжиж, нэг нэгийгээ түшиж, олж бүтэж байгаагаа эвлүүлж авч явах гэж оролдвол бидний нийгэм аятайхан болно. Бидний нийгэм арай уур бухимдалгүй, арай илүү бие биеэ ойлгосон нийгэм байх болов уу гэж боддог. Энэ талаас нь бид хүлээж авах ёстой. 20 жилийн субботник хийгээд л, “Бидний үед л амьдрал сайхан болно. Бидний үед л бүх юм сайн сайханд хүрнэ” гэдэг.
Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн мундаг ардчилалтай улс оронд явж байгаа сонгуулийг та бүхэн хараарай. “Эд нар улс орныг сөнөөж байна. Бид нар ингэнэ” гээд л, яг л манайд сонгууль яаж явдаг вэ, яг тийм юм яриад л уралдаж байна. Хэдэн жилийн дараа ч тийм л байх болно. Тэгэхээр бид өнөөдрийн үедээ өмнөө тулгарч байгаа, тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө л явах ёстой.
Хүүхэд төрөөд яг аавынхаа давтсан, аав, ээжийнхээ явсан замаар л явдаг. Хүний амьдрал адилхан шүү дээ. Мөлхөж сураад л явдаг. Төрөнгүүтээ шууд гүйдэг хүүхэд гэж байхгүй. Мөлхөөд, явж сураад, сургуульд ороод л цаашаа явдаг. Алдаж оноод л явдаг. Нэг үе нь нөгөө үеэсээ ямар ялгаатай байсан бэ гээд харахаар бараг 99 хувь нь давтагдсан байдаг. Бараг хүрсэн ханиад нь хүртэл адилхан байдаг. Ингэж яваад ганц хоёр хувийн дэвшил гардаг. Өнөөгийн хувьд технологи, дэлхий орчлон их өөр болоод арай илүү дэвшилд хүрэх боломж байгаа.
Монголчууд бид хэцүү замыг сонгож авсан. Өөрсдийнхөөрөө амьдардаг замыг сонгож авсан. Үүгээрээ явж байгаа. Энэ ажлыг хийх гэж оролдож байгаа. Үүнээсээ бид хэзээ ч буцахгүй. Мал хувьд байгааг эргүүлээд хэн ч хурааж чадахгүй гэж хувьдаа би боддог. Эргүүлээд таны бий болгосон орон сууц, таны өмчилж, барьж байгаа машиныг, ажиллуулж байгаа мухлаг, дэлгүүрийг хэн ч хурааж авч чадахгүй.
Хүн хувьдаа дэлгүүртэй, банктай байна гэж 1990 онд намайг энд гарч ирж ярьсан бол худалч л гэж хэлэх байсан байх. Ингэж явсаар байгаад энэ аж амьдрал, энэ бүхэн маань дөхөж ирж байна. Ийм байдлаар бид нар юмандаа хандах, ойлгох ёстой. Бид сайхан байсан юмыг муухай болгосон зүйл байхгүй. Хөвсгөлчүүд бид өмнө нь нэг их гоё байж байсан. Нийгэм өөрчлөөд их муухай болгосон юм байхгүй. Сумаасаа сум явахад зам явах авдаг л байсан. Одоо сумаасаа гадаад явахдаа хүртэл чөлөө зөвшөөрөл авахгүй явж байна шүү дээ. Хөвсгөлөөс хүн гадагшаа явахдаа надаас чөлөө зөвшөөрөл авахгүй, Засаг даргаас чөлөө зөвшөөрөл авахгүй байгаа. Өөрсдөө бизнесээ бий болгоод, өөрсдөө машин худалдаж авахад “Та ямар бараа зарж байна” гээд би араас нь хөөцөлдөхгүй байгаа. “Монголын радио шиг чи цуурч байна” гэж хэлээд тэр үед хүн шоронд орж байсан юм гэнэ лээ гэж яригддаг. Тэгж хэлж, шүүмжиллээ гэж өнөөдөр шоронд орж байгаа хүн байхгүй. Бий болгох ёстой юмыг нь ерөнхийдөө бий болгоод, явах ёстой замаараа л явж байгаа. Нэг хүндрэл байна. Бидний явж байгаа энэ замын үед дэлхий орчлонгийн өөрчлөлт давхцаж байгаа.
1990 оны өөрчлөлттэй ЗХУ нурж байсан үе таарсан. Нэг үгээр хэлбэл бид тэжээгчээ алдаад л эхэлсэн. Биднийг тэжээдэг, дэмждэг, тэтгэдэг тэр систем маань алга болсон. Жаахан цаашаа явах гэж байтал 1996, 1998 оны Азийн хямрал гарч ирээд сүйд болгох шахсан. Түүнээс арай гэж ангижраад дээшээ явах гэж байтал АНУ-аас эхэлсэн хямрал, одоо энэ 2012 оноос эхэлсэн Хятадын эдийн засгийн уналт, манай түүхий эдийн үнийн уналт эхэлсэн. Манай гаргаж зардаг зэс 10 мянга хүрч байсан, одоо 3900 болсон, 2 дахин уналаа шүү дээ. Нүүрсний үнэ хоёр гуравхан жилийн дотор 3-4 дахин унасан. Энэ бүхэн амьдралд нөлөөлнө. Нэг ийм үе давтагдаад байгаа юм. Тэгж байтал уур амьсгалын өөрчлөлт. Энэ ирээдүй, эргэн тойрон бол амаргүй л байна.
Тэгэхээр манай дараагийн үеийнхэн аз жаргалтай, сайн сайхан, өнөөгөөс шал өөр, диваажинд амьдрах улсууд биш. Тэдэнд ч бас асуудал тулгарна. Үүнд харин бид бэлтгэлтэй байх ёстой. Манай иргэд өнөөдөр авч болох бүх мэдээллийг авч байна. Өнөөдөр гар утсан дээр бараг амьдрал явж байна шүү дээ. Харин ч гар утасны хэрэглээ бараг хэтрээд залуучууд утсаа л оролдсон улсууд болсон. Хүүхдүүд компьютер тоглоод зураг хөдөлгөөд, ард нь нэг юм нүдээд сууж байдаг болсон. Юмны хэрэглээнд бас хязгаар байх хэрэгтэй. Цэрэгт явуулах гэхээр суурь өвчтэй, ямар ч алба хаах битгий хэл, ээж аавынхаа өврөөс гараагүй шахуу байх болсон.Тэгэхээр бид яаж хүнээ зөв болгох вэ. Яаж сайн болгох вэ, эрүүл мэндийг нь яаж өөд татах вэ. Үүнийг яаж өөрчлөх вэ гээд дэлхий нийтэд тулгамддаг хэцүү асуудлууд бидний дунд байж л байна.
Өнөөдөр энд Ерөнхийлөгч ирээд олон асуудал шийдэж өгөөд явах юм байхгүй. Одоо улс төрийн сонгууль болох гэж байна. Та нар төрөөс хариуцлага л шаардах ёстой. Хариуцлагын хууль гэдгийг би санаачилж оруулчихааад байхад УИХ дээр жил хоёр сар болголоо. Үүнийг л энд нүүрийг нь улайтал шаардаж байх ёстой. “УИХ-ын гишүүнийг татаж болдог хуулийг Ерөнхийлөгч санаачилсан байна. Түүнийг та нар батла л даа. Сайд алдаа гаргавал уучлал гуйгаад огцордог хууль санаачилсан байна. Түүнийг батлаач. Дээрээсээ хариуцлагаа авч ирээч та нар. Одоо миний амьдралыг тэгнэ ингэнэ гэж олон юм амлахаа боль. Тэр хариуцлагын хуулиа л батлаад ир” гэх хэрэгтэй. Улс төрийн нам гэж хариуцлагаас ангид хачин байгууллага бий боллоо. Улс төрийн нам дотор сайн ч юм бий, муу ч юм бий. Гэхдээ муугаа засад явах ёстой. Засалгүй дэндүү удлаа. Би Улс төрийн намын тухай хууль санаачилсан. УИХ дээр санал хураагаад буцаагаад хаясан. Эргэж би оруулна л гэж бодож байна. Түүнийг шаардах л хэрэгтэй байна.
Монгол Улс төрийн алба шиг төрийн албатай болох ёстой
Монгол Улс өнөөдөр төрийн алба шиг төрийн албатай болох ёстой. Нэг сайд, нэг дарга солигдоход бүх төрийн алба нурж байдаг, өөрчлөгдөж байдгийг зогсоох хэрэгтэй. Хууль дээр зааж өгсөн. Сайд солигдсон бол яаман дээр 3-5 хүн л солигдоно. Туслах нь, хэвлэлийн албаны хүн нь өөрчлөгдөж болно. Таны хүүхэд үнэхээр азтай, боломжтой, мэргэжилтэй, төрийн албанд тэнцээд л орсон бол хийдэг ажлаа хийгээд, 3 жилийн дараа шалгалтаа өгөөд, 4,5 жил болоод дараа дараагийн шат руу дэвшсээр байгаад л Төрийн нарийн бичгийн дарга болж болно. Яг энэ зарчим руу л бид орох хэрэгтэй. Оролгүй дэндүү удаад байгаа учраас л хүмүүс бухимдаад, уурлаад “Болохгүй байна. Энэ сонгож авсан систем чинь юу болов, яав ийв” гээд байгаа юм. Засах ёстой алдаагаа засахгүй удаад байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “Энэ алдаагаа зас та нар” гэж шаардаад байгаа шаардлагыг л биелүүлэх хэрэгтэй байгаа юм.
Шилэн дансны тухай хууль гэж санаачлаад би хоёр жил зүтгүүлж, 3 удаа буцааж байж, манай ард иргэд дэмжиж байж баталсан. Хөвсгөл аймгийн зарцуулж байгаа мөнгө хөрөнгө дээр ард иргэд нь хяналт тавиад, буруу зарцуулсан бол худалдан авалт, бүх юмыг нь хянадаг, хардаг болсон. Наад зах нь төсөв зарцуулж байгаа хүн гарын үсэг зурахдаа Шилэн дансны хуульд нийцэж байна уу, үгүй юү. Наадах чинь шилэн дансанд тавигдаж байгаа юу, үгүй юү гэдэг. Айхад аягүй гэдэг системтэй болсон. Бас л хариуцлагын зүйл оруулаад өгсөн, УИХ дээр авч хаяад л хууль гаргаж байгаа юм. Би уг нь 1 сая төгрөгөөс дээш бүх мөнгөн зардлыг тооцдог, шилэн дансанд тавьдаг болъё гэсэн. УИХ дээр 5 сая төгрөгөөс дээш болгоод баталсан. Зарим төрийн байгууллага санаачлаад 1 төгрөг зарсан байсан ч түүнийгээ тавьдаг, тайлагнадаг болсон л доо. Бас л нэг алхам урагшилж байгаа юм. Үүний араас долоо, найман хууль батлаад ажлаа хийж хэрэгжүүлмээр байна.
Миний хийх гэсэн нэг зүйл бол орон нутаг, ард иргэдэд санхүүгийн эрхийг нь өгье гээд Орон нутгийн хөгжлийн сангийн хуулийг санаачилж оруулаад зүтгүүлсээр байгаад батлуулсан.
Нэг л их мундаг хүмүүс Улаанбаатараас ирээд УИХ-ын гишүүн болоод буцаад нисээд явчихдаг. Энд амьдрал яаж байгааг хэн ч мэдэхгүй. Та нар энэ сургуулийг засна энэ тэр гэж битгий улс төр хийгээд бай. Мөнгийг нь л орон нутаг руу явуул. Хороо, баг, суман дээрээ ярьж байгаад хүмүүс шийдэг. Мөрөн хотын гудамжийг гэрэлтүүлэх ажлыг би мэдэхгүй. Гэрэлтэй байна уу, гэрэлгүй байна уу, бид мэдэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүс л мэднэ. Хэдэн төгрөг хүрээд ирвэл хамгийн түрүүнд гудамжаа гэрэлтүүлнэ. Хамгийн түрүүнд хогоо цэвэрлэнэ. Аймгийн төвд байтугай, сумандаа цэцэрлэг байгуулаад эхэлж байгаа юм. Ард иргэд өөрт нь хамгийн хэрэгтэй асуудлаа шийдээд эхэлж байгаа юм. Ингэж хүмүүс амьдралаа зохион байгуулж чаддаг. Гэтэл орон нутагт амьдарч байгаа хүмүүс хагас эрхтэй юм шиг ханддаг. Эд нар шийдэж чадахгүй. Дээрээс шийдэж өгнө гэдэг. Ийм маягтай баймааргүй байгаа юм. Та нар “Орон нутагт эрх өг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өг” гэж шаардах ёстой. Одоо төсөвлөсөн мөнгө 50-60 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Баахан ажил хийлгэсэн компаниуд мөнгөө хүлээгээд сууж байгаа. Дампуурахдаа тулж байгаа. Маш хүнд байдалд орсон, ажилчдаа халж байгаа. Түүнийг 100 хувь өг.
