Хөл хорио тогтоосноос хойш хагас сарын хугацаа өнгөрөөд байна. Цар тахлын аюул дотоодод нүүрлэсэн энэ үед монголчууд covid-19 халдвараар бус спиртэд хордож амиа алдахад хүрчээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө /2020.12.05/ Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд технекийн спирт уусан долоон хүний дөрөв нь амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Харин үлдсэн гурав нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй. Биеийн байдал нь тийм ч сайнгүй байгаа гэх.
Олон нийтийн сүлжээнд иргэд архи, пиво "үгүйлж", шагчдын гараар дамжсан дэлгүүрийн архи, пивоны үнэ ч тэнгэрт хадаад удлаа.
УОК-оос хөл хорионы дэглэмийг сунгахтай зэрэгцэн согтууруулах ундааны хэрэглээ, худалдааг хориглоод 20 гаруй хоног өнгөрч буй. Гэвч энэ архи, пивоны эрэл, сурал болсон иргэд, ашиг хонжоо хайсан шагчдын аль аль нь хөл хориогүй мэт аашилж байна.
"ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ӨДӨРТ ДУНДЖААР 90-100 ХҮН ХОНОЖ БАЙНА"
Хорио цээрийн хугацаанд баар цэнгээний газрууд хаалттай, дэлгүүрүүд архи пиво зарах нь хориотой атал эрүүлжүүлэхэд хоногт 90-100 гаруй хүн хонож байна.
Согтуурсан үедээ саатуулагдсан иргэд ихэвчлэн нэрмэл болон брашик исгэж уусан гэх тайлбарыг цагдаа нарт хэлдэг аж. Хөл хорионы үед эрүүлжүүлэх байранд согтуу хүмүүсийн хөл татарсангүй. Харин ч ихсэх хандлагатай.
Цагдаагийн байгууллагад гар дээрээс архи худалдан борлуулахыг завдсан 20-30 зөрчил хоногт бүртэгддэг ч ердөө баригдсан нь л энэ. Үүний цаана хорио цээрийг далимдуулсан шагчид борооны дараах мөөг шиг олшрох болов. Цагдаагийн байгууллагаас гар дээрээс архи худалдан борлуулсан иргэдэд дараах хариуцлага тооцсон байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээлснээр хөл хорио тогтоосноос хойш согтууруулах ундаа гар дээрээс худалдан борлуулсан нийт 269 зөрчил бүртгэгджээ.
Зөрчил гаргасан иргэдийн тухайд цахим орчин ашиглах, хүнсний дэлгүүрүүд танил талаараа архи дамлан худалдаалах нь түгээмэл гэнэ. Үүнийг дагаад хөл хорионы үед ахуйн хүрээний архидалтыг дагасан гэр бүлийн хүчирхийлэл ч ихсэх хандлага байна.
Цагдаагийн байгууллгаас энэ төрлийн гэмт хэрэг ердийн үеийнхээс буурсан ч архидан согтуурсантай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буйг онцолсон. Сүүлийн долоо хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллээс харахад хоногт дунджаар 50-68 дуудлага бүртгэгджээ. Харин цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй хэчнээн айл нулимстай шөнөөр үүр цайлгаж, өдөр хоногийг өнгөрөөж буй нь тодорхойгүй.
ШАГИЙН АРХИ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЗӨРЧИЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Дээрх асуудлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөнтэй цөөн хором ярилцлаа.
-Хөл хорионы үед согтууруулах ундааг хориглосон ч эрүүлжүүлэхэд 90-100 хүн хонож байгаа нь өндөр үзүүлэлт байх шиг?
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж , хөл хорио тогтоосноос хойш гэмт хэргийн зөрчил буурсан. Ердийн үед 200-250 хүн эрүүлжүүлэхт хонодог байсан бол хөл хорионы үед хоногт дунджаар 90-100 хүн хонож байна. Саатуулагдсан иргэдийн тухайд “архиа аваад хадгалсан байсан, брашик эсгэсэн, хөдөөнөөс идэшний махтай хамт шимийн архи ирсэн зэрэг тайлбар өгч байгаа ч хяналт шалгалтаар тогтооно. Ийм зөрчлийн шалтгааныг олж, хаанаас архи согтууруулах ундаа худалдан авсан болон борлуулсныг илрүүлж тогтоохоор ажиллаж байна.
-Хөл хорио тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гар дээрээс архи дамлан борлуулсан хэчнээн зөрчил бүртгэгдсэн бэ. Шагийн архи зарсан хэчнээн хүн аж ахуй нэгжид хариуцлага тооцов?