Хөвсгөл рүү олон жуулчин ирж байна. Гадаад, дотоодын олон компани үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатарын компани Хөвсгөлд ирээд ажиллаж байгаа бол Хөвсгөлд тодорхой хэмжээний татвар төлдөг байх хэрэгтэй. Суманд, аймагт тодорхой хэмжээний татвар төлдөг л байх хэрэгтэй.
Хөвсгөл аймагт арай илүү олон хүн амьдарч байгаа бол ногдож байгаа санхүүжилт илүү байх нь зөв
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс багсгаж болохгүй. Болж өгвөл нэмж байх хэрэгтэй. Харин одоо нэмэх биш, өмнөх жилийнхээс 20-30 хувиар багасгаад байгаа юм. Мөн дээрээс нь алслагдмал байдал, татвар төлдөг байдал, хүн амын тоо гээд 25,25 хувийн итгэлцүүр, томъёо байдаг. Би бол хүн амын тоог илүүчилж үздэг болъё. Хүн амын тоог дөчин хувиар, хамгийн чухал үзүүлэлт болгож авч үзье гэж байгаа. Хөвсгөл аймаг бол бүх аймгуудаас хамгийн олон хүн амтай. Тэгэхээр Хөвсгөл аймагт арай л илүү мөнгө ирэх ёстой. Хөвсгөл аймагт арай илүү олон хүн амьдарч байгаа бол ногдож байгаа санхүүжилт арай илүү байх ёстой. Асуудлыг ингэж шийдэх хэрэгтэй байгаа юм. Ийм хууль өргөн барьчихсан байгаа.
Хүмүүс ирээд амьдралд нийцэхгүй юм яриад байгаа юм. Нэг л Оюутолгой, нэг л Тавантолгой. Та нар дагаж алга ташаад л, нөгөө толгой болохгүй байна л гээд байдаг. Яг амьдрал дээр өөрийнхөө эрхийн асуудлыг л шаард л даа. Би бас иргэн. Би бас сонгууль өгнө. Би бодохдоо, манай жирийн иргэд ч тэгж боддог байх, эхлээд хүүхдээ бодно. Эхлээд гэр бүлээ, өөрийгөө бодно. Дараа нь ажлаа бодно. Хүнтэйгээ л уялдуулж асуудлаа шийдэх ёстой. Зарим нэг алхам хийгдэж л байна. Эмэгтэйчүүд хүүхэдтэй болоход эхлээд л тэр эмэгтэйн эрүүл мэндийг бодно, дараа нь хүүхэд гарлаа. Хүүхдийн мөнгө гэдэг түүнтэй холбоотой. Тэгээд хүүхдийн мөнгө санаачилсан. Сая бас хасна, барина гээд бужигнаан болсон. Түүнийг зогсоосон. “Танайх шарах шүүгээтэй юү, машинтай юу, мотоцикльтэй юү, хүүхдийн мөнгийг чинь хасна аа хө” гэж баахан чирэгдэл учруулсан шүү дээ. Тэртэй тэргүй Монгол Улсад 8-12 хувь нь хүүхдийнхээ мөнгийг авахгүй байгаа юм. Хүүхдийн мөнгө гэж толгой зовохгүй өөрийгөө аваад явчихдаг улсууд бас байна. Түүнийг хасаад судалгаа хийгээд ирэхээр бараг 80 гаруй хувь нь хүүхдийн мөнгөө дахиж авъя гэсэн дүн гарсан учраас олон юм шаардаж иргэдийг чирэгдүүлж яах юм бэ. Олгодгоор нь л олгоё гэж шийдсэн. Хүүхдийн мөнгийг хамгийн шударга хуваарилалт гэж би боддог. Хүүхдийн мөнгөн дээр худлаа хэлэх боломж байхгүй. Хүүхдийн мөнгийг буруу гараар зарцуулах боломж байхгүй. Өнөөдөр 4 хүүхэдтэй байсан айл 2 сарын дараа манайх тавтай боллоо, 3 сарын дараа 6-тай болчихлоо гэж хуурч чадахгүй. Байгалийн жам гэж юм байна. Дараагийн шаардсан асуудал бол цэцэрлэг. Хүүхэд харах үйлчилгээ яагаад Монголд байж болдогүй юм. Мөрөн хотын нэг гудамжинд тэтгэвэртээ гарсан багш байгаа бол хажуудаа байгаа 5 айлын цэцэрлэгийн насны хүүхдийг хардаг. Цэцэрлэгийн насны хүүхэд харахад нэг хүүхдэд ноогддог 118, 128 мянган төгрөгийг улсаас өгдөг. Тэр мөнгөөр хүүхдүүдийг хардаг. Ээж, аав нь нэмээд мөнгө өгдөг, сүү өгдөг бол түүнийг нь нэмээд авна биз дээ. Ингээд хүүхдүүдээ хараад явъя л даа. Ингэхээр зөндөө олон эмэгтиэйчүүд, зөндөө олон хүн ажилтай болно гэж бид тооцож байгаа. Энэ хууль гарсан. Санхүүжилт нь 2017 оны 1 дүгэр сарын 1-нээс хэрэгжээд явах байх. Зарим газар ажилдаа ирэхдээ хүртэл хүүхдээ авч ирээд ажлынхаа нэг өрөөг цэцэрлэг болгочихсон байдаг юм байна лээ шүү дээ. Хоёр ээж тэнд 20 хүүхэд хараад болоод байдаг. Ажил тарахад хүүхдээ хөтлөөд гардаг. Ингэж асуудлыг хүний амьдралтай уяж өгөх юм бол би зөв болно гэж хувьдаа боддог. Дараагийн асуудал бол сургууль. Айл гэр төвлөрч байгаа газруудад сургуулийн асуудлыг шийддэг болъё. Улаанбаатараас эхлээд шаардаад байгаа. Барилгууд бариад байгаа нь сайн байна. Одоо зураг, зөвшөөрөл дотор нь цэцэрлэгийн асуудлыг давхар шийдээрэй. Хувийн цэцэрлэг байж болно. Сургуулийн байрыг төрөөс санхүүжилт хийгдээд зай талбайг нь заавал үлдээж байгаарай. Эмнэлэгт үлдээж байгаарай гэсэн шаардлагыг төр, олон нийтийн зүгээс тавиад хийх юм бол зөв болно гэж боддог.
Манай ард иргэд гурван юманд их мөнгө гаргадаг. Нэгд, орон сууц. Монголчууд олон мянган жилээр гэр гэдэг гайхамшигтай сууцыг бий болгосон улсууд. Социализмын үед ч хүүхэддээ гэр бэлдээд өгдөг байсан. Одоо ч наад зах нь гэрээс эхэлдэг. Дараа нь хажуу өрөө энэ тэр гээд байдаг. Манай ард иргэд орон сууцандаа их мөнгө зардаг. Орон сууцны зээл маш өндөр байсан. 2012 оноос өмнөх засгийн үед 2 жилийн мөрийн хөтөлбөрийг нь аваад үзэхэд 400-хан айлын орон сууцыг шийдсэн байсан. Одоо 8 хувийн зээл гэхэд 80 мянган айлын асуудлыг шийдэж байгаа юм.
Одоо үүнийг будилуулаад, дундуур нь худлаа яриад байх юм. Хүнд үнэн юм хэлэх хэрэгтэй. Урьдчилж төлдөг мөнгө 30 хувь байсныг 10 хувь төлдөг болно гэхээр иргэн хүн “Ямар сайхан юм бэ” гэж хүлээж авч байгаа юм. Гэтэл тэр хүн сард өөрт ирж байгаагаа ачааллаа мэдрэхгүй байгаа юм. 30 хувь төлбөл сар бүр төлдөг мөнгө нь бага. 10 хувийн урьдчилгаа төлдөг болчихвол сардаа 300 мянган төгрөг төлдөг байснаа 420 мянгыг төлдөг болно. Тэгэхээр 30 хувиасаа явсан нь зөв байгаа юм. Банкиндаа ч итгэлтэй.
Зах зээл мэдээллээр явдаг
Зах зээл мэдээллээр явдаг. Гар утсан дээр бүх мэдээлэл явж, хүмүүс хоорондоо ярьж байдаг. Хэдхэн яриад л муу мэдээлэл нь тараад, хүмүүсийг хүлээлтэд оруулдаг. Цаана нь барилгын компаниудын хөрөнгө оруулалт зогсдог. Өнөөдөр Монголд орон сууцтай холбоотой бүх зүйлийг хийдэг боллоо. Дээр үед байшин үйлдвэрлэх комбинат гэж байсан. Одоо Европын хэмжээний асар өндөр технологитой тийм үйлдвэр Монголд 4-5 бий боллоо шүү дээ. БНСУ явсан залуус тийм юм сураад, Монголдоо ирээд түүнийг байгуулаад, бүгдийг хийдэг болсон. Социализмын үед хадаасаа ч хийж чадахгүй гээд л бид хэлдэг байсан. Одоо Монголд хадаас хийж байна. Махан нухашныхаа лаазыг ч хийж чаддаггүй гэдэг байсан бол одоо юун лааз байтугайг хийдэг болсон.
Хүмүүс юм хийж эхэлж байна. Амьдрал хэцүүдээд, гаднаас авдаг юмны үнэ нэмэгдээд ирэхээр үүний нэг сайн тал нь дотооддоо юмаа үйлдвэрлээд, дотоодоосоо худалдан авалт хийгээд, дотооддоо борлуулж байгаа. Ийм байхад ханшийн цохилтод ямар ч үйлдвэрлэл, ямар ч бизнес унадаггүй. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа болж хувирдаг. 3000 хүнтэйгээс авахуулаад 30 хүнтэй 270 гаруй шинэ үйлдвэр Монголд бий боллоо. Энэ бол сайн хандлага.
Одоо компьютер дээр суугаад фейсбүүкээр дамжуулаад худалдаа хийж байна. Цагаан сарын бууз хийхдээ дахиад 3 айлын бууз нэмж хийгээд л фейсбүүкээр дамжуулаад зарж болно. Шуд гар утаснаасаа бууз зараад сууж байгаа шү дээ. Бид ингэж л ажиллах ёстой. Одоо бүх бизнес, бүх санаа гар утсан дээр ороод ирлээ. Ийм үед бид амьдарч чадахгүй, болохгүй байна гэж яриад сууж ерөөсөө таарахгүй. Ах дүүсээ өөд татаж амьдардаг нэг хүн байдаг. Тийм хүнээ ганц биш, хоёр, гурав болгох хэрэгтэй. Түүнийгээ өөлж биш, дэмжиж ажиллах ёстой. Ингэвэл Монгол Улс босч ирнэ гэж би боддог.
Хоёрт, манай иргэд оюутан хүүхдийнхээ төлбөрт их мөнгө гаргадаг. Сургуулиа төгсөөд оюутан болно. Оюутны 70 мянга гээд шүүмжлээд байдаг. Тэр бол оюутанд нэмэр болдог.
Гуравт, манай иргэд цагаан сараар нэлээд их мөнгө зардаг. Цалин, тэтгэвэрийн зээл гээд түүнд явж өгдөг. Тэгвэл цалин, тэтгэвэрийн зээлийг арай урт хугацаатай, өөр нөхцөлтэй зээл болгож хувиргавал яасан юм бэ. Иймэрхүү шийдэл авч ирдэг бодлого Монголд хэрэгтэй. Түүнээс биш ганц нэгээрээ мэдэгдэл хийдэг, ганц нэгээрээ явдаг зүйл ерөөсөө хэрэггүй. Манай сүүлийн 25 жилийн улс төрд энэ их ноёлоод байгаа юм. Энэ дэлхийн улс төрөөс ч алга болсон зүйл.
Цэргийн ангиуд спортын байгууллага болж хувирах хэрэгтэй
Цэрэгт хүүхэд нь явлаа. Албаа хаагаад ирлээ гэх мэтээр хүнийхээ амьдралтай холбож асуудлыг шийдээд явах хэрэгтэй. Цэргээр дамжуулж олон юм хийх юмсан гэж би боддог. Анхны ажлаа хийж байгаа. “Оюутан цэрэг” гэж хөтөлбөр байна. Улаанбаатараас үүнийг эхлүүлсэн. Төсөв мөнгөнөөсөө болоод бага хэмжээнд яваад байгаа. Болж өгвөл өргөжүүлмээр байна.
Би боддог юм. Дээр үеийн ТМС, одоогийн МСҮТ-д хүүхэд сурч байхад жилд хоёр сараар сургаж давхар цэргийн мэдлэг олгомоор байна. Эхлээд дотуур байртай МСҮТ-ээс эхэлмээр байна. Захиралд нь бэлтгэл офицер цол олгоод гялалзаж болно. Би өөрөө ЗХУ-д 5 жил цэргийн сургуульд сурч төгссөн. Өөрөө цэргийн алба хаасан хүн. Цэрэг хүнд гайхамшигтай хүмүүжил өгдөг. Цэрэг аав ээж, авгай хүүхэд, ах дүүсээс холдуулж, тэдний үнэ цэнийг мэдрүүлдэг. Эх орны үнэ цэнийг тэгж мэдэрдэг. Ээж аавын үнэ цэнийг холдоод явахаараа л мэдэрдэг. Олон эрчүүд дунд ороод амьдрах арга, ухааны төлөө зүтгээд ирэхээрээ мэдэрдэг. Үүнийг залууст ойлгуулах ёстой. Одоо цэргийн албанд татагдах 100 хүний 5-7 хувь нь л татагдаж, бусад нь янз бүрийн шалтгаанаар чөлөөлөгддөг. Оюутан байхад нь сургалтад хамруулж давхар цэргийн алба хаалгаж болно. Ингэж хүний амьдрал, зовлонтой нь холбож, тулгамдаж байгаа асуудалтай нь холбож юмыг хармаар байна.
Бас багаас нь, хөлд орохоос нь эхлүүлээд спортод элэгтэй болгож өгмөөр байна. Наад зах нь хөлд орохоос нь чихэнд нь спорт, өрсөлдөөн гэсэн үгийг суулгаж л байх хэрэгтэй. Олимп, ДАШТ-ээс медаль авч ирэх юм бол насан туршид нь сар бүр цалин өгч байгаа шүү дээ. Зарим хүн сардаа 7 сая төгрөгийн цалин аваад явж байгаа. Би батлан хамгаалах, спорт хоёрыг уяж өгөөсэй гэж боддог. Олон улс оронд Батлан хамгаалах, спортын яам гэж байдаг.
Сургуулиудын биеийн тамирын багш нарыг давхар бэлтгэл офицер болгоод, цэрэгт яваагүй бол БХИС дээр 3 сарын курст сургаад, МУБИС-ийн Биеийн тамирын анги төгсөгчдийг 6 сар цэргээр бэлтгээд л сургуульд багшлуулах хэрэгтэй. Хүүхэд 1 дүгээр ангид ороход л биеийн тамираар хичээллүүлээд эхлэх хэрэгтэй. Хүний амьдралын гол зүйл, таныг авч яваа зүйл чинь бие шүү дээ. Дараа нь түүн дээр боловсрол, хүмүүжил нэмж өгөх хэрэгтэй.
Манай гол гол спорт клубууд дандаа цэрэг, цагдаатай холбоотой. Дээр үеийн “Алдар”, “Хүч” гээд хэвээрээ л явж байгаа. Би үүнийг хадгалах ёстой гэж боддог. Цэргийн ангиуд одоо спортын байгууллага болж хувирах хэрэгтэй. Ангийн буутай хүмүүс жилд нэг удаа тэнд очиж тир буудаж үздэг байх хэрэгтэй. Надад бэлэглэсэн энэ тэр гээд буунууд байна. Түүнийгээ буудаж үзэх газар алга. Цэргийн ангиудад буудлагын талбай байх юм бол сумаа авч очоод бууддаг байх боломжтой. Хүүхэд, залууст буудлага заадаг байвал эргээд Монгол Улсад хэрэгтэй. Хэрэгтэй үед иргэдээрээ дамжуулж улс орноо хамгаална шүү дээ. Батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай хууль зэргийг бид тийм байдлаар өөрчилж байгаа. Олон аймгийн төв дээр барилга-инженерийн ангиудыг шинээр нэмж байгуулж байгаа. Тэр ангиуд аймаг, орон нутагт байгаа тулгамдсан асуудлуудыг шийддэг байгаасай гэж бодож байна. Эрчүүд, хүмүүс маань чийрэг байх хэрэгтэй. Зарим оронд 18 наснаас дээш бүх хүн цэргийн алба хаадаг.
Малчин уламжлал гэдэг бол Монголын оршин тогтнох, хөгжин дэвжих хамгийн гол үндэс суурь юм
Монголыг авч явах бас нэг бүлэг гайхамшигтай хүмүүс бол манай малчид юм. Малчдаа бид хайрлах ёстой. Малчин уламжлал гэдэг бол Монголын оршин тогтнох, хөгжин дэвжих хамгийн гол үндэс суурь юм. Манай малчид шиг зээлээ цаг хугацаанд нь эргүүлж төлдөг хүн байхгүй. Би Монголбанкнаас судалгаа гаргуулсан. Малчдын зээлийн эргэн төлөлт 99,5 хувь байна. Тийм мундаг. Малыг нь үнэлээд зээл өгөхдөө нийт малынх нь 10-20 хувьд л өгч байгаа шүү. Зүгээр жирийн компани байшин барилгаа үнэлүүлээд зээл авахад 60-70 хувьд нь өгдөг мөртлөө малчдад тийм бага зээлийг хамгийн өндөр хүүтэй өгдөг. Тэдний зээлийн хүүг бид одоо 10 хувь руу оруулах тухай ярьж байна. Зээлээ цагт нь төлж байгаа тэр хүмүүс л хамгийн хөнгөлөлттэй зээл авах ёстой.
Малчин гэдгийг мэргэжил болгоё гэж бид яриад, ХХААЯ-тай ярьж байгаад бүгдэд нь мэргэжлийн үнэмлэх олгосон. Дээр үед “Муу сурвал чи мал дээр гарна шүү” гэж ярьдаг байсан. Муу сурдаг хүн мал дээр гардаг юм биш. Монголоо авч явах гэж байгаа, Монголын дархлааг, Монголыг авч явж байгаа хүмүүс л мал дээр гарна. Түүний төлөө явж байгаа юм. Малчин хүн өөрийгөө мэргэжилгүй гэдэг. Гэтэл цаг агаараа, малаа мэдэж байгаа нь хэрийн малын бага эмчээс хамаагүй илүү мэргэжилтэй. Малчин айлын эмэгтэй зөвхөн сүү саагаад, сүүгээ хувиргаад байхад арван хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Тийм том үйлдвэрлэл явж байгаа юм.
Монголын 50 сая малыг 50 сая био үйлдвэр гэж ярья
Одоо Монголын 50 сая малыг 50 сая мал гэж ярихаа больё. 50 сая био үйлдвэр гэж ярья. Тэгж харж, тэгж малаа хайрла. Тэгж малдаа ханд. Монголыг өнөөдөр тэгж хардаг болсон байна. Гүү унагалаад үлдчихдэг байсан эхэсийг аваад дэлхийн хамгийн том баячуудын нүүрний гоо сайхны бүтээгдэхүүнийг Японд хийсэн. Япон руу эндээс авч явах гэхээр үнэтэй учраас Монголд ирж үйлдвэрээ байгуулъя гэж байгаа юм билээ. Бид хөөцөлдсөөр байгаад Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа. Энэ нь ашгаа өгөх гэж байна. Янз бүрийн химийн бүтэгдэхүүнээс гаргаж авах гээд болохгүй, тэгээд яг органик, яг байгалийн, амьтны гаралтай гайхамшигтай бүтээгдэхүүнийг монгол гүүний эхэсээс гаргаж авч болох юм байна. Монгол адуу гэдэг бол -40 градусаас +40 градусын дотор, 80-100 градусын хэлбэлзэл дотор амьдардаг амьтан. Тэр хооронд үр төлөө тээж явдаг амьтан. Тэр хооронд унага бойждог. Түүгээрээ гайхамшиг л даа. Байж байгаа нь өөрөө био технологи. Тэгэхээр малчдын орлого асар өндөр өсөх боломжтой.
Хонины ноос нэг үе ямар ч үнэгүй байсан. Одоо хонины ноосны үнэ нэмэгдэж байна. Дээр үед шилэн хөвөн гэж байсан. Одоо хонины ноосоор барилгын дулаалга хийдэг болсон. Хамгийн сайн чанарын дулаалга хийж байгаа. Энэ үйлдвэрлэлийг л дэмжиж өгөх хэрэгтэй. Тэмээний ноосыг хялгасыг нь сайн ялгаад авахад ямааны ноолуураас илүү өндөр үнэд хүрэхээр байна. Хариуцлагатай, анхан шатнаас нь зөв бэлдээд, малынхаа арьсыг хүртэл цоололгүй зөв өвчөөд, хатаагаад авах хэрэгтэй. Ингэний ундаа гэж байдаг. Түүгээр чихрийн шижинг эмчлэх боломжтой. Дэлхий дээр 3 хүн тутмын 1 нь чихрийн шижин өвчтэй байдаг.
УИХ-ын гишүүд сая Хонконг, Азиар явж байгаад 100 гр махны зураг аваад ирсэн байна лээ. 10 ам.доллар юм байна. Нэг кг мах 100 ам.доллар байх нь байна шүү дээ. Нэг кг мах нэг хонины үнэтэй тэнцэх нь байна. Ийм мундаг юм байна. Тиймээс хоёр том зах зээл, бусад зүйл байна. Үүнийгээ юм болгоё. Ингэхэд сэтгэл хэрэгтэй. Төрд байгаа хүмүүс үүний ярьдаг, хүргэдэг байх хэрэгтэй. Би өнөөдөр хийсвэр юм ярьж байгаа юм шиг сонсогдож магадгүй. 2,3 жилийн дараа ажил болж эхэлнэ. Өнөөдөр ч ажил болоод хэрэгжээд явж байна. Малын яснаас кальци гаргаж авч байна. Манайхан эм, антибиотик руу яваад байдаг. Дэлхий нийт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг боллоо. Кальцийг адууныхаа яснаас аваад уугаад байхад таны хөл гар өвддөг, амархан хугардаг нь алга болно. Үүний төлөө Монголын үйлдвэр ажиллах ёстой.
Бүх шатанд үйлдвэрлэлийн бодлоготой байх хэрэгтэй
Ийм учраас Үйлдвэржилтийн тухай зарлиг гаргаад, Аж үйлдвэрийн яамтай болсон. Үүнийг би одоо Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам болго, үйлдвэрлэлийг дэмждэг болго гэж байгаа. Бүх шатанд үйлдвэрлэлийн бодлоготой байх хэрэгтэй. Юм нурааж байгаа хүнийг бус, юм бүтээж байгаа хүнийг дэмжие. Бүтээн байгуулалтын шагнал гаргая гээд Төрийн гэрэгэ шагнал гаргасан.
Манай ард түмэн, малчид гайхамшигтай мэдрэмжтэй. Дээр үед аав ээж ярьдаг байсан. Малаас амьсгалаас бусдыг нь авч болно гэдэг байсан. Одоо тэр үе ирж байна даа. Одоо л тийм болж байна.
Намайг БНХАУ-д айлчилж байхад нэг үхэр нядалгаанд ороод дамжлагуудаар явсаар байгаад Жип машины хэмжээний үнээр зарагдаж байгааг үзлээ. Тэр үхрийн арьсыг нойтон дамжлагаар оруулж памбайлгаад дундуур нь 5 удаа зүсч шир гаргаж байна. Түүнийг сунгаад татахаар хэчнээн их юм болж байна. Цэвэр арьсан суудалтай бол машины үнэ нэмэгдээд л явна. Яс, чөмөг зэргээр нь эм хийгээд, 100 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийгээд тавьчихсан байна. Нэг жижиг савтай нь 30-40 гаруй ам.долларын үнэтэй. Цуснаас арван хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Дэлхий ийм болчихоод байна. Бид ийм болохын тулд өмнөд хөрштэй энэ чиглэлийн харилцаагаа өргөжүүлье, дэмжие. Малаа эрүүлжүүлье гээд яриад явж байгаа. Мал эрүүлжүүлэх асуудлыг бүр мөсөн шийдээд, Монголд малын халдварт өвчин гардагийг алга болгох хэрэгтэй. Баруун таван аймгаас сүүлийн 10-аад жилд халдварт өвчин гараагүй. Баян-Өлгийд л нэг гарсан байх. Одоо баруун таван аймгаас мах авдаг болж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч ирж ярьж байгаад бид визгүй болгож шийдсэн. Манайхан урагшаа явдаг байсан, одоо хойшоо асар их явдаг болсон. Оросын бараа чанартай гэж бид үздэг. Үнэхээр тийм. Энэ их боломж гарсан байхад үүнийг ашиглах хэрэгтэй. Үүнийг ард түмэндээ ашиглуулах гэж виз гэдэг хүнд суртлыг бид шийдсэн шүү дээ.
Хатгалд хажуудаа нэг илүү гэр бариад хүмүүс амьдруулсан чинь 2 сарын дотор 7 сая төгрөгийн ашиг олсон гэдэг шүү дээ. Энэ жил ч Хөвсгөл рүү гадаад, дотоодын асар их хүн цувах байх. Түүнийг яаж ашиглах вэ, яаж жил тойрон ирдэг болгох вэ. Хөвсгөл рүү мөсний баярт ирдэг хүмүүсийг яаж нэмэх вэ. Тэнд Хөвсгөлийн брэнд гээд олон янзын сайхан юм хийгээд тавьчихсан байна. Гадна дотнын юм аваад байх шаардлагагүй болж байна. Өөрсдийнхөө хийсэн юмыг худалдаж авч, дэмжиж явах юм бол бидний ажил сайжирна.
Хүний нэг үе өнгөрөхөд дараагийн үе дээрээ жаахан дэвшил гараад л явах ёстой. Бидний үе дээр Монголын бүх асуудал шийдэгдчих юм бол дараагийн үе маань ажилгүй болох нь байна шүү дээ. Хэзээ ч тийм юм байхгүй. Хэзээ ч төгс төгөлдөр, сайн сайхан нийгэм байгуулна гэж байхгүй. Тэр рүү тэмүүлж л болно. Түүнийг зорих л хэрэгтэй. Хэзээ ч бүх юм сайн сайхан болно гэж байхгүй. Муу хүн байж л таарна. Муу асуудал гарч л таарна. Асуудал тулгамдаж л таарна. Иймэрхүү маягаар бид малчдаа дэмжих хэрэгтэй. Одоо мал маллах хүний тоо цөөрөөд, голдуу ахмадууд үлдээд, залуучууд сургууль соёлоор дамжаад яваад байна.