-Хөл хорио тогтоосноос хойш согтууруулах ундаа гар дээрээс худалдан борлуулсан нийт 269 зөрчил бүртгэгдсэн. Шагийн архи зарсан 14 хүнийг шүүхээр баривчлуулсан. Цагдаагийн байгууллагаас хоногт согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх 20-30 зөрчил илрүүлж байна. Согтууруулах ундаа худалдан борлуулах, хэрэглээг хориглосноос хойш шагийн архи худалдах зөрчил нэмэгдэх хандлагатай байна.
Энэ сарын 5-нд согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх 21 зөрчил илрүүлсэн бол маргааш нь /2020.12.06/ энэ тоо өсч 31 болсон. Хувь хүнээс гадна хүнсний дэлгүүрүүд нууцаар архи зарж байна. Цахимаар болон танил талаараа шагийн архи заруулсан зөрчил их. Гэхдээ иргэд ямар ч нөхцөлд байсан таван шил архи зарж ашиг олохын төлөө таван сая төгрөгөөр торгуульж болохгүй гэдгийг анхааруулъя.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд ямар нэгэн хяналтгүй зүйл гэж байхгүй. Тиймээс ямар нэг хууль бус үйлдлийг цагдаагийн алба хаагчид мэдэхгүй өнгөрнө гэж ойлгох болохгүй.
-Гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил гаргасан иргэдийн тухайд ямар тайлбар хэлж байна?
-Шагийн архи дамлан худалдааж буй хүмүүс ихэвчлэн орлогогүй, мөнгөгүй болж байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэвч энэ нь ч хууль зөрчиж орлого олох нь зөв үү гэдэгт асуудал байгаа юм. Иймд нөхцөл байдлаа иргэд харах хэрэгтэй. Муугаар бодоход архи шаглаж байгаад халдвар авбал яах вэ, улмаар халдвар хамгааллын дэглэм алдагдвал юу болох вэ гэдгийг маш сайн бодолцох ёстой.
-Төв аймгийн Заамарт технекийн спирт 7 хүн ууж, дөрөв нь амиа алдсан. Цар тахлын үед иргэд ковидоор биш спиртэд хордож амиа алдаж байгаа юм бишүү?
-Технекийн спиртэд хордож амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар би мэдээлэх эрхгүй. Гэхдээ согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон энэ үед иргэд ямар нэгэн байдлаар архи, согтууруулах ундааг эрэлхийлснээс болж ийм золгүй хэрэг гарлаа.
Тиймээс иргэд стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэж амь насаа хохироож болзошгүйг анхааруулъя. Хувиараа архи найруулж, үйлдвэрлэж болохгүй. Энэ нь коронавирусээс ч илүү амиа алдах аюултай.
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хэр бүртгэгдэж байна вэ?
-Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгддэг гэх ташаа ойлголт нийгэмд байна. Угтаа бол гэр бүлдээ цаг гаргах, үр хүүхдүүдтэйгээ хамт байх, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах боломжийг хөл хорио олгож байна. Тиймээс ч гэр бүлийн хүчирхийлэл эрүүл үед үйлдэгдсэн байх нь маш цөөн. Хатуу хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүирхийлэл 60-70 хувь буурсан ч энэ төрлийн хэрэг гарсаар байгаа. Цагдаагийн байгууллагад хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 50-60 дуудлага бүртгэгддэг. Үүний 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан байдаг. Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундаа олоод хэрэглэчихсэн байгаа юм.
-Хөл хорионы үед иргэдийг гэртээ байхыг сануулж байгаа ч нэгнийдээ зочилсон, амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг гомдол мэдээлэл иргэдээс хэр их ирж байна вэ?
–Оройн цагаар иргэдээс унтуулж амраахгүй байна, амгалан тайван байдал алдагдуулсан гэх гомдол мэдээлэл иргэдээс ирүүлдэг. Үүнийг тухай бүрт цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн хөл хорионы үед нэг машинд олноороо зорчиж буй тохиолдол бүртгэгдсэн.Үүнийг тухай бүрт нь ямар зорилгоор хаашаа зорчиж байна вэ гэдэгт хяналт тавьж, хүн бүрийн иргэний үнэмлэхийг шалгаж байгаа. Гэхдээ хүнсний дэлгүүрийн борлуулагч ажилтнуудаа гэр гэрт нь хүргэж өгөх, ажил руу зөөх тохиолдол гарч байна.
-Хөл хорионы үед иргэдийг хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад газраар явахыг хориглож гэртээ байхыг сануулж буй. Хатуу хөл хорионы эхний өдрүүдэд гудамж талбай эл хуль байсан бол сүүлийн үед иргэдийн хөдөлгөөн ихэсч байх шиг байна. Үүнд ямар хяналт тавьж байна вэ. Иргэд ихэвчлэн ямар шалтгаанаар гадуур зорчдог вэ?