Малчин айлаас Монголын хамгийн мундаг, дундаж давхарга төрөх юм байна. Жинхэнэ дундаж бизнесмэн гарах юм байна. Монголын хамгийн олон малтай хүн 8000 малтай, 20-иод туслах малчинтай байна. Тэр 8000 малтай айлд Монголын хамгийн мундаг бизнес, хамгийн мундаг өндөр технологи байгаа. Одоо зах зээлийг нь бид бэлдэж өгөөд өндөр технологитой газруудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Түүний төлөө төрийн хүмүүс толгойгоо өвтгөж явах ёстой юм. Ингэж явж чадах юм бол манай залуучууд малаа маллаад явдаг болно. Мал гэдэг бол зөвхөн дагаж хонио хариулаад, дагаж морь, мотоцикль унаад явдаг зүйл биш. Мотоциклиор мал маллахаа больё. Мориороо малаа маллая гэж би уриалга гаргасан. Олон хүн дэмжсэн. Үүнийг одоо хиймээр байгаа юм. Мотоциклиос унаж жилдээ тархи толгойны гэмтэл авч байгаа залуус хэдэн мянгаараа байна. Хайран амьдрал. Морьтойгоо явсан бол юу гэж тийм юм болох вэ дээ. Яг өөрийн морь бол хүн гэмтээдэггүй гэж ярьдаг шүү дээ. Түүний хазаар, ногт, эмээл хийх бол дахиад л үйлдвэрлэл. Бид үндэснийхээ юмыг л дэмжмээр байгаа юм. Одоо энэ рүүгээ эргэж орсон нь дээр. Энэ бол хоцрогдол биш. Ерөнхийлөгчөөсөө эхлээд ингэж ханддаг, боддог байх л ёстой. Бидний удам судар бүгд малчинтай холбогддог. Мал дээр байгаа аав ээж Мөрөн рүү орж ирэхдээ нэг хонины махтай, хөлдөөсөн сүү бариад ирж байгаа биз дээ.
Малчдыг тойроод нэг хүндрэлтэй асуудал гарч байгаа нь 6 настай хүүхдийг сургуульд сургах асуудал байгаа. Би түүнийг шийдэх гэж 2 жилийн өмнө зарлиг гаргаад БСШУЯ-нд чиглэл өгсөн. Миний үед 8-тайдаа, одоотой харьцуулбал хөгшин зөнөг юмнууд сургуульд орж байсан. 2-3-тайгаас нь цэцэрлэгээр хүмүүжүүлээд 6-тайгаас нь боловсрол олгож, сургуульд сургадаг нь дэлхийн жишиг юм. Үүнийг малчин дээр аваад үзэхэд амьдрал хүнд байна. 6 настай хүүхдээ сургах гээд ээж нь сумын төвд орж ирдэг. Залуучууд салдаг. Залуу амьдрал гэдэг бол бие биедээ татагддаг, бие биеэ санадаг, би биеэ харддаг. Янз бүрийн асуудал хүний амьдралд байдаг. Гэр бүл салж байна. Янз янзын зовлон байна. Тийм учраас 6 настнуудыг зуны сургалтад хамруул. Өвөл амралтынх нь үеэр 6 настнууд дээр очоод үсгийг нь заачих. Наад зах нь малчин аав ээж хоёр 7 дугаар анги төгссөн бол хүүхэддээ 35 үсэг нүдлүүлж чадна шүү дээ. 35 үсгээ нүдэлсэн, хүрдээ цээжилсэн байвал малчны хүүхдийг 8 настайд нь шууд 3 дугаар ангид авч болно. Ингэж шийдмээр байгаа юм. Ингэж амьдралд нийцүүлж шийдэх ёстой.
Бас нэг том шийдэх ёстой асуудал бол газрын асуудал. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, түрээслүүлэх, ашиглуулах тухай хуулийг УИХ гаргах ёстой гэж хэлээд байгаа шүү дээ, би. Гаднын иргэн, ААН-ийн асуудлыг одоохондоо хаяя. Энэ бол тусдаа асуудал.
Газар шиг гайхамшигтай баялаг байхгүй
Монгол Улс дэлхийд нэг хүнд ноогддог газраараа 1 дүгээрт ордог. Газар шиг гайхамшигтай баялаг байхгүй. Газартай болоод өмчлөөд авчихсан хүн дээр нь нэг банз авчраад хаяхад өмч болно. Дээр нь юм нэмэгдээд л байдаг. Хэзээ ч үнэ нь унадаггүй гайхамшигтай хөрөнгө юм. Миний бодлоор төрийн зүгээс суурь хөрөнгийнх нь асуудлыг л ард иргэддээ шийдэж өгөх хэрэгтэй. Тэгээд л боломжийг нь олгочих.
Нэг л юманд хууртаж болохгүй. Үнэгүй боловсрол олгоно. Зээлийг чинь хүчингүй болгоно гэсэн юманд битгий хууртаарай. Үүний цаана банкны тогтолцоо, Монгол Улсын санхүүгийн тогтолцоо байгаа. Түүнийг нурааж хаядаг байхгүй юү. Таны амьдралыг л нураана гэсэн үг. Бид хариуцлагатай нийгэм рүү явах ёстой. Бид популист амлалтад толгой эргэх л юм бол Монгол Улс нэг явж байгаад л шат хий гишгэж байгаа юм шиг доошоо унана шүү. Юмыг бодитоор хармаар байгаа юм. Манай улстөрчид, шийдвэр гаргагчид бодитоор юмыг харах хэрэгтэй. Зээлийн харилцаа бол Монгол Улсын түүхэнд, Чингис хааны үед, Их гүрний үед ч байсан. Монголын зээлийн харилцаа гэж тусгай судлагдахуун байдаг.
Зээл алга болох юм гэснээс болоод бүх зүйл хүлээлтэд ороод зарим нь зогсдог. Би түүнийг маш буруу гэж боддог. Хүн төрөлхтөн бий болсноос хойш л бие биедээ илүү гарсан юмаа өгдөг, байхгүй нь нөгөө хүнээсээ зээлж авдаг тогтолцоо тэртэй тэргүй байсан.
Хараад байхад улс төрд унаж, босч явсан хүмүүс асуудлыг хардаг өнцөг нь арай нэг өөр, арай л амьдралтай байдаг. Шийдэлд хандаж байгаа нь арай л амьдралтай харагдаж байгаа юм. Үнэхээр энэ бол цаг хугацаа шаарддаг юм байна.
Та бүхнийхээ дэмжлэгээр би УИХ-д 4 удаа сонгогдсон. Монгол Улсын Ерөнхий сайдаар 2 удаа ажиллаж байсан. Унаж боссон. Ард түмнийхээ дэмжлэг, буян заяанд залбирч явдаг. Тийм учраас улс төрийн амьдрал, хийж байгаа ажлаа энэ хүмүүст зориулж, нэг асуудлыг боловч шийдэх юмсан, нэг сайн санаа хэрэгжүүлэхэд нь туслах юмсан гэсэн бодлогоор явдаг. Ингэж явж байж өнөөдөр улс төр гэдэг чинь ямар учиртай юм бэ гэдгийг ерөнхийдөө 60-70 хувьтай ойлгодог болоод байгаа юм. Гэтэл өнөөдөр улс төр рүү орж байгаа хүмүүс мундаг шийдэлтэй хүн шиг “Монгол сөнөчихсөн байна” л гээд байх юм. Бид тийм сөнөсөн газар ч амьдраад байгаа улс биш л дээ. Сөнөсөн бол бид бүгдээрээ л оролцож сөнөөсөн байгаа. Нялх Сэнгүмүүд гарч ирээд тийм л юм яриад байх юм. Мэдээж бид залуусаа дэмжих ёстой. Манай ард иргэдийн сонголт мундаг болох байх гэж би бодож байгаа. Хөвсгөлийнхний сонголт мундаг байх байх гэж найдаж байгаа.
Монгол Улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль санаачлах гэж байна
Суманд байгаа хүмүүс л сумандаа ажиллах хүмүүсийг зөв сонгож, зөв бүрдүүлэх хэрэгтэй. УИХ, төр, засгийн байгууллагууд төвлөрүүлж юм татах гээд байдаг. Орон нутгийн төр, захиргааны байгууллагаас та бүхэн асуугаарай. Санхүүгийн эрх мэдэл алга байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хэдэн төгрөг ирээгүй бол манай сумын төвүүд ингэж нүүрээ угаасан юм шиг болохгүй шүү. Хөвсгөлд, Мөрөнд хийгдсэн зүйлүүд хийгдэхгүй байсан шүү. Олон газар өөр болсон шүү. Суманд өнөөдөр 3-4 давхар орон сууцууд баригдаж байна. Түүний 70-80 хувийг малчид авч байна. Ийм боломжууд байна. Сумыг тэндээ амьжиргаатай хүмүүс л өөрчилнө. Тэд л санхүүгийн эх үүсвэрийг олно. Тэнд татварын эрх мэдлийг нь олго. Төрийн албаны хуульд би нэг зарчим тусгах гээд хэлээд байгаа юм. Суманд ажиллах төрийн албаны ажилтнуудыг эхлээд суман дотроосоо л хай. Одоо дандаа босоо тогтолцоотой, Улаанбаатараас томилж байгаа. Улаанбаатараас цалин ирдэг, Улаанбаатараас томилогддог хүн сумынхны төлөө ерөөсөө хариуцлага хүлээхгүй байна. Түүнийг халж ч, өөрчилж ч болохгүй байна. Заан юм уу, юу юм , тэр ер нь. Суманд сайн ажилтан олдохгүй бол аймгийн хэмжээнд хай. УИХ-ын гишүүнийг сонгохдоо тухайн засаг, захиргаанд амьдардаг байхыг хуульчилж өгөх хэрэгтэй гэж би бас хэлээд байгаа юм. Нэг л Улаанбаатараас нисч ирсэн хүмүүс сонгогдож аваад л явдаг. Чи Улаанбаатарт амьдардаг бол тэндээсээ л сонгогд. Хөвсгөлд бол Хөвсгөлдөө амьдардаг хүнийг сонгоно. Ихэнх оронд тийм байдаг юм. Бидний үлгэр жишээ авдаг орнуудад дандаа тийм байдаг. Сенат, Конгрессийн гишүүд 3-аас доошгүй жил тухайн тойрогтоо амьдарч, тэндээ татвар төлдөг байх ёстой гэдэг.
Бид ардчилал гэж яриад, сэвээд, олон нам байгуулж байна гэж яриад намуудад улс төрийн эрхээ алдаад дууссан байгаа шүү. 1990 онд харин нэг гайхамшигтай , жинхэнэ ардчилсан гэж хэлж болохоор сонгууль болсон шүү дээ. АИХ-ын депутатад хороо, хорин хуралдаж байгаад нэр дэвшүүлдэг байлаа шүү дээ. Үйлдвэрийн газрууд нэр дэвшүүлдэг байлаа. Социализмын үед ганц хүний нэр дэвшүүлээд 99 хувийн саналаар сонгоод байсан. Энэ болохгүй. Наад зах нь 2 хүн өрсөлдүүлье гэж л тэр үед хэлсэн. Энэ бидний зөв байсан. Одоо тэгтэл зөвхөн улс төрийн нам гэдэг юм л нэр дэвшүүлдэг, түүний төлөө саналаа өгдөг. Тэр нь улам жижигрээд, ард иргэдийн улс төрийн эрхийг авч яваад байгаа юм. Тйим учраас би Монгол Улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль санаачлах гээд сууж байна. Швейцарь зэрэг олны хуулийг маш олон талаас нь судалсан. Тэнд санал асуулгаар голдуу асуудлаа шийддэг. Улаанбаатарт бол олон асуудлыг санал асуулгаар шийдэж байгаа.
Дүнжингарав захын лангуу түрээслээгүй үлдсэн зайд Улаанбаатар хотын захиргааныхан очоод, газрыг нь түрээсэлж аваад хүмүүсээ суулгачихсан. Тэнд эрхийн зөвшөөрлүүдийг олгож байгаа. Хоёр сар хөөцөлдөж, 20 даргын үүд сахиад шийддэггүй байсан асуудлыг тэнд 20 минут дотор шийдэж байна. Одоо төрийн үйлчилгээ тийм болсон. Нийт 27 байгууллага 242 үйлчилгээ үзүүлж байгаа. Одоо зарим нь наашаа Драгон төв дээр, Мишээл экспо дээр байрлана гэж байна лээ. Бид ийм ажил хийх гэж явдаг улсууд. Зарим нэг хүн өөртөө л эрх авах гээд байдаг. Бид ард түмэнд хийдэг ажлыг ард түмэн рүү л дөхүүлэх гэж байгаа. Чи тийм сэтгэлгүй бол төрийн албанаас гарах хэрэгтэй.
Миний сүүлийн үед шаардаад байгаа нэг зүйл бол УИХ-ын гишүүд, сонгуульд орж байгаа хүмүүсээс асуухаар “Би улсаа бодож байна. Би ард түмнээ, Хөвсгөлөө бодож байна” л гэдэг. Зарим нь үнэхээр “Чи улсаа бодож байгаа л бол улс төр рүү битгий ор” гэж хэлмээр хүн явж байх юм.
Төрийг хариуцлагатай болгоё
Төрийг хариуцлагатай л болгомоор байна . Миний хариуцлага тооцох хуульд Ерөнхийлөгчийн хүртэл оруулсан. Манайд хариуцлагаа хүлээж огцорсон тохиолдол бараг гараагүй юм билээ шүү дээ. Би 1994 онд хаврын цуглаан дээр үг хэлээд “Зарим орон эдийн засгийн аргаар Монголыг авах гэж байна” энэ тэр гээд хэлчихсэн чинь түүнээс болж шалгагдаад, надад Эрүүгийн хэрэг энэ тэр болоод явсан шүү дээ. Та нар мэдэж байгаа. Тэр үед би Хөвсгөлөөс, та нараас сонгогдсон байсан. Шалгана гэхээр нь би тэр дор нь “Өнөөдөр ийм асуудал үүссэн тул намайг УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү. Цахиагийн Элбэгдорж” гэж бичээд л өгсөн. Нөгөөдүүл тэгэхэд 72-уулаа байсан. Маш баяр баясгалантайгаар намайг чөлөөлөөд л гаргаж байсан. Ингэж энгийн иргэн болоод шүүхийн өмнө очоод цагаадаад гарч байсан. Тэгээд би Хөвсгөлд та бүхэнтэй уулзалт хийгээд, тэр тухайгаа яриад явж байсан. Асуудалд орлоо л бол тэгдэг л байх хэрэгтэй.
Авлига, албан тушаалын хэргийг ард иргэд, энд танхимд сууж байгаа хүмүүс хийдэг юм биш. Албан тушаалтай хүн хийдэг. Хуулийг хууль биш гэж үздэг. Би үүнийг хийсэн байхад ямар ч хариуцлага хүлээхгүй, гарч чадна гэж үздэг бардам улсууд хууль дээр гишгэж зогсож байгаад хийдэг. Тийм сүлжээтэй гэж өөрийгөө боддог. Тийм мөнгөтэй гэж өөрийгөө боддог. Тийм эрхтэй гэж өөрийгөө боддог улсууд л хийдэг. Тэдний хойноос хөөцөлдөж байх хэрэгтэй. Нэгэнт ардчилсан улс тул тийм хүмүүс хүртэл өөрийнхөө эрхийг хамгаалах эрхтэй л болж байгаа. Тэдэнтэй хөөцөлдөх хэрэгтэй. Энэ бол Монголын төрд соёл болж үлдэнэ. Хариуцлага тооцно гэхээр даралт нь ихсээд эмнэлэгт хэвтэх байсан юм бол улс төрөөс өнөөдөр гарсан нь дээр. Ингэтэл нь бид шахаж өгмөөр байгаа юм. Ингэж ажиллая. Тэгэхээр тэр Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг батлуулъя. Шилэн дансны хууль, Сонсголын хууль хүчин төгөлдөр болчихсон. Эдгээр хуулиар иргэд хариуцлага нэхэх хэрэгтэй.
Монгол дотроо улс төр хийхээс гадна манай хоёр хөрш байна. Бүс нутаг байна. Наад зах нь хоёр хөрштэйгээ харилцаагаа сайхан явуулдаг, бүс нутагтаа, олон улсын хэмжээнд харилцаж чаддаг, Монголынхоо нэрийг авч явдаг байх ёстой.
Монголын хэмжээнд ажиллана гэдэг бол асар том хариуцлага. Асар их ажил байдаг юм байна. Энэ ажлыг хийж явах ёстой. Энэ бүхнийг намайг эхлүүлэхэд, анхны ардчилсан Үндсэн хууль батлагдаад, УИХ байгуулагдах гээд ирж байхад би эндээс 1992 онд сонгогдож байсан. Эндээс Д.Бохьшарга, Д.Цогбадрах, Ш.Одонбаатар бид дөрөв сонгогдож байсан. Энэ итгэлд үргэлж баярлаж явдаг. Ийм учраас наад зах нь мөсний баярт Ерөнхийлөгч ирлээ гэхэд хүмүүс анхаарна, ач холбогдол нь нэмэгдэнэ гээд наашаа ирсэн юм. Яагаад гэвэл та бүхэн надад итгэл өгсөн. Та бүхэн надад итгэдэг, дэмждэг. Дэмжиж явна аа, хамтарч ажиллана аа. Их баярлалаа. Дахин дахин уулзах ерөөл дэвшүүлье” гэлээ.
Үүний дараа иргэд өргөн хүрээнд сонирхсон асуултаа тавьж Төрийн тэргүүнээс хариулт авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн асуултыг сонссоны дараа нэгтгэсэн хариулт өгч, зарим асуултад холбогдох албан тушаалтнаар дараа хариу өгүүлэхээр болов.
Монголын эрдэнэ болсон Хөвсгөл нуур бол гайхамшигтай баялаг юм
Төрийн тэргүүн иргэдийн асуултад хариулахдаа “Цаатны музей байгуулах асуудалд анхаарал хандуулъя. Та Хөвсгөл нуурын талаар зарлиг гаргаж болох уу. Бурхан халдун уул шиг ЮНЕСКО-д бүртгүүлж болох уу гэсэн асуулт бичгээр ирүүлсэн байна. Энэ боломжтой асуудал. Үүнийг орон нутагтай хамтарч ажиллаж, сайн судлах хэрэгтэй. Бурхан халдун уулын талаар зарлиг гаргаад, улсын дархан цаазтай газар, тусгай хамгаалалт гэсэн тэр чиглэлийн хамгаалалтыг сайжруулах талаар ажилласан. Сайн үр дүнд хүрсэн. ЮНЕСКО бол дэлхийн өвийг бүртгэж авдаг байгууллага. Түүнд өргөдлөө гаргаж явуулсан.
Дэлхийн олон оронд олон гайхамшигтай газар бий. Тэр бүхнийгээ бүртгүүлэх гэж, баталгаажуулах гэж явдаг юм билээ. Бурхан халдун уулыг бид баталгаажуулж авсан. Олон шалгуур байдаг юм билээ. Тухайн газар нутаг дэлхийн түүхтэй ямар холбоотой вэ. Тухайн ард түмний түүхтэй ямар холбоотой байдаг юм. Тэр тухай бичсэн ном байна уу. Ямар үлгэр домог байдаг юм гэх зэрэг 10-20 төрлийн их нарийн шалгуур байдаг юм байна. Бурхан халдун уул бол мэдээж Чингис хааны түүх, Монголын нууц товчоо, дэлхийн түүх гээд олон зүйлээрээ шалгуурт нийцэж байсан. Намайг өнгөрсөн 12 дугаар сард Парист уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хуралд очиход ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова өөрөө надад Бурхан халдун уулыг бүртгэсэн тухай батламж гардуулж өгсөн. Монгол Улс Бурхан халдун уулын хамгаалалтын захиргаа, бусад зүйлээ өргөжүүлж, хамгаалалтаа сайжруулж, ЮНЕСКО-д байнга тайлагнаж байх үүрэг хүлээж байгаа.
Монголын эрдэнэ болсон Хөвсгөл нуур бол үнэхээр гайхамшигтай баялаг юм. Энэ нуураа цэнгэг, цэвэр ариун байлгах нь нийт Монголын ард түмэн, Монголын төрийн онцгой анхаарч байх ёстой асуудал гэж би хувьдаа боддог. Шаардлагатай бол энэ асуудал дээр орон нутагтай ярьж байгаад саяын байдлаар ажиллаад үзэхэд болохгүй юм байхгүй болов уу гэж бодож байна. Мэдээж цаг хугацаа шаардагдах байх. Засгийн газарт чиглэл өгсөн тодорхой зарлиг гаргана гэдэг бол би зарлиг гаргаад, Ерөнхий сайд гарын үсэг зураад, Засгийн газрын хурлаар хэлэлцэгдээд, ингэж хуулийн дагуу гаргасан зарлиг бол хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн заалтын дагуу явдаг. Шаардлагатай гэвэл энэ асуудлыг судлая гэсэн бодолтой байна.
Цаатан иргэдтэй холбоотой асуулт гарлаа. Бид цөөн байгаа хэдээ орхихгүйгээр хүрч, харж, төрийн байгууллагын хүрээнд иргэдээ татан оролцуулж харж хандаж байх ёстой. Тэнд нутаглаж байгаа хэсэг хүнийг хувь заяанд нь даатгадаг биш, өмнө нь явуулж байгаа бодлого дээр ямар хүндрэл, бэрхшээл гарч байна гэдгийг харж, тэнд байгаа хүмүүстэй хоёр талаасаа уулзаж өдөржин шөнөжин ярихад олон сайхан зүйл, олон хүндрэлтэй асуудал ярьдаг. Ингээд түүний ихэнхийг тусгасан, иж бүрэн шинжтэй зарлиг гаргасан. Сая асууж үзсэн. Хэрэгжилт нь гайгүй явж байгаа. Үүнийг тодорхой яаман дээр хариуцсан албан тушаалтан байдаг. Хүндрэлтэй зүйл ч байдаг юм билээ. Бид бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй. Гэхдээ тулгамдаж байгаа, шийдэх боломжтойг нь шийдэж явъя.
Цаашдаа геологийн бодлогыг барьж явах нь зүйтэй
Манай ард иргэдийн байгаль, ашигт малтмалтай холбоотой, байгалиа хамгаалах, хойч үедээ үлдээх гэсэн асуудалтай би бүрэн санал нэг байгаа. Нэг үе Монголын нийт газар нутгийн бараг тал хувь нь хайгуулын лицензэд орчихсон байсан. Хайгуулын лиценз гэдгийг зөв талаас нь харвал манай газар нутаг дээр ямар баялаг байна вэ гэдгийг хайна гэсэн үг. Шаардлагатай болоод ашиглана гэвэл дахиад өөр зөвшөөрөл аваад явдаг. Бид Эрдэнэт үйлдвэр гэх мэтээр тодорхой зүйлээ ашиглах л ёстой.
Та бүхэн санаж байгаа байх, би Ерөнхийлөгч болж гарч ирээд ашигт малтмалын хайгуулын лицензийг зогсоох тухай зарлиг гаргаад, түүнийхээ дагуу УИХ-д хууль санаачилж оруулсан. УИХ хугацааг нь жилээр тогтоосон байсан. Хугацаа нь дуусах болохоор дахин хууль санаачилж оруулсаар байгаад дараа нь Ашигт малтмалын шинэ хууль гарсан шүү дээ. Түүний үр дүнд 50 хувьд хүрч байсан ашиглалтын лиценз нийт газар нутгийн талбайн 8 хувь болж буурсан. Тэгээд Ашигт малтмалын шинэ хууль гарч, тэнд шинэ шаардлагууд, ялангуяа орон нутаг, иргэдийн эрх ашиг тавигдсан. Ашигт малтмалаа ашиглаж байж бид хөгжинө гэдгээ иргэдтэйгээ ойлголцож чадвал цаашаа явах боломжтой гэж үздэг. Энд нэг зөрчил гардаг. Төр, улсын зүгээс, хариуцсан яам, мэрэгжлийн хүмүүс нь шийдээд лиценз олгочихоор орон нутаг дээрээ ирээд иргэд газраа өгөхгүй гээд зөрчил гардаг. Тэгэхээр орон нутийн иргэдийн саналыг үндсэн санал болгож авч үзье гэсэн үндсэн зарчмаар явж байгаа. Хөвсгөл аймгийг олон аймагтай харьцуулж үзвэл хайгуулын лицензээ буцааж цуцалсаар байгаад уул уурхай чиглэлийн үйлдвэрлэл нэлээд багатай аймаг болж байгаа. Би дарга нарт ч хэлдэг. Хөвсгөлд ард иргэд нь хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй, ойлголцохгүй бол уул уурхайн үйлдвэрлэлийн араас нэг их яваад байх шаардагагүй байх. Үнэхээр ашиглаж болохоор зүйл байгаа бол ярилцаад шийднэ биз дээ. Аялал жуулчлал, мал аж ахуй, бий болж байгаа боломж, аймгийнхаа онцлогийг дагуулж хөгжүүлбэл зүгээр байх аа гэсэн бодолтой байгаа.
Ашигт малтмалын хуулиас харж байхад орон нутагт ордог гол орлого бол баялаг ашигласны татвар байдаг. Ашиг олсон ч, олоогүй ч төлж байдаг тийм татвар. Түүний тодорхой хувь нь орон нутагт ордог байх тухай яригдаж байгаа. Монгол Улс уудам газар нутагтай. Газар нутгаа их зөв ойлгож авч явах хэрэгтэй.