–Засгийн газрын тогтоолоор 18 байгууллагын алба хаагчдад хязгаарлалт тогтоохгүй. Явганы болон автомашинтай хөдөлгөөнд оролцож болно. Үүнд автомашины тусгай зөвшөөрөл буюу QR код, байгууллагын тодорхойлолтыг нь шалгаж байна. Харин иргэдийн тухайд онцын шаардлагагүй гадуур зорчих тохиолдол гарч байна. Гадуур зорчиж буй шалтгаан, үндэслэлээ тайлбарлаж чаддаггүй.
Тухайлбал, Яармагаас долоон буудал руу ээж, ахындаа очиж байна гэдэг. Зарим нь худлаа хэлэх тохиодол ч цөөнгүй. Зохиомлоор ах эгч, ээж, аавынхаа биеийг нь муутгадаг, эрүүл саруул хүнийг өвтгөдөг. Аав, ээж, ах, эгч маань хүнд өвдсөн яаралтай очихгүй бол болохгүй гэж хэлдэг. Гэтэл ар гэрийнхэнтэй нь холбогдоход эрүүл саруул байдаг.
Хэрэв үнэхээр эмнэлгийн тусламж шаардлагатай бол утсаар дуудлага өгөх хэрэгтэй. Үүнийг Эрүүл мэндийн яамнаас ч бас зөвлөж байгаа. Мөн эмнэлэгт цаг авсан гэдэг.Ийм зөрчил дутагдал бүрт бид аль болох торгууль ногдуулахгүй, зөвлөж анхааруулж байна. Иргэд хөл хорионы дэглэмд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барьж, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэх зэргээр иргэнийхээ үүргийг ухамсарлах хэрэгтэйг сануулъя гэлээ.
СОГТУУРУУЛАХ УНДААГ ХҮМҮҮС СТРЕСС ТАЙЛАХ ХЭРЭГЦЭЭГЭЭ БОЛГОСОН БАЙГАА НЬ СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ
Хорио цээрийн дэглэмийн үед согтууруулах ундааг хориглох нь иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг талаар сэтгэлзүйчийн байр суурийг сонирхов.
Сэтгэлзүйч доктор Б.НОМИН:
-Хүн бүр стрессээ ямар нэгэн байдлаар гаргадаг. Сэтгэл хөдлөлөө дардаг хүмүүс стрессээ архи, пиво, вино зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргаж, тайвширдаг байж болно. Монголчууд эрэгтэй хүүхдийг нялхаас нь уйлдаггүй юм гэх зэргээр өөрийгөө илэрхийлэх сэтгэл хөдлөлийг нь дарчихдаг. Улмаар тухайн хүүхэд насанд хүрээд сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлдэггүй болчихдог сул тал бий. Үүнийгээ согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэж тайлдаг, илүү нээлттэй, баяр баясгалантай болох зэргээр стрессээ тайлдаг байхад ор тас хориглочихоор уур бухимдал үүснэ. Бухимдаж эхэлнэ, гэр бүлийнхнээсээ өө сэв хайх зэргээр асуудал үүсгэж, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ стрессээ гэр бүлдээ гаргахыг ч үгүйсгэхгүй.Энэ нь согтууруулах ундааг хориглосонтой холбоотой гарч буй сөрөг үр дагавар.
Архи, согтууруулах ундааны зүйл нь хүмүүсийн хувьд стресс тайлах нэг зүйл нь болчихсон. Хэрэгцээгүй атлаа үнэтэй хувцас, үнэтэй тураах бүтээгдэхүүн худалдан авах нь донтолтын нэг хэлбэр. Үүнтэй адил согтууруулах ундаа хүмүүсийн стресс тайлах нэг хэрэгцээ болсон.
Стрессээ тайлж сэтгэл хөдлөлөө барих талтай. Нөгөө талаас олон нийтийн сүлжээнд иргэд архи, пиво үгүйлсэн хандлага ажиглагдаж байна. Энэ нь архи согтууруулах ундаа өөрийн хэрэгцээнд үнэхээр хэрэгтэйдээ бус бусдын бичсэн, ярьсан зүйлийг тархи хүлээн авч хүлээлт үүсгэдэг. Үүнээс үүдэн өөрт хэрэгцээгүй байсан ч хэрэгтэй байгаа мэт хүлээн авдаг. Тархинд мартагдсан зүйлийг эргэн сануулж, сэдээлт өгч байгаа нь өөрөө сэтгэл зүйн халдвар юм гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