Бид геологийн бодлогыг цаашдаа баримаар юм билээ. Ашигт малтмалын хайгуулын лиценз гаднын хүмүүст очоод байна гэдэг нь геологийн хайгуулд улс төсвөөс мөнгө гаргаж чадахаа больчихсон. Тэр нь асар их үнэтэй. Хайгаад тэндээс юм гарах уу, үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Эрдэнэтийн баялгийг олохын тулд нэг аймаг, хоёр гурван сумын нутаг дамжиж хайж байж нэг жалга, нэг уулан дээр олсон шүү дээ.
Монгол Улс цаашдаа зөвхөн уул уурхайн баялагт тулгуурласан биш, өөр бусад хийж чадах үйлдвэрлэл, ялангуяа мал аж ахуй, өндөр технологи, мэдээллийн технологи, программ хангамж, дэлхий даяар эрэлттэй болж байгаа зүйлүүдийг хийж хөгжинө. Эдгээр нь манай эдийн засгийн гол тулгуур болох ёстой гэж үздэг юм. Энэ бодлогыг Монгол Улс цаашдаа тууштай бармталж явах ёстой гэсэн бодолтой байдаг. Ашигт малтмал, уул уурхай тойрсон асуудал дээр улстөржилт, шуугиан нь маш их, үндэслэлгүй мэдээллүүд их явж байна. Яг ажлаа хийж, юмаа хариуцсан хүмүүс нь ард иргэдэд бодитой ойлголтыг өгч байх ёстой.
Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд нэг үеэ бодоход хөл дээрээ тогтоод ирлээ. Ашигт малтмал, баялгаа ашиглуулах гэж байгаа бол үндэснийхээ аж ахуйн нэгжид л өгье. Үүгээр нь дамжуулж Монголынхоо аж ахуйн нэгжүүдийг дэмжие. Энэ бол Монгол төрийн бодлого байх ёстой. Үүнийг цаашдаа хэрэгжүүлж явах нь зөв байх аа гэдгийг хэлье.
Европын холбооноос “Монголд 99 хувийн шударга сонгууль явуулах нөхцөл бүрдсэн байна” гэж үнэлсэн. Энэ бол нэр төрийн хэрэг
Сонгуулийн хуультай холбоотой нэг санал гараад байгаа юм. Сонгуулийн систем ямар байх вэ гээд бид байж болох бүх зүйлийг туршсан. Улс орноо 76 тойрог болгож байгаад ч гишүүдээ гаргаж үзсэн. Сум сумаас депутат гардаг л байсан. Аль алийг нь жалга довны гэж ярьдаг л байсан. Нийтэд нь пропорциональ болгоод Улсын Бага Хурлыг ч сонгож л байсан. Аль аль нь дутагдалтай, аль аль нь давуу талтай байсан. Тэгээд нэг талдаа тойргоос, нөгөө талдаа жагсаалтаар сонгодог холимог хувилбараа авч үлдье гэж шийдсэн. Би бол үүнийг ерөнхийдөө нуруутай шийдэл гэж бодож байгаа. Үүнийгээ аваад явсан нь дээр байх аа. Аливаа боломжтой шийдлийг удаан хадгалах хэрэгтэй. Сонгуулийн хуульд одоо өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хуучин жишиг ч байсан. Сонгуулийн хуулийг сонгууль болохоос 6 сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн жишгээр явдаг. Энэ талаар УИХ-ын тогтоол хүчинтэй байгаа. Явж ирсэн зарчмаараа л явах хэрэгтэй.
Хар машин болно, болохгүй гээд баахан маргаан гардаг. Яг үнэндээ тэр 7 дугаар сарын 1-ний үеэр маш хүндрэлтэй юм болж байсан. Модон хайрцагт саналын хуудсаа хийдэг байсан үед асар олон төрлийн булхай гардаг байсан шүү дээ. Түүнийг зогсоох арга бол тэр машин байсан. Машин бол маш том дэвшил байсан гэж би боддог. Монголын хүн бүхнийг хурууных нь өндгөөр бүртгэдэг, таньдаг болсон шүү дээ. Энэ бол маш том дэвшил шүү. Үүнийг биометрийн бүртгэл гэж нэрлэдэг. Азид цөөхөн оронд нэвтэрсэн. Монгол бол хийчихсэн. Дээр нь сонгуулийн систем нь бүрэн сүлжээнд орсон. Хөдөө баг дээр хүртэл 24 цагийн цахилгаан үүсгүүр тавьж байгаад саналаа авч байгаа. Энэ бол дэвшил.
Гараар тоолоход ямар их булхай ордог байсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Машинаар тоолсныг гараар тоолж тулгахад дүн нь таарч байхаар хүмүүс нэг машин тоолоод больдог юм билээ. Улам сайжруулах шаардлагатай зүйл бол бий байх. Манай энэ туршлагаар Киргизэд сая сонгууль явуулсан. Киргиз өмнө нь сонгуулиа явуулж чадахгүй 2 удаа иргэний дайнд хүрч байсан. Хэдэн зуун хүнийхээ амь насыг сүйтгэсэн шүү дээ. Гурван удаа төр нь өөрчлөгдөж, Үндсэн хууль нь доргисон. Сая Монголын туршлагаар сонгууль явуулж, бүх хүн сонгуулийнхаа дүнг хүлээн зөвшөөрлөө. Ямар нэг будилаан гарсангүй гээд Киргизийн Ерөнхийлөгч над руу утасдаж байсан. Монголын энэ давуу талыг Европын холбооноос үнэлж, 64 мэргэжилтэн ирээд “Монголд 99 хувийн шударга сонгууль явуулах нөхцөл бүрдсэн байна” гэж үнэлээд явсан. Энэ бол том, түүхэн үйл явдал юм шүү. Монголын нэр төрийн хэрэг. Энэ ололтоо цааш хадгалаад муу тал байгаа бол асуудлаа шийдээд явах нь зөв.
Энэ Сонгуулийн хуульд нэг чанга заалт орсон нь нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэж оруулсан байна лээ. 76 хүнээс 22 орчим эмэгтэй нэр дэвших юм байна лээ. Эмэгтэйчүүдэд их боломж гарч ирж байгаа юм. Ер нь эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж боддог. Би бол энэ тал дээр байдаг. Эмэгтэй хүнийг ажилд тавихад илүү хариуцлагатай, ажилдаа илүү хандлагатай байдаг. Бүх түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих ёстой гэж би хувьдаа боддог. Энэ бол зөв бодлого гэж боддог. Төрд гараад ирсэн эмэгтэйчүүдэд алдаа дутагдал байдаг л байх. Гэхдээ эрчүүдээс арай л бага байдаг юм шүү.
Намын жагсаалт дээр нэг зүйлийг ярьж байгаа. Нэг хүнийг жагсаалтад 2 удаа дараалан оруулахгүй гэсэн зарчмыг намууд барих ёстой. Үнэхээр чи нэр хүндтэй бол нэг удаа жагсаалтад ор. Дараагийн удаа тойрогт нэр дэвш гэсэн үг. Үүнийг манай намууд барьж хэрэгжүүлэх юм бол зөв зарчим болно. Мөн жагсаалтаар гаргах 28 хүний нэрийг намууд сонгуулийн байранд, хүн бүхэнд хүргэж өг. Түүнийг хүн бүхэн хардаг байг. Энэ намыг дугуйлбал түүний цаана хэн гэдэг хүн УИХ-ын гишүүн болох нь вэ гэдгийг сонгогчид мэдэж байх ёстой. Нэг талдаа шинэ хүмүүс, нөгөө талдаа арай нуруутай, савлаад байхааргүй хүмүүс нийлж УИХ-ыг бүрдүүлэх нь манай орны хөгжилд хэрэгтэй.
Сая Монгол Улсаас 3,8 сая ам.долларыг ОХУ-д шилжүүлснээр хуучин ЗХУ-ын үеийн өрийн асуудал үүрд шийдэгдсэн
Их өрийн талаар хүмүүс асуулаа. Саяхан нэг түүхэн үйл явдал боллоо. ЗХУ-ын үеэс явж ирсэн өрийн үлдэгдэл гээд нэг асуудал явж ирсэн. Сая Монгол Улсаас 3,8 сая ам.долларыг бид ОХУ-д шилжүүлснээр хуучин ЗХУ-ын үеийн өрийн асуудал үүрд шийдэгдсэн. Одоо энэ асуудал дахиж яригдахгүй.
Өрийн асуудлаар Монголд гараад байсан шийдвэрийг явсаар байгаад ОХУ-ын парламент нь баталдаг. ОХУ-ын парламент хоёр танхимтай. Хоёр танхимаар асуудал дамжиж, бас тэнд бөөн маргаан болсныг та нарын зарим нь сонссон л байх. Тэндхийн парламентын гишүүд бас л манай УИХ-ын гишүүд шиг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд парламентын гишүүдийн олонхи нь Монголын 170-180 сая ам.долларын өрийн ихэнхийг чөлөөлөөд 3,8 сая ам.долларыг үлдээхээр шийдсэн. Тийм учраас бид үүнийг улс төр болгож болмооргүй байгаа юм. “Миний үед өрийг шийдлээ. Намайг Ерөнхийлөгч байхад ингэлээ” гээд, эндээс оноо авах гэж ерөөсөө болохгүй. Энэ бол ёс зүйгүй зүйл гэж би хувьдаа боддог. Хамгийн гол нь бид энэ асууддыг бүрэн шийдэж өгсөн Оросын ард түмэнд баярлах хэрэгтэй. ОХУ-ын удирдлагад баярлах хэрэгтэй. ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч В.В.Путинд “Баярлалаа” гэж хэлэх хэрэгтэй.
Өртэй гэж байгаа тал нь ингэж шийдэж байгаад л хамгийн том гавьяа тэнд очих ёстой. Түүнээс биш бидэнд, хэн нэг албан тушаалтанд биш. Тийм учраас хэцүү цагт, шаарлагатай цагт бидэнтэй байнга байдаг Оросын ард түмэн, ОХУ-ын удирдлагад “Баярлалаа” гэж үргэлж хэлж байх ёстой гэж боддог.
Олон улсын зах зээл дээр байгаа хямд мөнгө, хямд санхүүгийн эх үүсвэрийг маш хурдан татах хэрэгтэй
Шинээр, 1990 оноос хойш үүссэн өртэй холбоотой асуудлыг сая бас хүмүүс асуулаа. Үүн дээр нэг зүйл байгаа юм. 1990 оноос өмнө үүссэн өр бол улс хооронд үүссэн, улсын Засгийн газар, улсын төрийн байгууллага хариуцаж байсан өр, зээлийн асуудал байгаа юм. 1990 оноос хойш нэг хэсэгтээ улс, Засгийн газар гадна, дотноос зээл авдаг байсан. Өмнө нь өрийн ихэнх нь төрийн байгууллага, Монголын Засгийн газарт ноогддог байсан бол 2000-д оноос хойш өрийн бүтэц өөрчлөгдөөд ихэнх нь хувийн хэвшлийнхний зээлж авсан, тэдний гадна, дотнын зах зээлээс босгосон мөнгө, зээл байх болсон. Ингэснээр зээлийн бүтэц зөв болж байгаа юм. Улс нь зээлж аваад, түүнийг улстөрчид буруу, зөрүү ашигладаг биш, хувийн хэвшил гаднын банкнаас мөнгө зээлэх итгэлийг олж байна гэдэг бол маш чухал үзүүлэлт . Монголд байгаагаас арай бага хүүтэй мөнгө зээлж ирээд, аж ахуйн үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ явуулаад, эргүүлээд төлж байна гэдэг бол зөв үзүүлэлт. Тэр 20 хэдэн тэрбум ам.долларын өр гээд байгаа дотор хувийн хэвшлийнхний зээл ихэнх нь орсон байдаг. Хувийн хэвшлийнхэн үүнийг хариуцна.
Засгийн газар хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, өндөр хувьтай зээл авах гэж явдгаа болих хэрэгтэй байгаа юм. Энэ нь эргээд ард түмний өр болоод байна гэж та бүхний ярьж байгаа нь зөв. Засгийн газар ямар мөнгө авах хэрэгтэй вэ гэвэл Дэлхийн банк, АХБ-наас, олон улсын санхүүгийн байгууллагаас өгдөг 40 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй ч гэдэг юм уу, ийм хөнгөлөлттэй зээлийн хойноос явах хэрэгтэй. Зээлийн ачаалал бага байгаа бол улс орнуудаас өгдөг зээлийн хойноос явж болно. Засгийн газар юу хийх хэрэгтэй вэ гэхээр ард түмэндээ, аж ахуйн нэгж эрхэлдэг хүмүүстээ зарлаж байгаад “Хэрэв та нар олон улсын банкнаас, гаднаас зээл олоод ирэх юм бол манай Засгийн газар тодорхой хувь дээр нь баталгаа гаргаж өгнө. Жишээлбэл, үндэсний үйлдвэрлэл, махны маш сайн чанарын үйлдвэрлэл, малын бүтээгдэхүүнээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол, дэд бүтэц, эрчим хүчний үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол Засгийн газар баталгаа гаргаж өгье” гэж хэлэх хэрэгтэй. Хэрэв тухайн аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар баталгаа гаргаж өгсөн тэр хувиараа хариуцдаг. Нөгөө компанийнхаа тодорхой өмч хөрөнгийг аваад, эргүүлж зараад мөнгийг нь төлдөг ч юм уу, иймэрхүү маягаар шийддэг зөв зарчим руу бид орох хэрэгтэй байгаа юм. Санхүүгийн, эдийн засгийн зах зээл дээр хариуцлага шаарддаг хамгийн гол шалгуур бол улсын үнэлгээг доош нь унагасан бол Засгийн газар, энэ хүмүүс муу ажиллалаа гэж үнэлэх хэрэгтэй байгаа юм. Улсын үнэлгээ гэж юм байдаг. Энэ үнэлгээ сүүлийн үед бүтээгдэхүүний үнэ гэх зэрэг жаахан юмнаас болоод унаад байгаа шүү дээ. Засгийн газыг огцруулна гэж шаардлага тавьснаас болдог ч юм уу. Ингээд үнэлгээ унаад байдаг. Ингэхээр Монгол Улсад ирэх гэж байгаа зээлийн эрсдэл өндөр байна гээд нэмээд байдаг.
Би Чингис бондыг оруулж ирж байхад хэлж байсан. Чингис бондын оруулж ирж байгаа нэг ам.долларын ард Монгол Улс 3 ам.доллар босгоё. Хэрэв 2 ам.доллар олчихсон, 3 дахь нь олдохгүй байгаа бол салбар зааж өгч байгаад 1 ам.долларын Чингис бондоор санхүүжүүлье гэж байсан. Харамсалтай нь тэгж явсан ч юм бий, яваагүй ч юм бий. Олон улсын зах зээл дээр байгаа хямд мөнгө, хямд санхүүгийн эх үүсвэрийг маш хурдан татах хэрэгтэй. Түүнийг татахын тулд дэлхийн улс орнууд өрсөлдөж байдаг. Түүнийг татахын тулд бизнесмэнүүд өрсөлдөж байдаг. Түүнийг маш сайн татаж байх хэрэгтэй. Хямд, урт хугацааны сайн эх үүсвэр байгаа бол түүнийг оруулж ирэх хэрэгтэй. Газраа ухаж, баялгаа хямдхан зарах биш, түүнийг оруулж ирээд үйлдвэрлэлээ байгуулаад, эдийн засгаа босгоод цаашаа явах хэрэгтэй.
Ямар учраас хөрөнгө оруулалт чухал байна вэ гэхээр нэг ам.доллар ороод ирвэл нэмэгдэл мөнгө, баялаг болоод байдаг. Монгол Улс ам.доллар хэвлэдэггүй. Монгол Улс өөрийнхөө төгрөгийг гадаадад мөнгө төлж хэвлүүлдэг улс.
Хамгийн гол зарчим бол орж ирж байгаа мөнгөний ихэнх нь Монголд зарагдах ёстой гэсэн шаардлагыг тавих хэрэгтэй. Оюутолгойд гэхэд олон аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг шүү дээ. Эрчим хүч, хоол унд, ажлын хувцас гээд бүх зүйлийг Монголоос авахыг шаарддаг. Нэг том үйлдвэр ашиглалтад орсноор араас нь хэдэн арав, хэдэн зуун аж ахуй нийлүүлэлтээрээ дамжиж босч ирдэг. Түүний араас хэдэн зуун мянган хүн ажилтай болдог. Таны орлого нэмэгддэг л байх ёстой. Энэ бүхэн хоорондоо уялдаатай.
Зүгээр нэг индэр цохиод, эх оронч дүр эсгээд түүгээр оройн шөл хийж ууж чадахгүй. Хүний ажлын байрыг хадгалах, хүний цалинг нэмэх замаар л явна. Юмыг бодитой ойлгох хэрэгтэй. Бодитой харах хэрэгтэй.
НӨАТ-ын буцаан олголтоор Монголд үйлдвэрлэсэн бараа арай илүү урамшуулалтай байвал яасан юм бэ гэсэн бодолтой байгаа
Татвартай холбоотой асуудал гарч байна. Сая Ил тод байдлын тухай хууль гэсэн хууль гараад их амжилттай боллоо гэж яригдаад байна. Түүгээр 34 их наяд төгрөг ил болсон байна. Энэ бол маш их мөнгө. Гэхдээ 34 их наяд төгрөгийн хөрөнгө шинээр гараад ирж байгаа юм биш, ийм хэмжээний мөнгө нэмэгдэж байгаа юм биш. Жишээ нь, нэг компани хөрөнгөө 2 тэрбум төгрөг гээд үнэлчихсэн, яг зах зээлийн үнэ нь 8 тэрбум төгрөг байсан. 2 тэрбум төгрөг гээд үнэлээд явахаар арай бага татвар төлдөг байсан. Ил тодын хуулиар түүнийгээ 8 тэрбум төгрөгөөр нь үнэлж байгаа л хэрэг юм. Ийм үнэлгээ явсаар байгаад 34 их наяд гэсэн тоо гарсан. Энэ нь манай Татварын хуульд дутагдал байгааг харуулж байгаа юм. Ингээд МХАҮТ, бизнес эрхлэгчидтэйгээ ярьж байгаад Засгийн газар хууль оруулсан. Би хувьдаа хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа.
Би Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын татваруудыг бүгдийг 10 хувь болгоно гэж санал оруулаад шийдүүлж байсан. НӨАТ, ААН-ийн албан татвар, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гээд бүгдэд нь олон шатлал хэрэггүй. Шатлал олонтой л байх юм бол компаниа хуваагаад, татвараас зугтаагаад байна. Тэгэхээр нэг ижил 10 хувьтай болгоё гэж оруулсан. Энэ бол олон улсын хамгийн сайн туршлага л даа. Гэтэл ААН-ийн албан татвар нь 10 хувь, 25 хувь болоод хувирчихсан шүү дээ. 3 тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь 25 хувь төлнө гэхээр 3 тэрбум төгрөг дөхөж ирээд л ААН-үүд задраад, олон компани болоод яваад байгаа юм. Энэ бол Монголд хохиролтой. Тийм учраас би зааглаж өгье гэж байгаа юм. Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа бол 25 хувийн татвар төлнө. Харилцаа холбооны бизнес эрхэлж байгаа бол 25 хувь төлнө. Спирт, архины үйлдвэрлэл эрхэлж байгаа бол 25 хувийн татвар төлнө. Энэ гурваас бусад үйлдвэрлэл эрхэлж байгаа бол бүгдээрээ 10 хувийн татвар төлнө. Ингэж шийдвэл Монголын татвар зөв болох гээд байгаа юм.
Дээрээс нь НӨАТ-ын буцаан олголтыг зөв аргаар нь хэрэгжүүлбэл уг нь их зөв юм. Гэхдээ Монголд үйлдвэрлэсэн чихэр худалдаж авч байгаа бол буцаан олголт нь 5 хувь байвал зөв. Би ингэж Засгийн газарт хэлээд байгаа. Одоо бол 2 хувь байгаа юм. Гаднын бараа авч ирээд зарсан ч адилхан, дотоодын бараа зарсан ч буцаан олголт нь одоо адилхан байгаа. Хэрэв гаднаас юм авч ирээд зарж байгаа бол 2 хувь байя. Монголд үйлдвэрлэсэн бол арай илүү урамшуулалтай байвал яасан юм бэ гээд байгаа. УИХ 4 дүгээр сард хуралдаад шийдчих болов уу гэж найдаж байна.
Давхар тэтгэврийн хууль гэж гарсан. Би тэр хууль дээр жаахан эсрэг байр суурьтай байсан. Хоёр хөгшин хоёулаа тэтгэвэр авдаг байж байгаад нэг нь өөд болох юм бол үлдсэн хүн нь нөгөөгийнхөө тэтгэврийг авна гэдэг бол надад монгол хүн талаасаа нэг их сайхан биш байсан. Гэхдээ ард иргэдэд хэрэгтэй байна. Үүнийг ингэж шийдье гэсэн. Тэгээд УИХ шийдсэн. Надад энд яриад байх юм байхгүй л дээ. Хүмүүс хүсэлтээрээ шийддэг болсон гэж ойлгож байгаа.
Өршөөл, уучлал хоёр ялгаатай, Ерөнхийлөгч бол уучлал үзүүлдэг
Өршөөлийн талаар асуулт ирсэн байна. Ерөнхийлөгч хэзээ ч өршөөл үзүүлдэггүй. Үүнийг хэлээд хүмүүс ойлгохгүй байгаа юм. Өршөөл гэдгийг УИХ хуулиар шийддэг. Сая УИХ-аар Өршөөлийн хууль гарах гээд, хориг энэ тэр гээд зөндөө юм боллоо шүү дээ. Албан тушаал, авлигын хэрэг, мөнгө зувчуулсан гэх зэрэг хэргүүд Өршөөлийн хуульд орчихсон байсан. Харин би тэр хэргүүдийг өршөөж болохгүй гэж хориг тавьсан юм. Шийдсэн нь бол УИХ-ын шийдсэн асуудал.
Ерөнхийлөгч юу хийдэг юм бэ гэхээр уучлал үзүүлдэг. Би хэдэн зуу, мянган хүнд уучлал үзүүлдэггүй. Орон шоронд ороод ялынхаа 50 хувийг эдэлчихсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гараад засарна, надад 2 жил үлдсэн. Үүнийг маань уучлаад өгөөч гэсэн хүсэлт тухайн хүн тавиад, үүн дээр хоригдож байгаа газрынх нь тодорхойлолт ирэх юм бол харж байгаад тодорхой нэртэй хүмүүст уучлал үзүүлдэг. Манайхан заримдаа улстөрждөг. Зарим хүн янз бүрийн буруу хэрэг хийчихээд, янз бүрийн асуудалтай болчихоод Ерөнхийлөгч уучлал үзүүлэх ёстой гээд орилолдоод байдаг. Би өргөдөл өгсөн л гээд байдаг. Яг өргөдлийг нь аваад үзэхэд хийсэн хэргээ хүлээгээгүй байдаг.
Уучлал үзүүлэхэд хамгийн гол зарчим бол би энэ хэргийг хийсэн. Үүндээ гэмшиж байна гээд ялын талаас илүү хугацааг эдэлсэн гэх зэрэг тодорхой журам бий. Тиймээс хувь хүн дээр, цөөхөн хүн дээр уучлалын асуудал байдаг. Өршөөл бол УИХ дээр хуулиар шийдэгддэг асуудал. Ийм хоёр ялгаатай шүү гэдгийг хэлье.
Хуулийн бодлого жирийн иргэн хүнд их ойрхон, зөв болж гарч байгаа
Шүүхтэй холбоотой асуултууд гарлаа. Шүүхийн систем маань тодорхой хүрээнд өөрчлөгдөөд явж байгаа. Гарсан дэвшлүүд гэвэл шүүхийн бүх шийдвэр ил болсон. Шилэн болсон. Өмнө нь шүүх шийдвэр гаргаад, шүүгч уншаад л орхидог байсан. Одоо бол бүгд веб сайт дээр тавигдаж, хэвлэгддэг болсон. Ямар асуудалд орсон хүн юм, яагаад шүүгч нь тийм ял өгсөн юм. Яагаад буруу зөрүү шийдэв гэдгийг хардаг болсноор хяналт, хариуцлага бий болж байгаа.
Маш олон хэрэг, иргэн хоорондын маргаан, янз бүрийн зүйл байдаг. Үүнээс болж олон хүн шоронд явдаг байсан. Эвлэрүүлэн зуучлах хууль гэж гарсан. Энэ хууль гарснаар өмнө нь хоригддог байсан хэргийн 30 хувийг эвлэрүүлэн зуучлах байдлаар, ямар нэг ялгүй шийддэг болсон шүү. Энэ бол жирийн иргэнд хамгийн ээлтэй өөрчлөлт болсон. Мөн Эрүүгийн хууль бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Зөрчлийн хууль бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Хуулийн бодлого жирийн иргэн хүнд их ойрхон, зөв болж гарч байгаа.
Сахилга, зохион байгуулалт Монголд хэрэгтэй байна
Дагва гуай Үндсэн хуулийн өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Хоёр нам шийдэж чадахгүй юм шиг байна гэсэн асуулт тавьсан байна. Би бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр маш тодорхой байр суурьтай. Манай гавьяат хуульч Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа санаачилж Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал баримтлах хууль гаргасан. Тэр хуулийг бид тууштай баримтлах хэрэгтэй гэж нэгдүгээрт боддог. Үндсэн хуулийг хуулиар өөрчлөх хэрэгтэй. Хуульд заасан шалгуурын дагуу өөрчлөх хэрэгтэй. Хоёрт, хэрэв өөрчлөх шаардлагатай бол нэг удаа нэг л харилцааг шийдье. Жишээлбэл, Засгийн газартай холбоотой харилцааг шийдэж болно. Ерөнхий сайд нь шууд сайдаа томилдог, хариуцлага алдвал шууд ажлаас нь өөрчилдөг тэр эрхийг Ерөнхий сайдад өгмөөр байгаа юм. Одоо бол УИХ-аас сайд томилдог. Нөгөө УИХ нь томилох гэхээр хэдэн гишүүд долоо наймаараа гарын үсэг зураад, би долоон кноптой, би найман кноптой гэж байгаад би энэ сайдыг авна, би тэр сайдыг авна гэж авдаг. Очсон сайд нь ард түмэн, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө биш, нөгөө фракц, бүлэглэлийн төлөө ажилладаг завхрал руу орсон. Энэ бол завхрал. Үүнийг зогсоох хэрэгтэй. Би бол энэ талд байдаг. Тийм учраас нэг удаа нэг харилцааг шийдье. УИХ Ерөнхий сайдаа томилоод л болно. Сайд томилохгүй. Ерөнхий сайд томилоход намууд оролцдог. Харин Засгийн газрын бусад сайдууд дээр намууд оролцоод, Ерөнхий зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулдгийг бүгдийг болиулах хэрэгтэй.
Эрх чөлөө бороо шиг орж байж болно. Гэхдээ орсон усыг хашлагатай, зөв газраар урсгадаг сахилга, зохион байгуулалт Монголд хэрэгтэй байна. Монголд хариуцлага хэрэгтэй байна. Үүнийг ярьдаг хууль хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх боломжийг Монголын удирдагчдад олгох хэрэгтэй. Ингэвэл манай ардчилал зөв болно гэж боддог. Бид нэг тал руу хэтэрхий буруу явсан учраас иймэрхүү асуудлууд үүсээд байгаа юм. Хариуцлагыг тэгж л шийдэх хэрэгтэй. Би энэ байр суурь дээрээ л байдаг.
Яг Ерөнхийлөгчийн хараан дор, байнгын анхааралд байдаг ганцхан хэрэг бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг юм
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар сая хүн асуусан. Энэ хэрэг илрэх ёстой, энэ хэргийг илрүүлэхийн төлөө явах ёстой гэсэн байр суурь дээр би эхний өдрөөс нь байсан. Одоо ч байгаа. Илрүүлэхийн төлөө явж байгаа. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн энэ хэргийн эзэн амьд байна уу, үхсэн байна уу, түүнийг олж тогтоох л ёстой гэдэг энэ байр суурь бол хатуу байр суурь. Энэ хэргийн асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар анх хэлэлцүүлж, тэндээс нууцын зэрэглэлтэй шийдвэр гаргасан. Үүнд хэрэгтэй санхүү, эрх хэмжээ, бүх зүйлийг тэр шийдвэрээр олгосон. Тэр шийдвэрийн хэрэгжилтэд Ерөнхийлөгч өөрөө хяналт тавьж ажилладаг. Яг Ерөнхийлөгчийн хараан дор, байнгын анхааралд байдаг ганцхан хэрэг гэвэл энэ С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг байгаа юм.
Би бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө ямар нэг байдлаар энэ юу болсон юм бэ. Мөрдөн байцаалт, шалгалтын шат нь хаана хүрээд явж байгаа юм бэ гэдгийг ард түмэнд мэдээлэх ёстой гэж боддог. Мэдээлэхийн тулд мэдээж энэ асуудал шүүхээр орж хэлэлцэгдэх ёстой. Үүнийг ямар нэг улс төртэй холбомооргүй байгаа юм. Ямар нэг улс төр, ямар нэг сонгуультай л холбох юм бол буруудаад явчихна. Манайхан улс төр, янз бүрийн юмнаас хэргээ хайгаад, алуурчны хойноос яваагүй учраас л энэ хэрэг удчихсан юм билээ. Эхлээд алуурчныг олох ёстой. Дараа нь бусад асуудлыг шаардлагатай бол ярих шаардлагатай. Тийм юм үнэхээр байгаа бол ярих л байх л даа. Ийм байр суурьтай байгаа. Энэ бол хатуу байр суурь. Цаашдаа ч ийм байх ёстой гэж бодож байгаа.
Бид махны зах зээлд чанараар өрсөлдөх хэрэгтэй
Махтай холбоотой асуултууд гарч байна. ОХУ, БНХАУ руу мах гаргах талаар ярьж байна. Энд нэг зовлон байгаа. Социализмын үед ЗХУ руу мал хөлөөр нь туугаад гаргадаг байсан. Одоо тэр байхгүй болсон. Ариун цэвэр, бусад асуудал гарсан. Тэр хооронд ОХУ-ын иргэд мах идэж л байгаа. Тэр зах зээлийг мах нийлүүлдэг өөр улс орнууд эзэлчихсэн. Шинэ Зеланд, Австрали, Аргентин гэх зэрэг. БНХАУ-ын махны зах зээлийн нэлээд хувь тэндээс ирж байгаа. Нэгэнт зах зээлээ эзлээд, тэндээ үйл ажиллагаа явуулаад тогтчихсон болохоор улс төрийн лобби, бизнес гэдэг юм нь байж байгаа. Түүнийг Монгол Улс очиж шахаж гаргана гэдэг маш хүндрэлтэй. Бид чанараар л өрсөлдөх хэрэгтэй. Бид аажим аажмаар хоёр хөрштэйгээ энэ асуудал дээр ойлголцох, дэмжлэг авах замаар, малынхаа өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг иж бүрэн шийдэх замаар явах ёстой. Монголдоо үйлдэрлэл бий болгож, өндөр технологи нэвтрүүлэх замаар явах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тийм учраас “Бидэнд л мах байгаа. Энэ улсууд яагаад авахгүй байна. Үнэ ийм тийм байна” гэдэг бол бас тийм бодитой мэдээлэл биш шүү.
Сая нэг хүн Хойд Солонгос руу хэдэн мянган үхэр гаргасан гэнэ гэж хэллээ. Хэдэн мянган үхэр гаргасан юм ерөөсөө байхгүй. Хэлэлцээрийн дагуу Дорнодоос Хойд Солонгос руу шинжилгээнд харуулсан 100-гаад үхэр, үхрийн мах нийлүүлсэн. Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөн гэх зэргээр хүндрэлтэй байгаа шүү дээ. Хойд, Өмнөд хоёр Солонгостой хамгийн найрсаг харилцаатай байдаг, хоёуланд нь ЭСЯ-аа ажиллуулдаг цөөхөн орны нэг бол Монгол Улс байдаг. Хоёр Солонгос хоорондоо хэл амаа ололцох хэрэгтэй. Заримдаа Хойд Солонгос пуужин хөөргөж байна, цөмийн пуужин туршиж байна. Болохгүй бол АНУ-ыг ч цөмийн пуужингаар сөнөөнө гээд заналхийлээд байгаа шүү дээ. Үүнийг арай зөөлрүүлэх тал дээр Монгол Улс үүрэгтэй оролцох ёстой гэсэн чиглэл байдаг. Бид Хойд Солонгостой тогтоосон сайн харилцаагаа сайнаар нь авч явах ёстой. Тийм учраас тэнд өөрийн гэсэн малтай, газар тариалантай болъё. Монгол Улс үүн дээр туслаач гээд, зуун хэдэн үхрийн л асуудал бий. Түүнийг аваад явсан. Тэндээ байгаа. Манайхаас малладаг хүмүүс очих барих гээд ажил байгаа. Хэдэн мянган үхрийн асуудал ерөөсөө байхгүй.
Аж ахуйн нэгжийн өмнөөс тодорхой хүн барьж шоронд хийснээр бидний асуудал шийдэгдэхгүй
Гадаадын хүнийг уучилсан асуудлаар нэг хүн асуулаа. Татварын асуудлаар тодорхой аж ахуйн нэгж нь татвараа төлөх боломжтой байгаа бол түүнийгээ л төлүүлж авъя гэж байгаа шүү дээ. Монгол Улсын иргэнд ч адилхан, гадаадын иргэн дээр ч адилхан. Тэр аж ахуйн нэгжийн өмнөөс тодорхой хүн барьж шоронд хийдэг. Хорьдог. Ингэснээр бидний асуудал шийдэгдэхгүй. Ингэснээр Монгол руу орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт, бидэнтэй хамтарч ажиллах улсуудад сайхан сэтгэгдэл төрнө гэж байхгүй. Одоо Монголд орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт улам доошилсоор байгаад бүр 0 хувьтай болж байгаа шүү дээ. Энэ бол Монгол Улс улам алслагдаж, улам эдийн засгийн байдал хүндэрч, улам л бидний амьдрал хэцүү болж үлдэнэ гэсэн үг. Яг үнэндээ орж ирэх гэж байгаа тэр зүйл дээр янз бүрийн хууль тавиад, Монголын нэрийг унагаад хөөж гаргахад нь туслаад байгаа улсууд өнөөдөр тэтгэврээ авч чадахгүй байгаа өвгөний өмнөөс ярихгүй л байгаа шүү дээ. Та 7 сарын тэтгэврээ зээлээр авчихсан. Яаж авах вэ гэхгүй. Жилийн цалингаа зээл болгочихсон сууж байгаа яг тэр хүмүүсийн хувьд орж ирж байсан хөрөнгө, эдийн засгийн өсөлтийг популистууд зогсоосон учраас таны амьдрал өнөөдөр муу байгаа шүү. Таны хүү, охин өнөөдөр ажиллахгүй байгаа шүү. Мөнгө чинь буурсан байгаа шүү. Тиймээс Монгол төгрөгийн инфляци нэмэгдээд байгаа шүү. Үүнийг нэг бодоорой. Монголчууд хэрсүү улсууд, юмыг дүн нуруутай хардаг байгаасай гэж бодож байна. Мэдээж бидэнд хязгаарлах, хамгаалах юм бий.
АСЕМ-ийг Монголд хуралдуулах нь монгол хүн бүрийн амжилт юм
Хоёр том хөршөөр хүрээлэгдсэн улсад гадаад харилцаа, олон улсын нэр хүнд асар чухал байдаг. АСЕМ-ийн талаар хүн асууж байна. Тавь гаруй орны төр, засгийн тэргүүн ирнэ. Мянга гаруй сэтгүүлч, 4000 гаруй албаны хүн Монголд ирэх гэж байна. Есөн төрлийн үйл ажиллагаа, том хурлууд болно. Тэндээс нэг ч болов хүн Монголын нэрийг сайнаар мэдээд гарвал Монголд л хэрэгтэй. Үүний төлөө монголчууд явах ёстой.
Ази, Европ хоёр тивийн хооронд Монгол оршдог. 800 жилийн өмнө монголчууд энэ хоёр тивийг холбож Их гүрэн байгуулж байсан. 810 жил дээр нь өнөөдөр энэ хоёр тивийн удирдагчид Монголд ирж уулзах гэж байна. Энэ бол түүхэн амжилт. Монгол хүн бүрийн амжилт юм. Үүгээр бахархах хэрэгтэй.
Монголын бурхны шашин нэг зүгт харж мөргөдөг, монгол хүнд мөргөдөг байх нь их чухал гэж би боддог
Шашны талаар асууж байна. Хэрэв шашны зарим буруу урсгал, номлол нэвтрүүлэх гэсэн хандлага өөр аргаар, өөр зүйлээр ороод ирсэн байдаг бол үүнийг бид зарим газар хязгаарлах, зарим газарт нь зохицуулалт хийх хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй. Би хувьдаа бурхны шашин, Буддын шашинд итгэдэг. Миний аав үүнд итгэдэг, ээж итгэдэг, ийм л зүйл.
Монголын Буддын шашин өөрийн гэсэн толгойтой болох юмсан. 1911 оны хувьсгалд хамгийн их нөлөө үзүүлсэн наймдугаар Богд Жибзундамба гэж Монголын хамгийн сүүлийн хаан байсан. Энэ хүний дараагийн дүр Монголд ирж, Монгол Улсын иргэн болж байж байгаад таалал болсон. “Миний хойд дүр Монголдоо төрнө. Би монгол хүн болж төрнө. Монгол богд болж төрнө” гэж айлдвараа айлдаад, тамгаа дараад, лүндэнгээ буулгаад, 3 жилийн өмнө шинийн 8-ны өдөр таалал болсныг та бүхэн сайн санаж байгаа байх аа. Энэ хойд дүрийг бид тодруулах ёстой. Манайд олон сүм хийд байгаа. Бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс олон байдаг.
Монголын бурхны шашин нэг зүгт харж мөргөдөг, монгол хүнд мөргөдөг байх нь их чухал гэж би боддог. Аль нэг оронд Монголын богдыг тодрууллаа гээд манай хүмүүс тийшээ цуваад байж болохгүй. Энэ бол манай соёлтой, бие даасан байдалтай холбоотой нарийн бодлого юм шүү гэдгийг хэлье. Бид энэ чиглэлд маш их нарийн ажлууд хийж байгаа. Энэ бол Монголын ард түмэн, бидний хойч үед сайн сайхныг авч ирнэ. Бид бурхны шашныг дээдэлж явах ёстой гэж боддог. Бусад шашинд мэдээж хүндэтгэлтэй хандах ёстой" гэлээ.
Хөвсгөл аймгийн иргэдтэй хийсэн уулзалт хоёр цаг хагас үргэлжлэв. Иргэдтэй хийсэн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржйн Хөвсгөл аймаг дахь томилолт өндөрлөж мөн өдрийн орой нийслэлийг зорив.
ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN
Холбоотой мэдээ